Wednesday, July 31, 2013

Соёл-Эрдэм дээд сургуулийн оюутан

Зуны зугаатай цаг ирлээ Соёл-Эрдэмийн оюутнуудаа. Манай сургууль бидэнд дүүрэн боломж олгож байдаг шүү. Хүн ер нь ямар нэгэн боломжийг маш санаандгүйгээр гартаа оруулах үе олон байдаг. Мөн ямар нэгэн боломжийн тухай санаандгүйгээр олж мэдэх нь ч олон байдаг. Би та хэдтэй зүгээр л өөрт бодогдож байгаа зүйлээ хуваалцъя гэж бодлоо.
Соёл-Эрдэм Дээд Сургуулийн давуу тал юунд байдаг вэ. Миний бодлоор манай сургууль ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг их дээд сургуулиудаас үнэхээр хол тасархай гэж хэлмээр байна. Би сургуулийнхаа Шилийн Булаг жуулчны талаар яриагаа эхлэе гэж бодож байна. Одоо ингээд бодоход үнэхээр маш сайхан дурсамжууд маань энэ л жуулчны баазтай холбоотой. Хамгийн сайн найзуудаа ч энэ л бааз дээрээс олсон. Манай сургуулийн оюутнуудын Япон хэлний мэдлэгээ жинхэнэ шалгаж болохоор газар гэж хэлмээр байна. Яагаад гэвэл бааз дээр бид шууд япон хүмүүстэй харьцдаг. Мөн дээд курсын ах эгч нараасаа маш олон зүйлийг сурч авдаг. Баазын үйл ажиллагаа хэрхэн явагдах нь шууд л сэнпай (дээд курсын ах эгч) нараас хамаарна. Өнөө үеийн залуучууд бид чинь өөрсдийгөө Монгол гэж цээжээ дэлдэх мөртөө Монголд амьдарч байгаа гадаадууд аятай үндэснийхээ соёл, уламжлалыг сайн мэддэггүй шүү дээ. Миний хувьд ч ялгаагүй л байсан. Бүр монголынхоо талаар Монголд ирж байгаа жуулчдаас ч дор мэдлэгтэй, ядаж л морь унаж чаддаггүй байсан. Морь малын тухай ямар ч ойлголт байхгүй хүн байлаа шүү дээ. Үнэхээр ичмээр. Харин аз болж Соёл-Эрдэм сургуульд орсноороо одоо япон хүмүүст ядаж л нүүдэлчин ахуйн талаар танилцуулах мэдлэгтэй болж авсандаа баярладаг. Хөдөө айлд хоноход яг л гадаадад байгаа юм шиг сэтгэгдэл төрж байсан энэ бол үнэхээрийн үнэн. 
Хоёрдугаарт манай сургуулийн 3 сараар Япон улс руу хэлний дадлагаар явуулах програм. Энэ бол ёстой том боломж шүү. Хөгжингүй улсын нууц нь хаана байдгийг энэ 3 сарын хугацаанд л мэдэж авах болов уу. Хөгжингүй улс гэдгийг зүгээр л хөдөлмөрч улс гээд ойлгочиход болно. 3 сараар явахдаа өөрсдөө маш сайн ойлгоно гэдэгт итгэлтэй байна. Бөгтөр бөгтөр эмээ өвөө нарыг хараад энэ л хүмүүс улс эх орноо нуруундаа үүрч ирсэн учраас ийм бөгтөр болсон юм байна даа ч гэж бодогдож байлаа. Мөн мэдээжийн зүйл бол 3 сарын хугацаанд Япон хэлний мэдлэг тань үнэхээрийн шинэ түвшинд гарна гэдэгт итгэлтэй байна. Өөрийн хичээл зүтгэл бас маш чухал шүү.
Дараагийн нэг сайхан давуу тал бол Японы олон их дээд сургуулиудтай маш сайн харилцаатай байдаг явдал юм. Манай сургуулиас маш олон оюутан Япон улсад суралцдаг юм шүү дээ. Саяхан болж өнгөрсөн Япон дахь Монголчуудын "Хаврын баяр" -т оролцоод сургуулийнхаа оюутнуудтай уулзаад "Манай сургуулиас ямар олон оюутнууд байдаг юм бэ" хэмээн бодогдож байсан. Ер нь л сургуульдаа баярлалаа гэдэг үгийг энэ бичлэгээрээ хэлэхийг үнэхээр хүсч байна. Одоо би Япон улсын Ообэрин их сургуульд тэтгэлэгээр сурч байна. Энийг уншиж байгаа таньд ч гэсэн маш их боломж байдаг юм шүү. Зөвхөн хичээл биш сургууль нийтийн, нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцсоноор та өөрийгөө ч хөгжүүлнэ, багш нар ч таныг дэмжинэ. Хичээлдээ ч мөн шамдах хэрэгтэй. Үүнийг зөвхөн найзууддаа ч биш манай сургуульд шинээр элсэн суралцах эсэхээ шийдэж ядаж байгаа дүү нартаа ч гэсэн зориулж байгаа юм шүү. 
Жицүрёкү гэдэг япон үг байдаг. Энэ нь жинхэнэ болон хүч чадал гэсэн ханзнаас бүрддэг үг бөгөөд монгол хэлэнд буулгавал жинхэнэ хүч чадал гэсэн үг. Үүнийг л манай сургууль маш сайн дүгнэдэг гэдгийг хэлмээр байна. Таньд байна шүү дээ, яг надад л байсан боломж нээлттэй байгааг дахин дахин сануулж хэлмээр байна. Бидний боломж яг адилхан "Тэг" -ээс эхэлдэг.
Эцэст нь намайг хэн ч үүнийг бичээч гэж хэлээгүй бөгөөд би зүгээр л сургуулийнхаа оюутнуудад дүүрэн дүүрэн боломж үргэлж нээлттэй байдгийг дахин дахин 
сануулмаар байсан учраас бичихээр шийдлээ. Намайг дэмждэг сургуулийнхаа захирал, багш нар, мөн ажилчид, найзууд, дүү нартаа сургуулийнхаа 20 жилийн ойн баярын гал халуун мэндийг дахин дахин хүргэе. Та нартаа үнэхээр их баярлаж явдаг шүү. Шавь нь итгэлийг нь алдахгүй маш олон зүйлийг Япон орноос сурч аваад хайртай Монгол орноо "Хөб" хийтэл нь хөгжүүлэхэд өөрийн чадахаасаа ч илүүг хийх болноо. 



СЭДС -ийн эдийн засгийн 3 -р курсын оюутан Т.Цэлмэг