Friday, January 24, 2014

Цөг гэм

Монголд жилдээ цөөхөн хэдэн нүсэр баяр болдог л доо. Наадам, цагаан сар, шинэ жил бас миний төрсөн өдөр гээд л. Цагаан сарын өмнө үүнийг бичиж байсан юм. Амны билэггүй шаар болохоос айгаад больчихсон.
Анх 3 жилийн өмнө Японд ирэхэд хоолны газрууд нь гадаанаа шилэн хоргонд цэсэндээ орсон хоолноосоо хийчихсэн байдаг байсан юм. "Энэ их наранд муудчихсан байгаа даа, тийм бол муухай юм аа" гээд л сүрхий боддог байсан юм. Тэрийг удаагүй зүгээр яг дуурайлгаад хийчихсэн хуванцар гэдгийг нь мэдсэн л дээ. Хоолных нь шөлийг хүртэл яг дуурайлгаад хийчихсэн байдаг юм чинь андууралгүй яахав.
Манай Монголын цагаан сар нилээд өндөр өртөгтэй баяр. Ууц, ул боов заавал байхгүй бол болохгүй. Хэдэн өдөр ширээн дээрээ байлгаад л. Хатааж тэгж байлгаж байхаар хуванцараар хийчихвэл зүгээр ч юм шиг. Хадгалж байгаад гаргаж ирээд жил болгон хэрэглээд амар байхгүй юу. Хятадууд хуванцараар идэж болдог байцаа, өндөг хүртэл хийдэг болсон байна шүү дээ. Идэж болдогийг гэх нь хаашаа юм харахад ууц байвал болох нь тэр. Жинхэнэ юм шиг харагддаг үлээдэг шаар байсан ч яахав. Эвхээд л хураачихна.
Өндөр өртөгнөөс бага ч гэсэн хасах гэж үүнийг ярьж байгаа юм. Эсвэл хурдхан махны ченж болвол зүгээр. Баян улсын иргэн байсан бол би арай өөр юм ярих байсан биз. Ууцны хонио арай том болгоё оо гэдэг ч юм уу.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэж байдаг даа. Бүтэн сар ажилласан иргэнээ 140400 төгрөгөөр үнэлж байна. 79 доллар шүү дээ. Ийм байхад өрсөлдөөний тухай яаж ярих вэ.
Сайн сайхан цаг гэхдээ удахгүй ирнэ. Ийм бодит байдлаа бид бүхэн толгойдоо үргэлж л байлгаж байх хэрэгтэй. Монголд минь амьдрал хэцүү л байгаа шүү дээ. Наад толгойдоо л юм хий гэж ээжээс аваад Элбэгдорж хүртэл хэлдэг. Сэтгэхгүй тэгээд зүтгэхгүй бол байрандаа байгаад байна гэж байдаггүй юм гэсэн. Буцаад ухраад байдаг гэж байгаа. Ямар ч байсан хуванцар ууц тавихгүй шүү бүгдээрээ ирээдүйдээ, цөг гэм шд.

Thursday, January 2, 2014

Соёлын ялгаа

Японд ирээд аль хэдийн 8 сар болжээ. Өөрийн биеэр соёлыг нь судална гэдэг хүн болгонд тохиогоод байхгүй сайхан боломж л доо. Япон улс надад маш их таалагддаг. Хүн нь бас соёл нь. Соёл гэдэг нь хүний бий болгосон л бүтээл юм. Нэгэн гариг дээр амьдарч байгаа 7 -хон тэрбум хүмүүс маш олон соёлыг бүтээсэн нь үнэхээр гайхамшигтай. Дэлхий даяар тархсан, хүн төрөлхтнөөс тоогоор хамаагүй илүү шумуул хүнээс олон соёлтой юу. Мэдээж үгүй. Тэд бол зөвхөн байгалийн зөн совингоороо л амьдардаг. Хүн бид бол өөр юм.
Идэж уух, өмсөж зүүх, шүтэх эс шүтэх гээд л бидэнд бидний бий болгосон соёлууд байна. Өнөөдөр дэлхий улам бүр даяаршиж байгаа энэ үеийн хүн гэдгээрээ үнэхээр азтай юм даа.
Залуу хүн учраас өөрийн биеэр мэдрэх, бусадтай харьцуулж өөрийгөө дүгнэх зэрэг нь маш хэрэгтэй. Юуг ч шингээгээд авчих чадвартай байна гэдэг их чухал юм.
Тэртээ 1200 -аад оны үеэс бидний өвөг дээдэс ямар ч соёлыг хүлээн зөвшөөрч байсан байдаг. Арьс өнгийн ялгаварлал, боолчлол, жэндэрийн тал дээр үсрэлттэй ард түмэн л дээ бид. Уншиж судлах тусам улам амтанд нь орно. Одоо манайх шиг их, дээд сургуулийн эмэгтэй оюутан нь илүү байдаг орон байдаггүй юм гэсэн. Сэтгэх бодох, юмыг өөртөө шингээх тал дээр манай монголчууд ёстой үсрэлттэй ард түмэн. 40, 50  жилээр хоцрогдсон гээд байдаг ч бид зөвхөн баруунаас л хоцорсон юм шүү дээ. Ойрхи дорнод, африк гэх юм бол манайх тасраад л явчихсан. Ядаж сэтгэхүй өөр.
Чингис хааныг дурсахгүй байх арга алга. Бүх шашин чөлөөтэй гэдэг чинь тухайн үеийн сэтгэхүйн том үсрэлт шүү дээ. Тэнгэр л шүтнэ, крисмас хийхгүй гээд хууль гаргахад хэн ч гайхахгүй тийм л үе байсан. Тухайн үеийн Хар-Хорум хотыг дүрслэх юм бол одоогийн Нью-Йорк хот шиг байсан гэдэг юм билээ. Арга ч үгүй. Бид бүхнийг хүлээн зөвшөөрдөг байсан өвөг дээдсийн удам.
Тараг уучихаад аягаа долоодог соёлыг бүтээсэн өвөг дээдэстээ баярлалаа. Бид бусдаас ялгарах юмтай гэдэг маань бидний оршин тогтнож буйн утга учир юм байна гэдгийг улам их ойлгож байна.
Японы цагаан сарыг үзлээ. Ёс заншил, соёл нь манайхаас тэс өөр. Жинжа (японы сүм) ороод бурхандаа талархаад, мөн шинэ ондоо хүсч буй хүслээ хэлдэг юм байна. Эхлээд гараа угаана. Энэ нь надад л тэгж харагдаж байгаа хэрэг. Гэтэл цаана нь зөвхөн гар биш, маш өргөн утга агуулгатай. Бүх бие сэтгэлээ ариусгаж байна гэдгийг дотроо боддог юм байна. Жинжа руугаа орж залбирчихаад гарч ирээд шинэ оныхоо савар болоод сумаа авна. Харахад л тийм. Япон нэрийг нь мартчихлаа. Гэхдээ савараараа аз жаргалыг хураадаг юм байна. Нум сумны сум нь болохоор муу зүйлийг зайлуулдаг гэж байна. Манайд л байхгүй соёл. Гэхдээ энэ нь нийт Япон үндэстнийг оршин байгааг нь илэрхийлж байгаа зүйл юм. Цагаан сарын өмнөх өдөр буюу Оомисокагаар гоймонтой хоол иддэг юм байна. Урт удаан, аз жаргалтай амьдрах гэдэг утгыг илэрхийлж урт гоймон иддэг гэх. Үндэстний өөрийн үнэт зүйл гэж энэ биз дээ. Манайд ч гэсэн иймэрхүү зүйлүүд байдаг. Өвөө маань ярьдаг байсан юм. Цагаан сарын буузны гурил нь илүү гарвал тухайн жилдээ өмсөж зүүх зүйлээр баялаг байна, мах нь илүү гарвал хоол хүнсээр элбэг байна гээд л. Манайхаас өөр ингэж ярьдаг газар байхгүй нь мэдээж. Энэ бас л бидний үнэт зүйл. Цагаан сараар амттай хоол олныг хийдэг юм байна. Гэтэл идэхгүй бол болдоггүй юмнууд нь миний хувьд амт муутай юм. Жишээлбэл мочи, мамэ гээд л. Мамэ нь гэхэд тухайн жилдээ мажимэ ни хатаракү (бүх хичээл зүтгэлээ гаргаж ажиллах) гэсэн утгатай. Соёлыг нь хүндэтгэж байгаа учраас мэдээж иднэ. Япон хүмүүс ч гэсэн дуртай нь аргагүй иднэ.
Яаж ч даяаршсан соёлоо л алдаж болохгүй юм байна. Соёл ёс заншил гэдэг нь ер нь бидний оршин байгаагийн утга учир нь юм байна. Дэлхий даяар маш олон соёлууд байгаа, бидэнд уйдах ч зав байхгүй юм байна. Харьцуулж дүгнэх тусам өөрийн юмны утга учрыг улам ойлгох юм.
2014 оны анхны постоо биччихлээ. Шинэ ондоо шинэ содон зүйлсээр баялаг байгаарай хүмүүсээ. Бүгдэд нь аз жаргал, амжилт бүтээлийг хүсье.