Sunday, November 25, 2012

Өрөвдөлтэй Түвд улс

Энэ Түвдүүд үнэхээр өрөвдөлтэй улс юм. Хятадаас хараат биш, тусгаар улс болохын төлөө уг нь тэмцээд л байгаа юм. Даанч энэ тэмцэж байгаа хэлбэр нь үнэхээр тэнэг хэлбэр. Өөрийгөө шатааж зулын гол болгоно гэдэг бол аль ч улсын тэмцэлд байгаагүй байх. Саяхан 19 -хөн настай залуу өөрийгөө зулын гол болгожээ. Хайран сайхан залуу, хайран амь. 

Хятадын хамгийн амжилттай гадаадад хийсэн дайн нь 1951 оны Түвдийг эзэлж авах дайн байсан гэдэг. Үүнээс хойш Түвдүүд эсэргүүцэж байсан ч Түвдүүдийн бослого нам дарагдсаар л байсан. Бүр хэд хэдэн мянган Түвд хүмүүс ор сураггүй болсон гэсэн мэдээллүүд ч байдаг. Шоронд хорихыг нь хориод, цаазлахыг нь цаазалсан биз ээ. 620 -иод оноос 840 он хүртэл Түвдийн эзэнт улсыг байгуулж хүчирхэг явсан ард түмэн яагаад ийм байдалд хүрэв ээ. Шалтгаан нь мэдээж хэт их шашинд автсан явдал. Түвдийн ард түмэн шашнаасаа болж үнэхээр хүлцэнгүй, ноомой ард түмэн болсон. Эх орныхоо төлөө тэмцсэнээс шууд л өөрийгөө шатаагаад нүд аньчихсан нь дээр гэж үздэг бололтой. Өдөр ирэх тусам өөрийгөө шатаагаад байна гэдэг нь Түвдийхээ төлөө цохилох нэгэн зүрхээ л үгүй хийж байна гэсэн үг бус уу. Үүнийгээ бас ариун үхэл гээд нэрлэчихдэг шиг байгаа юм. Ирээдүйгээсээ зугтаж байгаа өөдгүй, хувиа хичээсэн бодол гэж энэ байх. Бүр Хятадын эсрэг тэмцдэг хүн нь бас өөрийгөө шатаачихсан гэсэн мэдээ хүртэл гарч байсан. Хүмүүсээ нэгтгэж, уриалан дуудаж байх ёстой хүн нь буугаад өгчихөөр энэ улс яаж тусгаар тогтнохов дээ. 
Бидний өвөг дээдэс хэзээ ч ингэж бууж өгч өөрийнхээ амийг хороож байгаагүй. Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нар бид Хятадын дарлалаас гармаар байна гээд өөрийгөө шатаачихсан бол юу болох байсан бэ. Тэгсэн бол бид одоо яг Хятадын нэгэн муж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Эдгээр хүмүүс харин хэрэгтэй үед нь амиа золих сэтгэлтэй байсан юм. Байлдаж байгаад, тэмцэж байгаад үхэх байсан.
Үүнээс үзвэл нэгдүгээрт бид хэзээ ч бууж өгөх ёсгүй. Ямарваа нэгэн зүйлийг эхэлсэн л бол эцсийг нь хүртэл явах хэрэгтэй. Муу дүн авчихлаа гээд 9 давхараас нисээд үхчихвэл хэн ч тэнэг гэж хэлнэ. Харин муу дүн авсан бол хичээж байгаад сайн дүн авах хэрэгтэй. Юунд ч бууж өгөхгүй явбал амжилтанд заавал хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Хоёрдугаарт хэт итгэл үнэмшил гэдэг нь хүнийг номхон ноомой, ертөнцийг олон талаас харж чадахгүй байдалд хүргэнэ. Тийм учраас нэгэн зүйлд хэт үнэмшилгүйгээр олон зүйлийг сонирхдог байж олон талаас нь дүгнэж, бусдын бодлыг хүндэтгэж, шинжлэх ухаанч өөрийн гэсэн бодолтой байх нь зөв болов уу.
Түвд шиг битгий л өөрийгөө өрөвдүүлээрэй. Амжилтанд заавал хүрээрэй залуучуудаа.

Sunday, November 18, 2012

Манай юм бол Манай л юм

Монголд В.И.Ленины хөшөөг буулгажээ. Үүнд хүмүүс янз янзаар хандаж байна. Зарим нэг хүмүүс манай гадаад нэр хүнд уналаа энэ тэр гэнээ. Улс дотроо байгаа зүгээр л нэг хөшөөг буулгахаар манай гадаад нэр хүнд уначихдаг юм байлгүй. Бидний хөшөөгөө буулгана уу буцаагаад барина уу ер нь хэнд хамаатай юм. Бараг л Хятад, Орос 2 -той зөвшилцөж байж буулгах ёстой байсан юм гэж байна. Манай улс тусгаар улс юм уу автономит улс юм уу ер нь юу юм. Арай ч дээ. Ийм биеэ даасан шийдвэр гаргаж чадахгүй арчаагүй хүмүүс байдаггүй юм болов уу гэсэн чинь байдаг л юм байна. 1945.10.20 -ны бүх нийтийн санал асуулгаар бидний өвөг дээдэс, эмээ өвөө нарын хэн нь ч Хятадын колони гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй юм шүү гэдгийг сануулах нь илүүц биз. Санал хураалтын ирц түүхэн дэх хамгийн өндөр хувь буюу 98.4 хувийн ирцтэй байсан гэдэг. Өнөөдрийн манай Монгол улс их гүрнүүдийн аливаа дээрэнгүй бодлогыг хүлээн зөвшөөрөхгүй байх хэрэгтэй. Монголын тал шатахуунаа хямдруулаад өгөөч гэхээр Оросын тал Монголд заавал 100 шатахуун түгээх станц барина, тэгвэл хямдруулж болно гэсэн ийм дээрэнгүй үзлийн эсрэг байх хэрэгтэй. Миний хувьд даяарчлалыг бүрэн дэмждэг ч бас тодорхой хэмжээнд Дангаарчлал байх хэрэгтэй. Улс оронд болж буй үйл явдал манай улсын иргэдэд ашигтай, хүний эрхийг зөрчөөгүй байвал гадны улсуудад ямар ч пад байхгүй. Тэглээ гээд Монголчууд гадны иргэдийг хэзээ ч ад үздэггүй. Маш сайхан жишээ бол Дэлхийн II дайны үед Монголчууд ЗХУ -д тусламжийн ээлжит цуваагаа явуулах гэж байхад нэгэн эмээ "Ялж байгаа Зөвлөлтийн талд хонь, ялагдаж байгаа Гитлерийн Германы талд үхэр өгнөө" гэж хүртэл ярьж байсан байдаг. Арьс өнгөөр ялгаварлах үзэл, бусдаар боолын хөдөлмөр хийлгэх зэрэг нь Монголын түүхэнд хэзээ ч байгаагүй. Энэ бол Монгол хүний онцлог. Монгол соёл. Одоо ч гэсэн бид дэлхийн тавцан дээр нэр хүнд маш сайтай байдаг. Монгол улс маань аливаа зүйлд ажиглагч байр сууринаас эсвэл зуучлагч байр сууринаас хандсаар ирсэн. Өнөөдөр гэхэд л Хойд Солонгос, Япон улсуудын уулзалт манай улсад болж байна гэж байна. Тэд эмзэг асуудлуудаа Монголын талын оролцоотойгоор ярилцаж байна. 
Манай Монгол орон бол тийм том орон бишээ. Бид 2 их хөршийнхөө дунд найрсгаар, учир зүйгээ олоод амьдарч болоод л байна. Цаашдаа ч найрсаг харилцаа маань үргэлжлэнэ гэдэгт ч итгэлтэй байна. Харин зарим нэг зөвхөн манай оронд л хамаатай асуудлуудыг дэвэргэлгүй өөрсдийнхөө шийдвэрээр хийчихэж байя. Бид хэдхэн жилийн дараа хөгжингүй орон болохын цагт буурай хөгжилтэй мөн бидэнд чин сэтгэлээрээ тус болж явсан бусад улс үндэстнүүддээ ямар их туслах болоо. Монгол бол их зөөлөн, их өрөвч, их эрмэлзэл дүүрэн улс юм шүү.
Эцэст нь аливаа нэг хүн та хаанахын хүн бэ гэж асуувал эргэлзээ тээнэгэлзээ байхгүйгээр "Би Монгол хүн" гэж хэлэхдээ дотроо "Би тусгаар Монгол улсын эрх чөлөөт иргэн, зарим нэг зүйлээ хэнээр ч заалгахгүй хийчих чадвартай ухаалаг хүн" гэж шивнэж байя.

Sunday, November 11, 2012

Танил тал

2012.09.26 -ны Б.Алтантуяа багшийн Макро ЭЗ -ийн хичээл
Өнөөдөр манай багшийн хэлсэн үг их таалагдлаа. Монголчууд "Манайхан танил талаа ажилд авдаг" гээд буруу зүйл мэт ярьдаг гэх. Багшийн тайлбарласнаар бол хүн мэдээж сайн мэддэг хүнээ ажилд авахыг хүсдэг. Ямар хүн нь мэдэгдэхгүй хүнийг хүмүүс ажилд авахгүй биз дээ. Урьд нь ажиллаж байсан ажлын газрын тодорхойлолтоо авч ир гэдэг чинь тухайн хүнээ танихын тулд л биз дээ гэж хэлсэн. Энэ нь мэдээж үнэн юм. Би л лав үүнтэй шууд санал нийлсэн. Та ч бас санал нийлэх байх. 
Гэвч бид өрсөлдөх боломжоос хэн нэгэнд нь давуу эрх олгож ажилд оруулах, танил талаа ажилд оруулах гэдэг зүйлийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Хүн хүнээ таньж байж л итгэж, ажил хийлгэнэ. Хэзээ ч гудманд яваа нэг нөхрийг авчраад ажилд авна, оруулна гэсэн ойлголт байхгүй. 
Миний сонссоноор өндөр хөгжилтэй гэх Япон оронд хүртэл оюутнуудыг цагийн ажилд авахдаа ажиллаж байгаа хэн нэгэн ажилтнаараа дамжуулж ажилд авдаг гэсэн. Огт мэдэхгүй хүн байсанаас хальт гадарладаг хүн байсан нь хавьгүй дээр юм. Мэдээж хүн иймэрхүү тохиолдолд аль болох итгэлтэй найдвартай хүнээ авчирч танилцуулж ажилд оруулна. 
Ийм учраас найзуудаа, ирээдүйн захирал, хүний нөөцийн менежерүүдээ сайн судалсан, сайн таньж мэддэг хүнээ ажилд аваарай.