Monday, November 11, 2013

Нэг хүнийг өөрчлөх төлөвлөгөө

Найзууд болон үеийн залуучууддаа нэг зүйлийг уриалмаар байнаа. Өнөөдөр би өндөр хөгжилтэй гэх Япон улсад сурч байна. Энд хүмүүсийн хоорондын харилцаа бол үнэхээр соёлтой шүү. Гараад л явахад мэдэгдэнэ. Үйлчилгээ нь бол бүр янзтай гэдгийг мэдэх нэг нь мэдэх л байх, мэдэхгүй нь сонсож л байсан байх. Үнэхээр үйлчилгээ бол өндөр түвшинд байдаг л даа.
Өдөр болгон л тохиолддог энгийн зүйл надад өнөөдөр ч тохиолдлоо. Технологийн дэвшлийн ачаар өнөөдөр би Жи-Мобайлын интернэт утсаа ашиглаад Монгол руугаа ямар ч утас руу маш амарханаар ярьчихаж байна л даа. Үнэхээр амархан. Юу тохиолдсон бэ гэхээр өглөө монголын цагаар 11 болж байхад би МИАТ -ын 19-80 гэдэг лавлах руу ярьлаа. Өглөө утсаа авсан оператор яг унтаж байсан болов уу. Токиогоос гарах онгоц хэзээ Улаанбаатарт газардах вэ гэж асуусан чинь арай л гэж нэг юм хариулсан шүү. Бүхэл бүтэн МИАТ гэх компани ганц хүнээс болоод нэр хүнд нь унаж магадгүй л юм. Сонин шүү нөхөртөө гомдоод шөнөжин уйлсан юм шиг хоолойгоор үйлчлүүлэгчиддээ мэдээлэл өгөөд сууж байна гэхээр. Ямар ч байсан тэр хүн 3 өнгөрөөгөөд залгаарай гэдгийг зангирсан, гомдсон хоолойгоор л надад ууртайхан л хэлсэн. Үдээс хойш харин 3 өнгөрөөгөөд залгахад өөр эмэгтэй авах шиг болсон. Аль эсвэл өглөөний эмэгтэйгээс нөхөр нь уучлалт гуйж цэцэг явуулсан байж магадгүй л юм. Нэр усаа хэлээд, лавлах таныг сонсож байна, танд юугаар туслах вэ хэмээн эелдэгээр утсаа авсан. Их сайхан санагдсан.
Тэгээд л өдөржингөө бас юм бодоод явлаа. Бодож бодож ер нь ийм зүйлийг л би уриалчихмаар санагдлаа. Бүгдээрээ харьцааны соёл гээч юмыг яг өөрийн биеэсээ эхэлье. Дэлгүүрийн худалдагчид загнуулсан ч бай "Балай авгай вэ" гэж бодсон ч бай, үзэн ядалгүйгээр "Баярлалаа эгчээ" гээд л нэг инээмсэглэл бэлэглэчихье. Тэр хүн лав дотроо нэгийг бодно доо. Магадгүй тэр хүн ууртай байж болно. Аль эсвэл магадгүй чиний өмнө үйлчлүүлсэн хүн загнуулчихаад "Баярлалаа эгчээ" гээд инээмсэглээд гараад явсан байж болно. Чи хоёр дох инээмсэглэсэн хүн нь болчих. Чиний дараа би ороод гурав дахь инээмсэглэлийг тэр хүнд бэлэглэчихье. Тэр хүн ч өөрчлөгдөнө дөө, харж л байгаарай.
Дашрамд хэлэхэд өглөө би уурлаагүй шүү. "Баярлалаа эгчээ" гээд л тайван утсаа салгасан.
За тэгээд инээмсэглэлийн хүч агуу гэдгийг зөндөө л хүн хэлсэн байдаг юм байна лээ шүү. Нэг хүнийг өөрчлөх төлөвлөгөө гэж энэ дээ. Амжилт хүсье найзуудаа.