Sunday, November 25, 2012

Өрөвдөлтэй Түвд улс

Энэ Түвдүүд үнэхээр өрөвдөлтэй улс юм. Хятадаас хараат биш, тусгаар улс болохын төлөө уг нь тэмцээд л байгаа юм. Даанч энэ тэмцэж байгаа хэлбэр нь үнэхээр тэнэг хэлбэр. Өөрийгөө шатааж зулын гол болгоно гэдэг бол аль ч улсын тэмцэлд байгаагүй байх. Саяхан 19 -хөн настай залуу өөрийгөө зулын гол болгожээ. Хайран сайхан залуу, хайран амь. 

Хятадын хамгийн амжилттай гадаадад хийсэн дайн нь 1951 оны Түвдийг эзэлж авах дайн байсан гэдэг. Үүнээс хойш Түвдүүд эсэргүүцэж байсан ч Түвдүүдийн бослого нам дарагдсаар л байсан. Бүр хэд хэдэн мянган Түвд хүмүүс ор сураггүй болсон гэсэн мэдээллүүд ч байдаг. Шоронд хорихыг нь хориод, цаазлахыг нь цаазалсан биз ээ. 620 -иод оноос 840 он хүртэл Түвдийн эзэнт улсыг байгуулж хүчирхэг явсан ард түмэн яагаад ийм байдалд хүрэв ээ. Шалтгаан нь мэдээж хэт их шашинд автсан явдал. Түвдийн ард түмэн шашнаасаа болж үнэхээр хүлцэнгүй, ноомой ард түмэн болсон. Эх орныхоо төлөө тэмцсэнээс шууд л өөрийгөө шатаагаад нүд аньчихсан нь дээр гэж үздэг бололтой. Өдөр ирэх тусам өөрийгөө шатаагаад байна гэдэг нь Түвдийхээ төлөө цохилох нэгэн зүрхээ л үгүй хийж байна гэсэн үг бус уу. Үүнийгээ бас ариун үхэл гээд нэрлэчихдэг шиг байгаа юм. Ирээдүйгээсээ зугтаж байгаа өөдгүй, хувиа хичээсэн бодол гэж энэ байх. Бүр Хятадын эсрэг тэмцдэг хүн нь бас өөрийгөө шатаачихсан гэсэн мэдээ хүртэл гарч байсан. Хүмүүсээ нэгтгэж, уриалан дуудаж байх ёстой хүн нь буугаад өгчихөөр энэ улс яаж тусгаар тогтнохов дээ. 
Бидний өвөг дээдэс хэзээ ч ингэж бууж өгч өөрийнхээ амийг хороож байгаагүй. Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нар бид Хятадын дарлалаас гармаар байна гээд өөрийгөө шатаачихсан бол юу болох байсан бэ. Тэгсэн бол бид одоо яг Хятадын нэгэн муж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Эдгээр хүмүүс харин хэрэгтэй үед нь амиа золих сэтгэлтэй байсан юм. Байлдаж байгаад, тэмцэж байгаад үхэх байсан.
Үүнээс үзвэл нэгдүгээрт бид хэзээ ч бууж өгөх ёсгүй. Ямарваа нэгэн зүйлийг эхэлсэн л бол эцсийг нь хүртэл явах хэрэгтэй. Муу дүн авчихлаа гээд 9 давхараас нисээд үхчихвэл хэн ч тэнэг гэж хэлнэ. Харин муу дүн авсан бол хичээж байгаад сайн дүн авах хэрэгтэй. Юунд ч бууж өгөхгүй явбал амжилтанд заавал хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Хоёрдугаарт хэт итгэл үнэмшил гэдэг нь хүнийг номхон ноомой, ертөнцийг олон талаас харж чадахгүй байдалд хүргэнэ. Тийм учраас нэгэн зүйлд хэт үнэмшилгүйгээр олон зүйлийг сонирхдог байж олон талаас нь дүгнэж, бусдын бодлыг хүндэтгэж, шинжлэх ухаанч өөрийн гэсэн бодолтой байх нь зөв болов уу.
Түвд шиг битгий л өөрийгөө өрөвдүүлээрэй. Амжилтанд заавал хүрээрэй залуучуудаа.

No comments:

Post a Comment