Friday, September 28, 2012

Улсын хөгжил юунаас эхлэх вэ?

Улсын хөгжил юунаас эхлэх вэ?

Энэ удаа энэ нэгэн энгийн ойлгомжтой асуултыг өөртөө тавьж үзэхээр шийдлээ. Бүх хүн л хариулдаг. Өөрөөс л гэдэг. Тун энгийн бөгөөд хэнд ч ойлгомжтой хамгийн сайн хариулт. Гэтэл манай улс хөгжиж байна уу? Гадуур гэмт хэрэг багасч байна уу, хагарсан эвдэрсэн зарлалын самбарууд цөөрч байна уу гэвэл мэдээж үгүй. Харин улам л олшроод байх шиг санагдах юм. Өдөр хоногоо яаж өнгөрөөе дөө гэсэн хүмүүс тун ч их байна даа. Цалин нь газарт, юмных нь үнэ тэнгэрт байдаг ийм улсын хүмүүс ухамсрын болоод улсын хөгжилдөө анхаарах цаг бараг үгүй хэдий ч бас бүтэхгүй зүйл биш юм.
Улсын маань хөгжил тэгээд хаана байнаа?
Тун энгийн. Зүгээр л таны эрхэлж буй ажилд байдаг. Та ажлаа л чин үнэнчээр хийж, гэр бүлдээ эцэг шиг эцэг, ээж шиг ээж, үр шиг нь үр байхаас л шалтгаална. Нэг үгээр хэлэхэд нөгөө л танд байна гэдэг шиг. Япон оронд очоод би бөгтийсөн нуруутай эмээ, өвөө нарыг хараад өөрийн эрхгүй бахархсан. Ямар сайхан хөгжил, ямар сайхан улс, нийгмийг бүтээж чадаа вэ тэдгээр хөгшчүүд. Үнэхээр зовлон үзсэн хүмүүс шүү дээ. Эрхэлсэн ажилдаа үнэн сэтгэлээсээ хандаж байдаг эдгээр хүмүүс "Би энэ энэ улсын хөгжлийн түлхүүр" гэдэг зүйлийг үнэхээр яс махандаа шингэтэл ойлгосон юм байна лээ. Улсынхаа хөгжлийг нуруун дээрээ үүрч явна гэдэг үгийг Монголчууд зүгээр ч нэг зохиогоогүй гэсэн сэтгэгдэл яахын аргагүй төрж байлаа.
Манай Монголын эмээ, өвөө нар ч мөн ялгаагүй үнэхээр хатуу бэрх цагийг туулж үр хүүхдүүд бидэндээ энэ сайхан Монгол орныг үлдээжээ. Нуруун дээрээ бөгтийтлөө үүрээд ирсэн энэ сайхан улсыг одоо бидний үеийн залуучууд үүрэх цаг нь иржээ. Эрхэлсэн зүйлдээ л үнэнч, гэхдээ бас тал талын авъаястай, соёлч боловсон сайхан хүмүүсийг, сайхан нийгмийг бүгдээрээ энэ үедээ л бүтээцгээе л дээ. Оюутан залуу хүн та сурч боловсрохдоо л бүх анхаарлаа хандуулж, замын цагдаа та зөвхөн хамгийн сайнаар хөдөлгөөнөө зохицуулж, жижүүр хүн та хамгийн эелдэгээр мэндэлж байхад л Монгол улс маань тэр хөгжил гэж яриад байгаа зүйлд дорхноо л хүрнэ шүү дээ.