Saturday, November 14, 2015

Саяхан туулсан уй гашууг мартчихаагүй баймаар

Ойрын хэдэн хоногт энэ хэвлэл мэдээллээр олигтой юм гарахаа ч байлаа. 5 дахь өдөр ажлаа тараад орой гэртээ орж ирээд интернэт оров. Бурхан минь би юу харав? Өөрийгөө шатааж байгаа Монгол хүн. Монгол хүн өөрийгөө шатаадаг л юм байна. Микрофоноо яаран шүүрч буй сэтгүүлчид, "Та дотуураа нойтон хувцастай байсан уу", "Уучихсан юм уу" гэсэн бүр нэг хөгийн дүр зураг, асуултууд.
Алалцана, сонгуулийн дараа иргэний дайн гарна, муусайн луйварчид, Элбэгдоржийг дүүжил гэчихсэн ам булаалдан ярьж байгаа аймар хүмүүс. Алалцах, цус урсахыг хүсээд байдаг ямар аймар хүмүүсээр дүүрчихвээ. Хэзээнээс, яагаад ийм зэрлэг болцгоочихов? Каддафиг ард иргэд нь чулуугаар цохиж алж байсан бичлэг интернэтээр тарж байхад ямар муухай харагдаж байлаа. 7 сарын 1 -нд монголчууд нэг нэгнээ алж байхад ямар их уй гашуу бүрхэж байв. Дөнгөж саяхан туулаад гарсан их уй гашууг давтана гээд бодож явж яавч болохгүй. Алалцаж, цус урсаж байхад асуудал шийдэгддэг гэдэг юу л бол? Манай нийгэм нүдэн дээр минь их хүйтэн, их зэрлэг талруугаа яваад байна. Өтгөсүүд нь хүртэл ална хядна гэж ярьж байхад 16 -тай хүүхдүүд Элбэгдоржийг дүүжлэнэ гэж ярихаас яах вэ? 
Яахав өнөөдөр нийгмийн байдал хүнд байна. Энэ чинь ганцхан төр засгийн буруу үйл ажиллагааны үр дүн ч биш. Дэлхий дээр үнэ нь унасан байгаа түүхий эдийн үнийг яаж ч чадахгүй шүү дээ. Төр засгийн буруу үйл ажиллагаа юм бол мунхаг иргэд чи болон би л буруутай. Өмнөх, өмнөх 76 -г өөрсдөө сонголцоогүй юм шиг аймар юм ярьж суухаа больё. Одоо хүндэрч байгаа эдийн засаг ирээдүйд үсрэн цойлох үзүүлэлтийн эхлэл шүү. Бид маш их зүйл суралцаж байна. Авсан зээлүүдээрээ хийсэн бүтээн байгуулалтууд бидний амьдралд шууд л өгөөжөө өгч байна. Тэр их тавиад байгаа өрөөр чинь хувийн хэвшлүүд эхнээсээ томоохон үйлдвэрүүд ашиглалтанд оруулаад явж байна. Болж бүтэж байгаа зүйлс олон байна шүү. Эерэг мэссэжүүд манай нийгэмд дутагдаад байна, эерэг сэтгэлгээтэй залуус ховордоод байна. Ирээдүйдээ итгэлгүй болоод байна. Ирээдүйдээ итгэлтэй, сайхан амьдрах мөрөөдөлтэй, түүнийхээ төлөө бид зогсолтгүй суралцаж, хийж бүтээсэн цагт нөгөө сайхан ирээдүй, сайхан бүхэнд хүрч чадна. Үүнийг би хэлдэг юм биш. Жэк Ма, Х.Баттулга гээд л та нарын жишээ авдаг өөрсдөө туулаад гарсан олон хүмүүс хэлдэг юм даа. Бие биедээ эерэг энерги өгөхөд чи яаж чадахаар байна түүнийгээ л хийе. Нэг өдрийн ядаргааг тайлтал инээмсэглэдэг хүмүүс байдаг. Нэг цагийн бухимдлыг мартуулж чаддаг үйлдэл байдаг. Тийм л үйлдлүүд уншиж байгаа чамаас болон бичиж байгаа надаас дутсанаас болж нийгэм маань хүйтэн цэвдэг болох нь. Эцсийн эцэст Монгол минь Сири шиг болчихсон байвал чи бид 2 л өөрсдийнхөө үргэлжлэлд өртэй хоцроно. Эцэст нь Кока-Кола ны мундаг агуулгатай сурталчилгааг үзэхийг санал болгосноор энэ бичлэгээ дуусгая. Энд дарж үзээрэй.

Sunday, April 5, 2015

Хоцордогшд, УГААСАА

Улс төрч хүнд хамгийн түрүүнд байх ёстой зүйл юу вэ гэж надаас асуувал би юу гэж хариулах вэ? Хамгийн түрүүнд хариуцлага, ёс зүй гэж хоёрхон л юм орж ирээд байгаа юм даа. 
Саяхан ETV телевиз тун чухал сэдвийг хөндсөн. Манай улсын хууль тогтоох дээд байгууллагын ирц, хоцролтын бодит байдлыг сурвалжлан хүргэв. Харамсалтай нь манай цаг ашиглалт, хариуцлага хүлээх ухамсар новийн нооль юмаа. Хоцорсон шалтгаанаа тайлбарлаад ирж байгаа гишүүд байнаа, тэд яахав үнэхээр ажилтай байсан юм шиг байгаа юм. Харин тэр Дэмбэрэл яаж байнаа. Даварна даварна гэхэд арай л дэндүү гэдэг үг багадмаар санагдаад байгаа юм. "Чуулган эхлээгүй байна, би хоцордогшд, угаасаа" энэ УИХ -ын гишүүнээс гарах үг мөн үү? Миний эрх ашгийн төлөө ажиллах гэж надаар сонгуулсан хүний хайхрамжгүй хэлээд орхичих, ардаас нь шоу хийх үйлдэл мөн үү? 
Тэр муухай угаасаа гэдэг үгэнд нь зэвүү хүрч дуусаагүй байж байхад тоглоом тохуу хийчихсэн чуулганы танхимд ганцаараа эрт ирээд "Би одоо хоцрохоо больсон" гэж олон нийтийн сүлжээгээр зураг тавьж шоудаж байх. Сүүлд зочид угаасаа хоцордог гээд гэртээ сууж байгаа зургаа олон нийтийн сүлжээ сайтд байршуулсан байна лээ.
Боль доо, би энэ хүнийг сонгосон шигээ ийм үйлдэл гаргаж, бас болоогүй тохуурхаж байгаагийнх нь төлөө ажлаас нь халмаар байна, огцруулмаар байна. Хариуцлага тооцох механизмыг оруулж өгөөчээ, та нараас гуйя л даа.
Би мэддэгээрээ Японоос жишээ татья. Хариуцлага гэдэг зүйлийг нэгдүгээр эрэмбэнд тавьдаг тэд яах байсан бэ? Ажлаа сайн дураараа өгнө, тэр бол тодорхой. Хоцорсныг нь нүдээ аниад өнгөрөөлөө гэж бодоход, хэлж байгаа үг түүний дараачийн үйлдлүүдээсээ бөхөлзөн бөхөлзөн уучлалт гуйж, уйлахаас наагуур юм болно доо. Саналаараа л огцорчихдог юм, Япончууд. 
Манай энэ гажуудал хэзээ арилах юм бэ?

Хамгийн гол нь Дэмбэрэл мэтийн нөхдүүдийг дараа үе нь хараад байж байдаг гэдгийг мэддэг л баймаар юм даа. Олон нийтийн сүлжээгээр өсвөр насныхан шиг дэмийрч байгаа төрийн түшээд та нар өсвөр залуу үеийнхэндээ буруу үлгэр үзүүлэхээ зогсоож үзээрэй. Саваагүйтэх нууцхан хүсэл хэнд ч байлгүй яахав, гэхдээ илэрхий өөрийн хариуцлагагүй байсан зүйлээрээ шоудаж яахав. 

Sunday, January 4, 2015

Зам хэрэгтэй - Хурдны зам илүү хэрэгтэй

Надад нэг шийдэл байнаа. Улаанбаатар хотын замын түгжрэлийн асуудлыг шийдэх ямар нэгэн гарц хайж, бүтээн байгуулалт хиймээр байна. Өнөөдөр Улаанбаатарт зай талбай багатай, замыг өргөн болгох ямар ч боломжгүй гэж боддог олон хүн байж болох л юм. Одоо байгаадаа огтхон ч хүрэхгүйгээр зам, талбай байгуулах нөөц бололцоо бидэнд хангалттай байгаа юм. Энэ нь ямар шийдэл вэ гэхээр Улаанбаатар хотын дээгүүр зам барих явдал.
Япон улсад суралцаж байсны хувьд зай талбай багатай газар замын түгжрэлгүй байх гол асуудал нь хотын доторх хурдны зам нь дээгүүр нь явсан байдгийг маш сайн анзаарсан. Япончууд хурдны зам руу гарах, буух гэж ярьцгаадаг.
Манай Улаанбаатар харьцангуй жижигхэн хот. Бүр хамаагүй жаахан хот. Баруунаасаа зүүн тийшээ сунасан бүтэцтэй гол замтай. Нэг түвшинд огтлолцдог учраас замын түгжрэл үүсэх хамгийн сайн бүтэцтэй.
Токио хот доторх хурдны замууд нэг бол дээгүүр, эсвэл газар доогуур байдаг. Дээгүүр явж байгаа замууд 12 давхар байшингуудын дээгүүр ч баригдсан байдаг. Манайд төв зам дээгүүрээ баруунаас зүүн тийшээ барихад замд нь тааралдах саад ерөнхийдөө байхгүй дээ. Байсан ч дээгүүр нь хажуугаар нь өнгөрөөчихөж болно. Япончуудын барьж өгсөн нарны гүүр байна. Маш энгийн хийцтэй. Үүнийг л уртхан барьчихад манайд түгжрэлийн асуудал нэг их хөндөгдөхгүй юм шиг санагддаг. Багануудыг нь бариад төмрүүдийг нь холбочихвол бат бөхөөс гадна хугацаа хэмнэсэн чанартай замтай болох гээд байгаа юм. Нарны гүүр нь 262 метр, туслах замтайгаа нийлээд 1700 метр юм байна. 49.6 тэрбум төгрөгийн өртөг бүхий ийм гүүрийг 17 км ийг барилаа гэхэд ойролцоогоор 496 тэрбум төгрөг болох юм байна.
Хурдны зам хэрвээ барьчихвал түүнийг дагасан маш олон ажлын байр бий болно. Арчлалт, засвар, үйлчилгээ гэх мэтээр хөвөрч өгнө. Улсынхаа төсөвт 100 -н тэрбумаар нь 5 удаа төсөвлөхөд 5 жилийн дотор баригдчихна. Мэдээж барих хугацаандаа тааруулаад хэд хуваагаад төсөвлөчинхнө, эсвэл аль нэг гадаадын хөрөнгө оруулалт эсвэл зээлээр санхүүжүүлж болох юм. Зайсангаас Шарга Морьт хүртэл ч хурдны зам хэрэгтэй. Гэхдээ дандаа дээгүүр явдаг зам. Хэний ч өмчинд халдахааргүйгээр зохион байгуулж болно. Судалгааг нь л сайн хийчихвэл энэ бол маш боломжтой зүйл. Дараагийн ээлжинд Гурвалжингийн гүүрнээс Баянхошуу, Дүнжингараваас Дарь эх гэх мэтээр явчихвал бидний яриад байдаг хот тэлэлтийн асуудал өөрөө аяндаа шийдэгдчихнэ.
Алтанбулаг - Улаанбаатар - Замын Үүд чиглэлийн 1000 км хурдны замын төсөл гэх таатай мэдээ өнгөрсөн оноос чих дэлсээд байгаа билээ. 2 урсгалтай 4 эгнээ уг замыг 3.5 тэрбум ам. долларын өртөгөөр барих аж. Концессын гэрээгээр хэрэгжүүлэх энэ төсөл нь 30 жилийн дараагаар улсын мэдэлд үнэ төлбөргүй шилжих юм. Манай хойд хөрш АНУ болон ЕХ -ны улсуудтай харилцаа муудаж, улмаар БНХАУ -тай эдийн засгийн харилцаагаа илт идэвхжүүлж буй энэ үед манай зам яг цагаа олсон бүтээн байгуулалт байх болов уу. Урд, хойд хөршийн худалдааны эргэлт илт ихэснэ гэдэгт би хувьдаа маш итгэлтэй байна. Казакстанчууд тэнэг биш учраас томоохон амбицтай бодлого хэрэгжүүлж эхлэх нь гарцаагүй. Тэд ч мөн ОХУ, БНХАУ -г холбож чадна. Гэхдээ манай газар нутгаар дамжуулаад хоорондоо худалдаа хийх нь хамаагүй ашигтай гэж эдийн засагчид үздэг юм билээ. Тиймээс манайх өөрийн боломжоо гүйцэт ашиглах нь л чухал. Оросуудтайгаа, Хятадуудтайгаа дахиад ярилц Ерөнхийлөгчөө, дахиад очиж уулз. Энэ мэтчилэн манай улсад томоохон бүтээн байгуулалтууд хийгдээд эхэлвэл хэдхэн жилийн өмнөх эдийн засгийн өсөлтөндөө буцаад хүрч чадах нь гарцаагүй.