Thursday, January 2, 2014

Соёлын ялгаа

Японд ирээд аль хэдийн 8 сар болжээ. Өөрийн биеэр соёлыг нь судална гэдэг хүн болгонд тохиогоод байхгүй сайхан боломж л доо. Япон улс надад маш их таалагддаг. Хүн нь бас соёл нь. Соёл гэдэг нь хүний бий болгосон л бүтээл юм. Нэгэн гариг дээр амьдарч байгаа 7 -хон тэрбум хүмүүс маш олон соёлыг бүтээсэн нь үнэхээр гайхамшигтай. Дэлхий даяар тархсан, хүн төрөлхтнөөс тоогоор хамаагүй илүү шумуул хүнээс олон соёлтой юу. Мэдээж үгүй. Тэд бол зөвхөн байгалийн зөн совингоороо л амьдардаг. Хүн бид бол өөр юм.
Идэж уух, өмсөж зүүх, шүтэх эс шүтэх гээд л бидэнд бидний бий болгосон соёлууд байна. Өнөөдөр дэлхий улам бүр даяаршиж байгаа энэ үеийн хүн гэдгээрээ үнэхээр азтай юм даа.
Залуу хүн учраас өөрийн биеэр мэдрэх, бусадтай харьцуулж өөрийгөө дүгнэх зэрэг нь маш хэрэгтэй. Юуг ч шингээгээд авчих чадвартай байна гэдэг их чухал юм.
Тэртээ 1200 -аад оны үеэс бидний өвөг дээдэс ямар ч соёлыг хүлээн зөвшөөрч байсан байдаг. Арьс өнгийн ялгаварлал, боолчлол, жэндэрийн тал дээр үсрэлттэй ард түмэн л дээ бид. Уншиж судлах тусам улам амтанд нь орно. Одоо манайх шиг их, дээд сургуулийн эмэгтэй оюутан нь илүү байдаг орон байдаггүй юм гэсэн. Сэтгэх бодох, юмыг өөртөө шингээх тал дээр манай монголчууд ёстой үсрэлттэй ард түмэн. 40, 50  жилээр хоцрогдсон гээд байдаг ч бид зөвхөн баруунаас л хоцорсон юм шүү дээ. Ойрхи дорнод, африк гэх юм бол манайх тасраад л явчихсан. Ядаж сэтгэхүй өөр.
Чингис хааныг дурсахгүй байх арга алга. Бүх шашин чөлөөтэй гэдэг чинь тухайн үеийн сэтгэхүйн том үсрэлт шүү дээ. Тэнгэр л шүтнэ, крисмас хийхгүй гээд хууль гаргахад хэн ч гайхахгүй тийм л үе байсан. Тухайн үеийн Хар-Хорум хотыг дүрслэх юм бол одоогийн Нью-Йорк хот шиг байсан гэдэг юм билээ. Арга ч үгүй. Бид бүхнийг хүлээн зөвшөөрдөг байсан өвөг дээдсийн удам.
Тараг уучихаад аягаа долоодог соёлыг бүтээсэн өвөг дээдэстээ баярлалаа. Бид бусдаас ялгарах юмтай гэдэг маань бидний оршин тогтнож буйн утга учир юм байна гэдгийг улам их ойлгож байна.
Японы цагаан сарыг үзлээ. Ёс заншил, соёл нь манайхаас тэс өөр. Жинжа (японы сүм) ороод бурхандаа талархаад, мөн шинэ ондоо хүсч буй хүслээ хэлдэг юм байна. Эхлээд гараа угаана. Энэ нь надад л тэгж харагдаж байгаа хэрэг. Гэтэл цаана нь зөвхөн гар биш, маш өргөн утга агуулгатай. Бүх бие сэтгэлээ ариусгаж байна гэдгийг дотроо боддог юм байна. Жинжа руугаа орж залбирчихаад гарч ирээд шинэ оныхоо савар болоод сумаа авна. Харахад л тийм. Япон нэрийг нь мартчихлаа. Гэхдээ савараараа аз жаргалыг хураадаг юм байна. Нум сумны сум нь болохоор муу зүйлийг зайлуулдаг гэж байна. Манайд л байхгүй соёл. Гэхдээ энэ нь нийт Япон үндэстнийг оршин байгааг нь илэрхийлж байгаа зүйл юм. Цагаан сарын өмнөх өдөр буюу Оомисокагаар гоймонтой хоол иддэг юм байна. Урт удаан, аз жаргалтай амьдрах гэдэг утгыг илэрхийлж урт гоймон иддэг гэх. Үндэстний өөрийн үнэт зүйл гэж энэ биз дээ. Манайд ч гэсэн иймэрхүү зүйлүүд байдаг. Өвөө маань ярьдаг байсан юм. Цагаан сарын буузны гурил нь илүү гарвал тухайн жилдээ өмсөж зүүх зүйлээр баялаг байна, мах нь илүү гарвал хоол хүнсээр элбэг байна гээд л. Манайхаас өөр ингэж ярьдаг газар байхгүй нь мэдээж. Энэ бас л бидний үнэт зүйл. Цагаан сараар амттай хоол олныг хийдэг юм байна. Гэтэл идэхгүй бол болдоггүй юмнууд нь миний хувьд амт муутай юм. Жишээлбэл мочи, мамэ гээд л. Мамэ нь гэхэд тухайн жилдээ мажимэ ни хатаракү (бүх хичээл зүтгэлээ гаргаж ажиллах) гэсэн утгатай. Соёлыг нь хүндэтгэж байгаа учраас мэдээж иднэ. Япон хүмүүс ч гэсэн дуртай нь аргагүй иднэ.
Яаж ч даяаршсан соёлоо л алдаж болохгүй юм байна. Соёл ёс заншил гэдэг нь ер нь бидний оршин байгаагийн утга учир нь юм байна. Дэлхий даяар маш олон соёлууд байгаа, бидэнд уйдах ч зав байхгүй юм байна. Харьцуулж дүгнэх тусам өөрийн юмны утга учрыг улам ойлгох юм.
2014 оны анхны постоо биччихлээ. Шинэ ондоо шинэ содон зүйлсээр баялаг байгаарай хүмүүсээ. Бүгдэд нь аз жаргал, амжилт бүтээлийг хүсье.

No comments:

Post a Comment