Tuesday, December 31, 2013

Шинэ жил

Шинэ он гарахад одоо хэдхэн цаг үлджээ. 6 цагийн дараа гэхэд 2013 он дахин ирэхгүйгээр явлаа. Дурсамж дүүрэн хуучин оноо үдэх нь дээ. 2013 онд намайг сайхан зүйлүүд хүлээж байгаа юм шиг санагдаад байна гэсэн постыг өмнө жил бичсэн байсан. Сайхан бүхнийг хүн өөрөө л бүтээдэг.
2013 он миний хувьд маш өгөөмөр жил байлаа. Найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ өнгөрөөсөн мөч хором бүхэн дурсгалтай. Зүгээр сууж байгаагаа ч хайрлахгүй бол хүн бид чинь хэдэн настай билээ дээ.
Би 2013 онд гадаадад сурахаар болсон, найз нөхөдтэйгээ сайхан дурсамжуудыг бүтээсэн, ном уншсан, хүмүүстэй уулзсан. Зөндөө олон зүйл сурсан. Бас хэлэхгүй байж болохгүй зүйл гэвэл би хайртайгаа учирсан. Хайрлаж дурлана гэдэг чинь хүнд маш сайхан мэдрэмжийг өгөх юм. 18 -тан биш болохоор одоо би түүндээ л хайртай. 23 жил амьдрахад бас янз бүрийн юм хийсэн байна, янз бүрийн асуудлуудад орооцолдсон байна, асуудал үүсгэсэн, амжилт бүтээл гаргасан гээд л. Улиран одож байгаа 2013 онд маш их баярлалаа. Надад маш олон зүйлийг зааж өгсөн шүү. Ингээд Цэлмэгийн он тооллын 24 -р он нь эхэлж байгаа юм даа.
2014 он надад, Монголчуудад ер нь нийт хүн төрөлхтөнд өгөөмөр жил байх болтугай. Саяхан л шинэ он гарч байсан санагдаж байна, одоо дахиад л шинэ он эхэллээ. Хайртай хүмүүсээ бага гомдоож, хүссэн хүлээсэнээ гүйцэлдүүлсэн маш сайхан жилийг бүгдээрээ бүтээе дээ. С новым годом, с номым веком, с тысячилетием гээд гүйж байсан бяцхан хүү өнөөдөр энэ зууны, энэ мянганы 14 -р онтой золгох нь дээ.

Monday, November 11, 2013

Нэг хүнийг өөрчлөх төлөвлөгөө

Найзууд болон үеийн залуучууддаа нэг зүйлийг уриалмаар байнаа. Өнөөдөр би өндөр хөгжилтэй гэх Япон улсад сурч байна. Энд хүмүүсийн хоорондын харилцаа бол үнэхээр соёлтой шүү. Гараад л явахад мэдэгдэнэ. Үйлчилгээ нь бол бүр янзтай гэдгийг мэдэх нэг нь мэдэх л байх, мэдэхгүй нь сонсож л байсан байх. Үнэхээр үйлчилгээ бол өндөр түвшинд байдаг л даа.
Өдөр болгон л тохиолддог энгийн зүйл надад өнөөдөр ч тохиолдлоо. Технологийн дэвшлийн ачаар өнөөдөр би Жи-Мобайлын интернэт утсаа ашиглаад Монгол руугаа ямар ч утас руу маш амарханаар ярьчихаж байна л даа. Үнэхээр амархан. Юу тохиолдсон бэ гэхээр өглөө монголын цагаар 11 болж байхад би МИАТ -ын 19-80 гэдэг лавлах руу ярьлаа. Өглөө утсаа авсан оператор яг унтаж байсан болов уу. Токиогоос гарах онгоц хэзээ Улаанбаатарт газардах вэ гэж асуусан чинь арай л гэж нэг юм хариулсан шүү. Бүхэл бүтэн МИАТ гэх компани ганц хүнээс болоод нэр хүнд нь унаж магадгүй л юм. Сонин шүү нөхөртөө гомдоод шөнөжин уйлсан юм шиг хоолойгоор үйлчлүүлэгчиддээ мэдээлэл өгөөд сууж байна гэхээр. Ямар ч байсан тэр хүн 3 өнгөрөөгөөд залгаарай гэдгийг зангирсан, гомдсон хоолойгоор л надад ууртайхан л хэлсэн. Үдээс хойш харин 3 өнгөрөөгөөд залгахад өөр эмэгтэй авах шиг болсон. Аль эсвэл өглөөний эмэгтэйгээс нөхөр нь уучлалт гуйж цэцэг явуулсан байж магадгүй л юм. Нэр усаа хэлээд, лавлах таныг сонсож байна, танд юугаар туслах вэ хэмээн эелдэгээр утсаа авсан. Их сайхан санагдсан.
Тэгээд л өдөржингөө бас юм бодоод явлаа. Бодож бодож ер нь ийм зүйлийг л би уриалчихмаар санагдлаа. Бүгдээрээ харьцааны соёл гээч юмыг яг өөрийн биеэсээ эхэлье. Дэлгүүрийн худалдагчид загнуулсан ч бай "Балай авгай вэ" гэж бодсон ч бай, үзэн ядалгүйгээр "Баярлалаа эгчээ" гээд л нэг инээмсэглэл бэлэглэчихье. Тэр хүн лав дотроо нэгийг бодно доо. Магадгүй тэр хүн ууртай байж болно. Аль эсвэл магадгүй чиний өмнө үйлчлүүлсэн хүн загнуулчихаад "Баярлалаа эгчээ" гээд инээмсэглээд гараад явсан байж болно. Чи хоёр дох инээмсэглэсэн хүн нь болчих. Чиний дараа би ороод гурав дахь инээмсэглэлийг тэр хүнд бэлэглэчихье. Тэр хүн ч өөрчлөгдөнө дөө, харж л байгаарай.
Дашрамд хэлэхэд өглөө би уурлаагүй шүү. "Баярлалаа эгчээ" гээд л тайван утсаа салгасан.
За тэгээд инээмсэглэлийн хүч агуу гэдгийг зөндөө л хүн хэлсэн байдаг юм байна лээ шүү. Нэг хүнийг өөрчлөх төлөвлөгөө гэж энэ дээ. Амжилт хүсье найзуудаа.


Thursday, October 31, 2013

Детройт хот - The Motor City

АНУ -ын Детройт хот гэхээр хүмүүс андахгүй биз. Миний хувьд нэгэн цагт дэлхийн авто машины төв байсан энэ хотыг Эминэмийн өссөн газар гэдгээр нь л мэддэг байлаа. 1950 -иад онд энэ хот жинхэнэ цэцэглэн хөгжиж байсан юм билээ. Харин саяхан буюу 2013 оны 7 дугаар сард энэ хот дампуурлаа зарлав. Энэ хотод яг юу болсон бэ гэдгийг өөрийнхөө хэмжээнд тайлбарлах гээд үзье.
Женерал моторс, Крайслер, Форд зэрэг дэлхийн аварга том автомашинуудын компаний өлгий нутаг гэгдэх энэ хот нь 1950 оны үедээ автомашины дэлхийн төв байсан байгаа юм. Тухайн үедээ хотын оршин суугчид нь 1.8 сая болж оргил үедээ хүрч байсан бол өнөөдөр энэ хотод 700.000 хүн амьдарч байна. Өнөөдөр ч гэсэн оршин суугчид нь хотоо орхин гарсаар байгаа. Гэмт хэргийн гаралт, ажилгүйдлийн түвшингээрээ АНУ -даа тэргүүлэх эгнээнд явна. Форбес сэтгүүлийн гаргадаг АНУ -ын хамгийн аюултай хотуудыг 4 жил дараалан тэргүүлсэн нь гэмт хэрэг ямархуу түвшинд байгааг харуулж байгаа бизээ. Youtube.com -д Детройт хотын талаар хийсэн баримтат кино сэлт зөндөө байдаг юм байна. Боловсролын салбарын үзүүлэлт нь АНУ -даа хамгийн бага гэх мэтээр жинхэнэ сүйрч байгаа газар байна лээ.


Тус хот нь 1950 -иад оны үеэс эхлээд санхүүгийн алдаатай бодлогуудыг хийсээр ирсэн байна. Хотын удирдлагууд төсвийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд шинэ шинэ татварын бодлогуудыг гаргаж ирж байсан. Төсөвтөө мөнгө хуримтлуулахын тулд 1971 оны үнэт цаасны татвар, 1999 оны казиногийн татвар гэх мэт татварын бодлогуудыг шинээр гаргаж ирсэн ба мөн олон янзын татваруудын хувь хэмжээг нэмсэн нь ямар ч үр дүнд хүргээгүй. Харин ч эсрэгээрээ хотын оршин суугчдад дарамт үүсгэж гадагш нүүх болон бизнес эрхлэгчдийг хаалгаа барьж хотоос гарахаас өөр аргагүйд хүргэсэн байна. Үйлдвэрүүд хаагдаж эхэлсэнээр ажилгүйдэл үүссэн. Мөн тэтгэвэр, цалингийн урамшуулалд маш их мөнгө буюу 1 тэрбум ам.долларыг зарцуулж байсан нь тухайн хотын хэт үрэлгэн байсныг харуулж байгаа юм. Хотын удирдлагууд их хэмжээний төсвийн алдагдлыг бууруулахын тулд усны хоолой хийх болон ус зайлуулах хоолой барих төслийн хүрээнд 2012 онд 6 тэмбум ам.долларын бонд гаргасан байна. Энэ нь хотын өрийг 8 тэрбум доллар буюу 2 дахин их болгосон байна. Үндсэндээ энэ хот нь одоогийн 8 тэрбум, ирээдүйд бий болох тэтгэвэр болон өндөр настны халамж, бондын хүү гэх мэтээс болоод 18 -20 тэрбум ам.долларын өртэйгээр дампуурлаа зарлажээ.
Орхигдсон байшин ба цаад талд нь харагдах Женерал Моторс компаний төв оффис. Наана харагдах орхигдсон байшин Детройтод 10.000 -аас илүү байдаг гэнэ дээ.


Өнөөдөр тус хотын татварын орлого нь 1963 оны зөвхөн үл хөдлөх хөрөнгөнөөсөө авдаг байсан татварын хэмжээнд ч хүрдэггүй юм байна.

өр, төсөв
Домог мэт яригдах хойд америкт ч хүртэл ийм юм байх л юм даа. Хот дампуурч байна гэхээр нэг л сонин санагдсан учраас үүнийг бичиж байгаа минь энэ. Төсөвт нь мөнгө байхгүй учраас ажилчид гэж байхгүй, бүр ажлаа явуулъя гэсэн ч цаас байхгүй гэсэн итгэмээргүй зүйл сонсогдох. Өнөөдрийн байдлаар хотын оршин суугчдын 73 хүн тутмын нэг нь л ажилтай байна гэнэ шүү. 60 -хан жилийн өмнө Америкийн бэлгэ тэмдэг хотуудын нэг байсан энэ хот нуран унасан нь ганцхан өр ч биш олон шалтгаантай байгаа нь мэдээж. Гэхдээ улстөрчдийн өнөө маргаашдаа хүнд таалагдаж байвал болох юм шиг үзэл нь эцсийн эцэст бүхэл бүтэн хотыг дампууруулж байна. Татвараа нэмэгдүүлж төсөвтөө их хэмжээний мөнгө хураана гэсэн горьдлого, үл хөдлөх хөрөнгөний хамгийн өндөр татвар зэрэг нь хөрөнгө оруулагчид болон үйлдвэрлэл эрхлэгчид зэргийг хөөж гаргасан. Манайх энэ түүхийг давтахгүй л байх. Гэхдээ ийм юм болоод өнгөрснийг бид мэдэж л байх хэрэгтэй.


Энд Детройт хотод очоод ирсэн Л.Мөнхбаясгалангийн сонирхолтой нийтлэл байна.


Ашигласан материал: http://www.freep.com/interactive/article/20130915/NEWS01/130801004/Detroit-Bankruptcy-history-1950-debt-pension-revenue
http://online.wsj.com/news/articles/SB10001424127887323838204578654400680571748

Thursday, October 17, 2013

Монгол сэтгэлгээний үнэт зүйл


"Бөртэ чоно, Гуа марал"
Өвөр Монголын зураач Б.Үүрцайх
Бөртэ чоно, Гуа маралын удамтай монгол түмэн. Бөө мөргөл, буддын шашин, нүүдэлчин соёл энэ бүгд монголын баялаг. Ер нь дэлхий дээр манай Монголоос өөр нүүдэлчин соёлоо өдий хэр нь алдаагүй байгаа улс байдаггүй. 1 сая 600 мянган км2  газар нутагтай мөртөө 2 сая 900 -хан мянган хүн амтай. Ёстой л нэг 4 цагийн улиралд дураараа нүүх газартай жаргалтай орны иргэд билээ бид. Бид эцэг эх, өтгөс буурлаа дээдлэн хүндэтгэж, төрдөө ч мөн зохих хэмжээний хүндэтгэлтэй хандаж ирсэн. Олон үндэстэн ястнаас бүрдсэн учир маш баялаг соёлтой. Бидэнд маш олон янзын үнэт зүйлүүд байдаг. Үнэт зүйл гэдгийг хүн төрөлхтөн биет болон биет бус гээд 2 хуваачихдаг. Биет үнэт зүйлүүд бол ойлгомжтой. Египетийн пирамид, Амазоны ширэнгэ, Араб морьд, Герман машинууд тэр ч байтугай Сахарын цөл ч мөн адил тухайн тухайн газар орондоо үнэт зүйл нь. Монголынхоо биет үнэд зүйлүүдээс цухасхан тайлбарлая.
Үнэт зүйл 1
Бидний түүх болон газар нутаг. Төв Азийн цээжин дээр уудам нутгийг эзлэн оршиж буй 2200 жилийн доройтол, сэхэл. Түүхээ мэдэхгүй бол бид түүхэн алдаагаа дахиад л давтана. 200 жилийн дарлалыг амсаж, 70 -аад жил хүний эрхэнд амьдарсан сургамжит түүх бидэнд зөндөө бий. Хоорондоо хагаралдан бутарсан үедээ бид юуг ч хожоогүй. Гэвч бид азаар эцэг өвгөдийнхөө гал голомтыг сахин үлдэж чадсан.
Үнэт зүйл 2
Бидний соёл, зан заншил, хэл. Өглөө эртлэн босоод цайгаа чанаад уул ус, тэнгэр хангайдаа цайныхаа дээжийг өргөдөг ард түмэн монголоос өөр байдаг болов уу? Газар шороогоо гэмтээхгүйн тулд өмсдөг ээтэн хоншоортой монгол гутал монголчуудаас өөр ямар ч үндэстэнд байхгүй нь мэдээж. Баялаг их үгсийн сантай монгол хэл, тэмээг хүртэл уйлтал эгшиглэх морин хуур, наадмаар өмсөнө гээд далд хийх монгол дээл, уртын дуу, хөөмий, биелгээ гэх зэрэг хэнд ч бардам гайхуулах үнэт зүйлс азаар бидэнд байна.
Үнэт зүйл 3
Үнэт зүйл хэмээгч нь хүнгүйгээр хэрхэн бүтэх билээ. Бидний хамгийн гол үнэт зүйл бол Монгол хүн. Дэлхийн янз бүрийн орны хамгийн чухал үнэт зүйл нь хүн нь. Ийм учраас л улс болгон хүнийхээ боловсролд, эрүүл мэндэд анхаардаг болов уу.
Дээрх олон биет үнэт зүйлс бидэнд байгаа хэдий ч монгол сэтгэлгээний үнэт зүйл гэж яг юу байдаг юм бэ. Хичээлийн программ дээр хүртэл монгол сэтгэлгээний үнэт зүйлийг төлөвшүүлнэ гэсэн байх юм. Энэ нь яг юу вэ?
Монгол сэтгэлгээний үнэт зүйл бол цай өргөж байхдаа ээжийн боддог ерөөл байх, ачийг нь хариулахсан гэж боддог хүүгийн бодол байх, эх орноо манан зогсож байгаа хилийн цэргийн зүрхний цохилт байх, цэвэр агаар цээж дүүрэн амьсгалчихаад инээмсэглэх тэр нэгэн мэдрэмж байх. Бид оюун санаандаа ямар нэгэн зүйлийг хийж, түүнээсээ баясаж байгаа маань л Монгол сэтгэлгээний үнэт зүйл болж байгаа хэрэг. Дээр дурьдсан Бөртэ чоно, Гуа марал маань хүртэл домог ч гэсэн би итгэхийг л хүсдэг. Энэ бүгд нийлээд л монгол сэтгэлгээний үнэт зүйлийг бий болгож байгаа хэрэг.
Үнэт зүйл гэдэг бол хэнтэй ч юугаар ч сольшгүй хамгийн эрхэм нандин зүйлийг хэлнэ. Түүнийгээ би өөртөө байнга санаж, үргэлж эрхэмлэн нандигнаж явах бөгөөд хэнээс ч харамлаж бас хамгаалж явна. Мөн үр хойчдоо өвлүүлж үлдээх нь энэ улсыг бидэнд үлдээсэн хүмүүст төлөх ёстой өр бизээ.

Sunday, September 29, 2013

Цавчаа

Энэ үгний утгыг одоо мэдэхгүй хүн ховор биз дээ. Анхны үгнийх нь утгыг мэдэхгүй ч гэсэн одоо хэрэглэгдэж байгаа утгыг нь бол сайн мэднэ. Аливаа нэгэн газар орж үйлчлүүлчихээд тооцоогоо хийх болоход арай л их тооцоо байвал тэнд цавчаа явагдсан байх нь бараг 70 хувьтай байх шүү. Авсан юмнууд дээр чинь ганц хоёрыг нэмж бичээд тооцоо авна л даа. Бүр аваагүй юмыг чинь ч нэмээд биччихсэн байж мэдэх.
Цавчаа бол залилан бас хулгай. Надад ингэж л ойлгогддог. За тэгээд халамцуу, согтуу хүнд бол бүр их л мөнгө нэмж бичнэ дээ. Цавчаа хамгийн их гардаг газар бол ресторан, паб, бар. Би өөрөө ч тиймэрхүү газруудаар ажиллаж үзсэн. Цавчаа хийж байгаа хүмүүсийг ч зөндөө л хардаг байлаа. Манай найзууд ч гэсэн энд тэнд ажиллаад хэрхэн цавчаа хийсэн тухайгаа надад бас гайхуулнаа. Бас тэр тэгж их мөнгө цавчсан гээд л, өдөртөө 50000 төгрөг цавчвал онигоо гэж зөөгч нар нь ярилцдаг газар байдаг гэнэ лээ. Ерөөсөө л нэг байдаг л зүйл болчихсон байгаа нь харагдаж байгаа биз. Цавчуулж үзээгүй хүн ч бараг байдаггүй биз.
Би нэг ганц жишээ татъя л даа. Би нэгэн пабд ажилладаг байлаа. Намайг ажиллаж эхлээд удаагүй байхад нэг охин шинээр орж ирлээ. Энд тэнд ажилласан туршлагаа яриад л, тэгээд ч ажилдаа сайн туршлагатай хүн өөр л байсан. Гэхдээ тэр охинтой танилцаад нилээн удаан ажиллахад энэ тэрүүгээр ажиллаж явахдаа мөнгө их цавчдаг байсан, тэр мөнгөөрөө урагшаа явж хувцас авсан гээд л гайхуулж өгч байсан даа. Тухайн үед нь "Чи ингэж болохгүй ээ, энэ чинь хулгай шүү дээ" гэж хэлэхэд "Чадаж байгаа юманд арга байхгүй ээ, ингэж л амьдардагшд" гэж хариулж байсан. Цавчаа гэдгээ хулгай гэж ойлгохгүй байгаа хүнтэй юу ч ярих вэ дээ. Олон газраар ажиллаад олон юм сурсан гэхээр арай биш, зүгээр л хулгай хийж сурсан байгаа биз.
Ер нь хүн төрөлхтөн хүмүүс дунд амьдардаг. Эргэн тойрондоо байгаа хүмүүсээ бид нийгэм гээд нэрлэчихдэг. Тэгээд хүн нь өөрөө тухайн нийгмийнхээ бүтээгдэхүүн нь болдог. Ирээдүйн хүмүүс нь ч мөн өнөөдрийн нийгмийн бүтээгдэхүүн болдог. Өнөөдөр бид л бага багаар өөрсдийгөө өөрчлөхгүй бол хэзээ ч өөрчлөгдөхгүй байж мэднэ шүү. Энэ янзаараа яваад л байна. Монголчууд маань энэ орноос 40 жилээр, тэр орноос 50 жилээр хоцорч байна гэж ярьж л байдаг. Тэгээд бид өөрчлөгдөхгүй бол улам л олон жилээр тасраад үлдчихнэ шүү. Яагаад гэвэл тэдгээр улсууд улам л сайхан зүйлсийг бүтээгээд явж байна.
Манай нийгэмд байгаа хэдэн муухай үзэгдлүүдийн нэг яах аргагүй цавчаа. Дээгүүр доогуур гэж ярихаа больё. Зүгээр л манай нийгэмд аль ч давхаргад, ямар ч газар байгаа зүйл. Байдаг л юм шиг болох гээд байгаа зүйл. Ядаж энэ нэг хулгай байдаггүй байсан бол хэсэг ч гэсэн хүнд итгэж болохоор доо. Тийм учраас цавчаа гэдэг зүйлийг бүгдээрээ үгүй хийе. Цавчаа хийж байгаа хүнд сайн ойлгуулж хэлье. Харин хэлээд ойлгохгүй байгаа хүнийг таны мөнгийг хулгайлах гэж байсных нь төлөө цагдаад өгчихсөн ч болно шүү дээ. Залилан гэх том хэргэнд ч унагаж болох биз. Гол нь энэ зүйлийг нийтээрээ жигших хэрэгтэй байгаа юм. Бид чинь одоо бие биедээ итгэдэг болмоор байна шүү дээ. Хүн л нийгмээ өөрчилж чадна. Хүн л хүмүүсээ өөрчилж чадна. Хүн өөрийгөө өөрчилж чадна.

Monday, September 23, 2013

Үүргэвчтэй аялагч гэж хараахаа боль

Манай улс сүүлийн үед аялал жуулчлалыг хөгжүүлье хэмээн ихээхэн ярих болж. Аялал жуулчлал бол маш ашигтай бизнес юм. Жуулчлалаас орж ирж байгаа орлого экспортын орлогод тооцогддог. Яагаад гэвэл мөнгө гаднаас орж ирж байгаа учраас тэр. Манай улсын аялал жуулчлал 2012 оны байдлаар 475,917 жуулчин хүлээн авч байна. Өдөрт манай өргөн уудам газар нутагт та бидэнтэй хамт 1304 (хүн амтайгаа харьцуулвал 0,00047 хувь буюу 100,000 тутамд 47 хүн/өдөр) гадаад хүн явж байдаг гэсэн үг байх нь. Хангалтгүй тоо л доо. Үүргэвчтэй аялагч л манайд орж ирэх юм, тансаг жуулчид нь хэзээ ирж Монголд мөнгөө үрэх юм гэж байна. Уг нь ингэж бодох нь зөв. Гэхдээ өнөөдөр бид өнөөгийн байдлаа бодитоор харах хэрэгтэй. Тэр баян тансаг жуулчид манайхыг арай л зорих хэмжээнд биш байна. Баян тансаг аялагч нар бол мэдээж тансаг зочид буудал, тансаг дэлгүүрүүд, тансаг бар ресторанд тухалж байгаад явна. Ядаж л тансаг зэрэглэлийн машин, нисдэг тэрэг түрээслэчих газар байхгүй шүү дээ. Ямар МИ-8 аар үйлчлэлтэй биш. Казино ч байхгүй. Гэхдээ энэ бол одоохондоо л юм.
Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл гуай саяхан японд болсон монголчуудын уулзалтан дээр хэлэхдээ "Дэлхийн бүх хотууд аялал жуулчлалын тал дээр өрсөлдөгчид" гэж хэлсэн. Нээрээ л бодоод байхад тийм л байгаа юм чинь. Тэртээ тэргүй манайх Токио, Парис, Лондон, Берлинтэй одоохондоо дүйцэхгүй учир баян тансаг жуулчид тийшээ л явна шүү дээ. Манай Улаанбаатар энэ тал дээр арай л болоогүй байгаа гэдгийг ухаарах хэрэгтэй. Бодитой харах хэрэгтэй байгаа юм.
Баян тансаг жуулчид бол мэдээж дэлхийн жуулчдын маш бага хувийг эзэлнэ. Дэлхий дээр баячууд нь цөөхөн байдаг учир. Харин дундаж давхаргын аялагчид олон байх шүү. Тэднийг л татах хэрэгтэй. Манайд онгон зэрлэг байгаль, нүүдэлчин соёл, 4 улирал гэх мэтээр хүмүүсийг татах зүйл маш олон байдаг. Миний харьцаж үзсэн япончуудын ихэнх хувь нь хэзээ нэгэн цагт Монгол заавал явна гэдэг юм. Манай улсын ганцхан уур амьсгалыг аваад үзэхэд л дэлхийн аль ч газар байдаг уур амьсгал нэгэн газарт төвлөрсөн мэт байдаг. Гэвч тал нутгийн салхи гэж ер нь энэ дэлхийн хаана ч бараг байхгүй зүйл Монголд бас байнаа. Энэ тухай монгол бадарчин Амай (Золбаяр) их ярьж, хөгжүүлэх бодолтой яваа юм байна лээ. Түүний ярилцлагуудыг эндээс үзэж болно. Ер нь үзчих хэрэгтэй.
Үүргэвчтэй аялагчид бол жинхэнэ аялагчид гэж хэлмээр байна. Э.Бат-Үүл гуайн ярьж байгаагаар бол тэд дунджаар нэг хоногт 179$ Монголд үлдээдэг гэсэн судалгаа байдаг гэсэн. 50$ байсан ч яахав дээ. Хамгийн гол нь маш ихээрээ ирэх ёстой.
Аялал жуулчлал гэдгийг хамгийн энгийнээр дараах маягаар ойлгочихвол болох байх. Зочид буудлын эзэн өрөөгөө гадны оронд зөөж аваачаад тэндээ хүн хонуулж мөнгө аваад, аль нэг дэлгүүрийн эзэн ундаагаа Америк ч юм уу, Япон ч юм уу хаа нэгэн газар аваачиж зарж байгаа гэсэн маягаар. Энэ чинь л экспорт байхгүй юу. Хөгжүүлвэл маш ашигтай. Өөрсдөөс илүү зардал гаргалгүйгээр экспорт хийж байна гэсэн үг юм уу даа.
Одоо ингээд Монголд маань энд тэнд тааралддаг үүргэвчтэй аялагчдыг бүгдээрээ 179$ явж байна гэж харж байя. Аялал жуулчлал хөгжөөд ирэхээр энэ тоо мэдээж өснө. Энэ салбар ер нь дээр дурьдсанаар маш их өрсөлдөөнтэй салбар. Ямар нэгэн зүйлээр бид үргэлж татаж байхгүй бол жуулчдын урсгал хаа нэг тийшээ шилжчихнэ. Өөр улс руу явдаг болчихно. Тийм болохоор ядаж жуулчдаа хараан зүхдэггүй байя. Үүргэвчтэй аялагч, маш бага зардал гаргачихаад яваад өгдөг гэж хараахаа больё. Ирэхэд нь сайхан сэтгэгдэлтэй буцааж байя. Сайхан сэтгэлтэй ард түмэн шүү дээ манайх чинь угаасаа.
Эцэст нь нэг юм сануулахад аль ч орны ямар ч хүн дэлхийг тойрох юмсан гэсэн мөрөөдөлтэй байдаг шүү. Зах зээл нь том байгаа биз. 7 тэрбум шүү дээ.

Saturday, September 21, 2013

Амьдралын стандарт

Хүний хэрэгцээ хязгааргүй гэдэг. Монголд тоглолтоо хийж байгаа Т-АRA хамтлагийг хүмүүс их шүүмжилж байнаа. Янз бүрийн шаардлага тавьсан л гэх юм. Биендээ хүрэхийг хориглоно гэдэг бол мэдээж энгийн шаардлага. Ямар айрагдсан соёолон хүлэг биш дээ, хэн ч хүрэхгүй л дээ уг нь. Гэхдээ хэлчихсэн л болохоос энэ чинь зүй ёсны шаардлага. Тэрэнд нь эмзэглэх шаардлага ч байхгүй. Манай Монголоос ямар нэгэн хамтлаг эсвэл дуучин гадаадад тоглолтоор явахаар бол хүмүүс өөрт нь гар хүрээд байгаасай гэж хүсэхгүй л байх.
Улс бүрт л амьдралын анхан шатны хэрэгцээнүүд байна л даа. Хэн ч үл ойшоодог ч байж л байх ёстой мэт зүйлүүд. Жишээ нь манай найзын хуучин найз охин нь гадаадын хүн байсан. "Японы энэ хэсгийн зам муухай тиймээ?" гэж хэлсэн гэж байгаа. Тэр нь гэхдээ Японы хамгийн энгийн зам байсан л даа. Монголын замтай харьцуулвал мэдээж сайхан зам байсан гэсэн. Гэтэл амьдралын стандарт нь өөр хүмүүс арай л өөр юм шаардаж байгаа юм. Зам гэдэг бол тэдний хувьд угаасаа л сайхан байдаг зүйл. Үйлчилгээ нь ч гэсэн угаасаа л сайхан байдаг. Ер нь л хүний амьдрах орчин, хүн хоорондын харилцаа зэрэг нь угаасаа л сайхан байдаг гэж боддог байх. Бараг боддог ч үгүй байх. Угаасаа байгалийн хууль гэж ойлгодог бизээ. Надад бас тохиолдсон жишээ гэвэл нэг америк найз маань Япон дахь цагийн ажлын цалинг голж байнаа. Харамч байгаа биз гэж байна. Цагийн 850 еэн. Энэ Монголд бага мөнгө биш л дээ. Австрали багш маань бас хэлж байна. "Япон нээрээ цалингаа нэмэхгүй арай л удлаа, хэцүү байгаа биз" гэж байна. Австралид бол цагийн ажил хамгийн багадаа 12$ орчим байдаг бололтой юмаа. Герман гэх мэт европын оюутнууд хүртэл Австралид суралцангаа ажил хийж, мөнгө хуримтлуулдаг гэнэ. Амьдралын өртөг өндөртэй ч гэсэн мэдээж хүрэлцээтэй, хуримтлал ч үүснэ. Иймэрхүү өртөгтэй амьдардаг учраас л гадны хөгжилтэй орон гэгчийн наад захын хэрэгцээ нь манай тансаг хэрэглээтэй бараг дүйж очиж байгаа юм.
Өнөөдөр T-ARA ирж байна. Маргааш бид бүр том оддыг урьна шүү дээ. Тэд бүр л их өндөр шаардлагатай байж таарна. Тэгэх болгонд нь дуугаа өндөрсгөөд л хараагаад байх хэрэггүй. Бид ч гэсэн ер нь шаардлагатай зүйлээ нэхэж л амьдрах хэрэгтэй. Хараагаад хэрэггүй. Сурвалжлагч нар утасгүй микрофон барих хэрэгтэй гэж хэлсэн гэсэн. Түүнийг нь бол зүгээр л орхичих. Гэхдээ л хамгийн үнэн гэвэл хөгжингүй орны хүмүүс хамгийн багадаа л ийм юм шаардана шүү. Том од бол бүр л том юм шаардана. Алтаар хийсэн суултуур ч шаардаж мэднэ. Хэрэглээ нь л тэр юм чинь. Ямар ч буруу байхгүй байгаа биз дээ.
Одоо харин манай ээлж. Амьдралын стандартаа дээшлүүлээд л байх хэрэгтэй. Манайд жишээ нь утас, машин зэрэг нь угаасаа байж л байдаг зүйл болж байгаа биз. Гэтэл Африкийн ядуу оронд юун утас, юун машин. Өглөө уух уснаасаа өөр зүйл бодохгүй байгаа хүмүүс байж л байгаа шүү дээ. Шаардуулвал уцаарлаад гэдийгээд суугаад байлгүй "Энэ чинь нээрээ хүний л хэрэгцээ шүү дээ" гэж сэтгэх хэрэгтэй. Наад захын шаардлагыг бусдад ч тавьж, өөртөө ч тавьж явсан цагт Америк, Австрали хүмүүстэй зэрэгцэх цаг хүрээд л ирнэ.
Би дандаа л мөрөөдөх юм даа. Гэхдээ боломжгүй зүйл мөрөөдөөгүй шүү. Та ч гэсэн сайхан мөрөөдөөрэй. Ингэж бичиж байгаа нь ч өөртөө байнга сануулж байх гэж бичиж байгаа хэрэг. Өөр юу өөрчилчихмөөр байна, сайхан мөрөөдөөрэй та. Биелнэ.

Wednesday, September 18, 2013

Хүн хэлээрээ, мал хөлөөрөө

Монголд хүмүүс буутай жагсаал хийж байна гэнээ. Хэдэн жилийн өмнө ингэж хэлсэн бол хүмүүс "Гайгүй байлгүй" гэх байсан биз. Би ч бас сонсоод арай үгүй байлгүй дээ гэж бодож байлаа. Гэвч харамсалтай нь тийм биш ажээ. Бүр дээр нь тэсрэх бөмбөг энд тэнд байрлуулсан байв. Дэлбэлэх гэж байсан юм болов уу даа.
Байгаль орчныхоо төлөө дуугардаг "Гал үндэстэн" гэх мэт холбоо нэгтгэлүүдэд талархах нь зүйтэй. Тэдний ачаар бид өнөөдөр уул уурхай хэрхэн манай онгон зэрлэг байгалийг минь сүйтгэж байгаа тухай мэдээлэл авдаг. Нэг талаас төр бидэнд мэдээлэл өгдөг ч гэсэн, нөгөө талаас эдгээр байгаль орчноо хамгаалах ТББ -ууд ч тэнцвэртэй мэдээлэл авахад минь тусалдаг.
Эдгээр байгууллагууд өвөг дээдсээсээ өвлөн авч үлдсэн энэ сайхан нутгаа, байгалиа сүйтгэчихгүй юмсан гэсэн зорилготой үйл ажиллагаагаа явуулж байна. Гэхдээ миний харсанаар тэд сая арай л болчимгүй үйлдэл хийлээ. Байгалиа хамгаалах нэрээр ард иргэдийнхээ амгалан тайван байдалд, хүмүүсийн амь насанд заналхийллээ шүү дээ. Тэсрэх бөмбөг энд тэнд тавьсан гэж байгаа нь үнэхээр аюултай. Байгаль орчны тухай ярих гэж байгаа бол хүний амь насанд заналхийлэх ямар хэрэг байнаа. Хичнээн улс орныхоо төлөө дуугарч байсан ч хүний амь насанд хүрвэл алуурчин, хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулвал террорист болно шүү дээ. Хүмүүс ч дургүйцнэ. Зорилгодоо хүрч чадахгүйд хүрнэ.
Улс орныхоо ирээдүйд санаа зовдоггүй хэн байхав. Дээр дооргүй л санаа зовж байна. Ганцхан УИХ -ын гишүүд, байгаль орчноо хамгаалах ТББ -ууд ч биш. Жирийн иргэн би хүртэл тогтвортой бодлоготой, гадаад дотоодод нэр хүндтэй улс шиг улс байгаасай гэж үргэлж боддог юм. Саяын болж өнгөрсөн эмх замбараагүй байдлыг яг ингээд харвал нэг хэсэг нь эдийн засгаа аврах юмсан, нөгөө хэсэг нь байгаль орчноо аврах юмсан гэсэн 2 асуудал дээр л зөрчилдөөд байгаа хэрэг шүү дээ. Үүнийг сайхан ярилцаад, хамтраад явбал болохоор л харагдаад байдаг юм. Үндсэндээ 2 асуудал зэрэг авч явна гэсэн үг л дээ. Саяын тохиолдол дээр яавч "Гал үндэстэн" зөв шийдвэр гаргасангүй. Буу шийдэм, тэсрэх бөмбөгөөр зэвсэглэж бусдыг айлган сүрдүүлнэ гэдэг угаасаа бүтэхгүй санаа.
Бидэнд бас нэг засчихмаар дутагдал харагдаад байдаг. Юм л болохоор 76 -г хараадаг, дайрч давшилдаг. Зүгээр л нэг хоосон толгойтон, юм идэж уухын дон туссан хүмүүсийг гаргачихсан юм шиг л байдаг. Төрийн ордон дотор 76 болохгүй нөхөр суугаад Монголыг зараад сууж байгаа мэтээр хардаг. Хар зах бишдээ ямар. Яалаа гэж ард түмэн тийм хүмүүсийг сонгох вэ дээ. Итгэл алдах нэгэн байх л байх. Гэхдээ бүгд биш. Улсаа хөгжүүлчих юмсан, ард иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлчих юмсан гэсэн хүсэл тэдгээр хүмүүст байлгүй л яахав. Яаж ахин нэг шат ахих уу гэж яваа нэгнээ доош нь татах үйл ажиллагаа явуулаад байх шиг харагдаад байдаг.
Одоо зэвсэг барих цаг биш ээ. Энэ хэнд ч таалагдахгүй. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэг өвгөдийн сайхан сургааль байна. Ард олныхоо амьжиргааг ч бод, амар тайван амьдрах хүрээлэн буй орчноо ч бод. Хариуцлагатай уул уурхайг бий болго. Миний бодлоор энэ л эдийн засгийн үр өгөөж талаасаа ч, байгаль орчин талаасаа ч зөв гарц юм шиг санагддаг.

Monday, September 9, 2013

Улаанбаатар 2040

За өчигдөрхөн 2020 оны олимпийн хот зарлагдлаа. Токио хот ч шалгарчихлаа. 1964 онд олимп авч байсан Токио бол миний одоогийн хамгийн сайн мэдэх гадаадын хот. Авах ч эрхтэй хот. Зам тээвэр нь үнэхээр сайн хөгжилтэй, хүмүүс нь найрсаг, спортод ч элэгтэй, чинээлэг газар. Дэлхийн хамгийн аюулгүйгээр шоудаж болох 10 хотын тоонд ордог юм билээ.
Хүн төрөлхтний хамгийн том баяр наадам бол мэдээж "Олимпийн наадам" бизээ. Итгэл найдвар, эрч хүч, эв нэгдлийг илэрхийлж чаддаг гайхамшигтай баяр. Улс орноо дэлхийд таниулах алтан боломж. Өнөөгийн Япон ямархуу түвшинд явж буйг 2020 онд харуулах бизээ.
Өнгөрсөн олимп Бээжинд болсон. Өнөөдрийн Хятад улс ямархуу түвшинд явж буйгаа дэлхий нийтэд таниулсан. Хөрш орных нь хүн байж би Хятадыг сайн мэдэхгүй л явж байлаа. Олимпийн нээлтийн ёслол зэргийг нь үзээд үнэхээр "Мундаг юмаа" гэж дуу алдсан. Түүх соёлынх нь тухай ч мэдлэгтэй болж авсан. Ийм л нөлөөтэй наадам юм даа.
2040 оны олимпийн наадмыг Улаанбаатар хотдоо авъя гэсэн тэмүүлэл саяхнаас манай төрийн өндөрлөгүүдийн түвшинд яригдаж эхэлж байна. Улаанбаатар хотын захирагч маань хүртэл Улаанбаатартаа авъя гэж хэлж байсан. Үнэхээр авмаар байна. Дэлхий нийтэд Улаанбаатар хотоо таниулмаар байна. Эх орондоо бүтээн байгуулалт хиймээр байна. Монгол орноо сурталчилмаар байна. Хөгжмөөр байна. Дэлхийн хүмүүсийг Монголд маань ирж мөнгөө үрээсэй гэж хүсч байна.
Олимп авахад бидэнд маш их бүтээн байгуулалт хэрэгтэй л дээ. Наад зах нь нийтийн тээвэр, спортын цогцолборууд, зочид буудлууд гэх мэт. Бас пара олимп болдог гэдгийг ч мартаж болохгүй. Тэргэнцэртэй иргэд ч хаа ч хүрч болохоор хотыг бий болгоё. Улаанбаатарт олимп болтол 27 жилийн зай байна.  Юун түрүүнд олимп авах чин хүсэл тэмүүлэлтэй болмоор байна. Туркийн Стамбул хот сая олимпийн эрхийн төлөө өрсөлдөөд ялагдлаа. Туркийн нэг хүнд ноогдох ДНБ нь $18,343 юм байна. Ийм эдийн засагтай байж өрсөлдөж байна. Мэдээж 2040 онд ДНБ бол өшөө өндөр түвшинд яригдах байх. Өнөөдөр манай нэг хүнд ноогдох ДНБ маань $4,800 ам.доллар. 2040 он гэхэд энэхүү тоог $48.000 ам.доллар болгочих юмсан. 2040 онд бид одоогийнхоос 10 дахин л их юм үйлдвэрлэж байхад болно. Их хол сонсогдож болох ч энэ бололцоогүй зүйл яав ч биш. Боломжтой зүйл шүү. Хятад улсын хувьд нэг хүнд ногдох ДНБ нь $6,073 байна. 2008 оны олимпийн үед өшөө бага байсан байж таараа. Гэхдээ л олимпийг авчихсан. Миний хувьд хятад нийт ҮНБ -нийхээ үзүүлэлтээр авсан байх л даа. Эдийн засгийн хур хүчин чадалтай орон шүү дээ.
Өнгөрсөн наадмын өдрүүдээр одоогийн "Чингис" -ийн талбай дээр болсон шоу үнэхээр залуу хүн бид бүгдэд урам өгсөн. Нэг сайхан мэдрэмж. Хүний нутагт байгаа ч энд байгаа монгол найз нөхөд маань тийм гэхийн аргагүй догдолсон. Үгээр хэлвэл урам зориг л гэх байх. Залуучууд бидэнд урам зориг, тэмүүлэл хайрлах чинь маш амархан. Хариуд нь хөөрөөд бид юуг ч хийчих байх шүү. Төрийнхөн минь, гэр бүл минь, залуучууд, найз нөхөд минь бие биедээ үргэлж сануулж байя. Яг л Тангууд улсыг мөхөөгүй гэдгийг өдөр болгон сануулж бай гэдгийн адилаар 40 оны Олимп манайх шүү гэж. 40 оны олимпийг 48,000 ам.долларын ДНБ -тэйгээр авчихъя гээд л явчихъя, өөрсөддөө итгэе.

Saturday, September 7, 2013

Тэнэгтэж болно, тэр 5 шиг л биш шүү

ТҮЙ МАЙ
Өчигдөр манай улсын бас л олны танил, боловсролтой гэж тооцогддог нөхдүүд маань төрийн ордон руугаа салаавч үзүүлсэн байх юм. Нэгэн твиттерчин "Сүү өргөдөг байсан ордон руугаа салаавч үзүүлээд юу л болоод байна даа" гэж жиргэсэн байсан. Үнэхээр юу болж байнаа.
Одоогоор хөрөнгө оруулалтууд гацаанд ороод долларын ханш өсч л байна. Үүнд бухимдаж болно, гэвч салаавч үзүүлж болохгүй. Ядаж байхад боловсролтой хүмүүс байх нь гутамшигтай. Нэртэй эмч ч байна, хуучин Монголын Оюутны Холбооны дарга ч байна. 5 -уулаа бүр их сайхан бахдалтайгаар гаргаж харагдах юм. Ирээдүй хойч үедээ ямар л үлгэр дууриал болоод байна даа. Хүний юу хийх нь тэдний эрх ч гэсэн ёс суртахуун гэж байх ёстой юм байгаа биз дээ. Олон нийтийн газар бие засч болохгүй гэдэгтэй л ижил. Хуулиар зохицуулахад хэцүү зүйлсийг хүн төрөлхтөн өөрсдөө ёс суртахуун гэгчээрээ зохицуулаад өдийг хүрсэн л байна. Овоо гайгүй гэсэн хүмүүс нь тэгээд "Түй май" гээд байвал хөөрхөн дүү нар маань "Түй май" гээд л явна шүү. Би л лав дүү нараа "Салаавч" гаргаад яваад байхыг нь хараад баймааргүй л байна. Иймэрхүү үйлдэл гаргаж байгаа хүмүүсээс хөгжих гээд байгаа юм уу, ухрах гээд байгаа юм уу гэж асуумаар санагдаад байдаг юм.  Ёс суртахууны доройтлын талаар яриад л байдаг нөхдүүд олон нийтийн сүлжээгээр тийм юм цацна гэдэг үнэхээр утгагүй хэрэг. Хүн нэг бүр л ёс суртахуунтай байж энэ улс маань ёс суртахуун гэгчтэй байна биз дээ. Хаа хамаагүй бие засч болохгүйтэй бас л адил. Дотны найздаа тоглоомоор үзүүлж байсан бол өөр хэрэг ээ. Гэтэл твиттерээр нэг тараах юм даа. 
Ичиж байгаа болов уу, сайхан гарууд. Би өмнөөс нь их ичиж байна. Өөрийгөө ийм юм бүү хийгээрэй л гэж дарж, захирч явъя даа. Үлгэр дууриал болж гийгүүлэхгүй юмаа гэхэд уруу татахгүй л амьдаръя.


Wednesday, August 28, 2013

Найзуудаасаа суралц

Шуудай будааг цацахад зүүний ширхэгэн дээр үлдэх магадлалаар хүн бий болдог гэдэг. Бид хүмүүн болж төрсөндөө үнэхээр азтай. Өнөөдөр найзтайгаа гадаадад суралцах болон найз нөхдийн хэр чухал болох талаар жаахан хэлэлцэв.
Гадаадад суралцаж байгаа хүмүүс жаргаад л явж байгаа юм шиг санагддаг. Гэтэл бидэнд чинь байрны мөнгө, сургалтын төлбөр гэх мэтээр зовлон их шүү дээ. Ажил хийж ам тосдоно гэдэг шиг цалингаа буухыг хүлээгээд л өдөр хоногийг өнгөрөөдөг. Энэ нь гэхдээ эргээд бидэнд маш том сургамж юм даа. Ер нь оюутнууд ингэж байх нь зөв ч юм шиг. Хүн ер нь ямар нэгэн сорилттой тулахдаа л гарах гарц, шийдвэрлэх арга замыг хайн толгой нь ажиллаж эхэлдэг билээ.
Мөн бидэнд зөв үлгэр дууриал болох найз нөхөд үнэхээр чухал. Найз нөхөддөө аль болохоор муу мэдээ дуулгахгүй байсан нь дээр болов уу. Гэр бүлийн хүмүүжил хүнд мэдээж хэрэгтэй боловч бид үргэлж л найз нөхдөөсөө хүмүүжиж байдаг юм биш үү. Зөв бодолтой сайхан найзууд эргэн тойронд тань байсан цагт ямар ч хүн хэзээ ч уруудаж дордоно гэж байхгүй. Үргэлж хэн нэгэндээ хүч нэмж, урам өгч байхад л хэн хэнээ аваад л яваад байх биз. Байх биз ч биш энэ бол мэдээжийн зүйл. Найзуудаасаа үргэлж урам авч, найзууддаа урам өгч байхад хэцүү зүйлийг даваад л явчихна. Амжилтийг өөрийнхөө төлөө байлгах л болно.
Хүн юуны төлөө амьдрах ёстой вэ гэдгийг найз нь мэдчихлээ гэж би найзыгаа бичихийг хараад бахархав. Би гэр бүл ч юм болов уу гэж бодож байхад " Хайртай хүмүүстээ л аз жаргал бэлэглэж, тэднийхээ төлөө л байсан нь дээр юм байна" гэж байна. Хайртай хүмүүст маань хамгийн эхлээд зүй ёсоор гэр бүл маань орно, дараа нь найз нөхөд, хайртай охин, багш гэх мэтээр цуварч өгнө биз дээ. Эдгээр хүмүүсийн төлөө л амьдрах нь утга учиртай мэт. Миний найз ингэж л үлгэр дууриалал болж байна шүү дээ. Тэгэхээр найз нөхдөөсөө бид хүмүүждэг гэдэг нь харагдаж байгаа биз.
Эцэст нь хомосапиенс хүн бий болсон нь одоогоос 80000 жилийн тэртээ ба бидний өвөг дээдэс дунджаар 65 насалж байсан гэвэл бид чинь 1231 хүний үргэлжлэл юм байна шүү дээ. Бид зүгээр л энэ дэлхийд ирээд буцах дэлхийн настай харьцуулж ч бараг болохооргүй өчүүхэн хугацаанд амьдраад өнгөрөх өчүүхэн амьтад. Энэ л үедээ хэн хэндээ эерэг зөв энергийг өгч байх нь бидний бараг л үүрэг юм биш үү. Найзуудаа сурга, найзуудаасаа суралц найзуудаа.

Tuesday, August 27, 2013

Битгий гоочил

Гадаадаас ирчихээд эх нутгаа битгий муул, битгий гоочил. Миний эх орон шиг сайхан улс хаана ч байхгүй. Манай Монголчууд шиг сайхан сэтгэлтэй хүмүүс ч ховор. Бид өөрсдийгөө бусадтай харьцуулж байж дутагдалтай талаа мэдэж авцгаадаг. Манай Монгол ерөнхийдөө хөгжлөөр тааруу гэдгийг бид бүгдээрээ л мэдэж байгаа. Хийх юм бидэнд ямар их байгаа юм бэ. Үнэхээр сайхан. Энэ цаг үед амьдарч байгаадаа би л хувьдаа баярладаг. Хөгширсөн хойноо ач зээ нартаа "За өвөөг нь залуу байхад Монгол маань ийм байсаншд, тухайн үедээ хэцүү л байсан одоо ийм сайхан болж" гээд л ярьвал ямар уу. Янзтай байгаа биз төсөөлөхөд л.
Миний мэдэхээр Япон залуус бидэнд их атаархдаг. Та бүхэнд хийх хүсэл зориг, боломж бололцоо ямар их юм бэ гэж.
Нүдэндээ галтай Монгол залуучууд ч үнэхээр сайхан шүү. 3-хан саяуулаа өргөн уудам газар нутгийг эзлэн суудаг ер нь манайхаас өөр ийм азтай улс байна уу. 20 -хон жилийн дотор манайх шиг хурдацтай хөгжиж байгаа улс ч ховор. Мундаг мундаг манай монголчууд ер нь мундаг.
1988 онд анх монголд очсон нэгэн япон эмэгтэйтэй ярилцаж нэг өдрийг өнгөрөөсөн. Дэлгүүрт нь юу ч байхгүй, онгоцны буудлаас нь дусаал гоожсон тийм л улс угтсан гэсэн хэхэ. Япон хэлтэй онгоцны үйлчлэгч байхгүй тэр эгчийг гуйж онгоц газардлаа гэсэн зарлал хэлүүлсэн гэж байгаа. Бидэнд ийм цаг үе байсан. Одоо харин өдөр ирэх тусам Монгол маань өөрчлөгдөж байна. Сайхан болж байна. Бүр сайхан болгохын тулд бид бүгдээрээ одоо хичээх л үлдэх шив дээ. Угаасаа хийх хүсэл зориг нь хангалттай байгаа тийм сайхан үе байна.
Гадаадаас битгий муулаарай, гадаадаас ирчихээд битгий гоочлоорой.

Monday, August 26, 2013

Хүсэл хүчтэй шүү

Хүн ер нь нэгэн зүйлд зүрх сэтгэлээ зориулж чадах л юм бол үр дүн нь хугацаанаас л хамаардаг болдог юм байна. Ахлах сургуулиасаа эхлээд л Япон оронд суралцана гэж боддог байлаа. Ахлах сургуулиа төгсөөд тэтгэлэгт шалгалтанд тэнцээд Японд суралцана гэсэн бодол л тэр үед байсан. Ахлах сургуулиа ч төгссөн, шалгалтаа ч өгсөн тэгсэн яасан тэнцээгүй. Ер нь л өөрийгөө чадахгүй гэдгийг ойлгож ирсэн. Тийм болохоор арай гэж 3 жил сурсан Япон хэлээ мартмааргүй байсан учраас Япон хэлээ хаяхгүй дээ хэмээн бодоод Соёл-Эрдэм ДС -д орсон. Тэгсэндээ ч алдаагүй. Учир нь Японд суралцана гэсэн бодол маань сэтгэлийн мухарт минь байсаар л байсан. Тэр хүсэл маань эцсийн эцэст 3 жилийн дараа биелсэн.
Одоо бодоход би ер нь өөрийн яг ирээдүйд юу хийхээ мэдэхгүй л байна. Яг мэргэжлээрээ ажиллах юм уу гэхээр хэцүү. Ажил хиймээргүй ч юм шиг. Нэгэн хэвийн уйтгартай ч юм шиг. Гэвч эр хүний дотор эмээлтэй хазаартай морь эхнэр хүүхэдтэйгээ, Монголынхоо хөгжилтэйгээ цуг багтаад л явж байна.
Япон хэл сурч байгаагийнхаа хувьд би Японы эзэн хаанд бараалхаж хүндэтгэлийн хэллэгээр нь амар мэндийг нь асууж ярилцахыг хүсдэг, эрэгтэй хүнийхээ хувьд намайг төгс ойлгох тэр нэгэн сайхан эмэгтэйтэй гэрлэж хүүхэдтэй болохыг хүсдэг, Монгол улсын иргэнийхээ хувьд өвөг дээдсийнхээ бидэнд үлдээсэн улс эх орноо хөгжүүлж Монголчууддаа сэтгэл хангалуун амьдрахад нь хувь нэмэр болохыг хүсдэг гэх мэт өөр олон зүйлийн хувьд ямар нэгэн зүйлийг хийхийг хүсдэг. Яг л Японд заавал суралцана гэсэн шигээ одоо үргэлж бодож байгаа зүйл цаг хугацаанаас л хамаарна гэдгийг мэдээд байна. Хүсэл тэмүүлэл байвал бид юуг ч хийж чадах тийм л амьтад юм даа.

Monday, August 5, 2013

Ерөнхий сайд болон дагаж явсан хүмүүсийнх нь мөнгийг буцааж өг

Хөөрхий ерөнхий сайд маань өнгөрсөн өвөл баахан хүмүүстэй цасан шуурганд төөрөөд сүйд болсон билээ. Нисдэг тэрэг очиж авраагүй бол 70 хүний амь яах ч байсан юм билээ. Би хувьдаа тэднийг аварсан гэдгийг сонсоод баярлаж суув. Гэтэл хэд хоногийн дараагаас аварсан мөнгөө нэхээд эхэлдэг юм байна. Ёстой гайхсан. Одоо хэрвээ би цасан шуурганд төөрөөд, онцгой байдлынхан ирж аварлаа гэж бодоход дараа нь надаас нисдэг тэрэгний бензиний мөнгө нэхэх нь л дээ. Яасан ч арчаагүй юм. Нисдэг тэрэгний зардлыг төлүүлье гэж залуу.ком анхлан санаачиллаа гэж солиорч байсан. Намайг төөрвөл битгий нисдэг тэргээр хайгаарай бурхан минь. Ууланд морозко болсон нь дээр байх. Монгол улсын иргэн амьд байх дархан эрхтэй шүү гэж хэлье. Ажлаа ч хийж явсан, амарч зугаалж явсан ч иргэнээ аврах л ёстой. Шал согтуу ч байсан, шал ядуу ч байсан, ер нь ямар ч байсан хүн л бол аврах л ёстой. Монгол улс иргэнээ авраад мөнгө нэхээгүй нь сайн хэрэг. Харин юм болгоныг улс төржүүлдэг сэжиг хүрмээр зантай хэсэг нөхдүүдийн хийсэн ээлжит ажил. Муухай биз дээ та хэдийг аварчихаад мөнгө нэхвэл.
Сэлэнгэд осолдсон эх хүү 2 бидэнд маш том сургамж үлдээгээд явсан. Тэднийг хэрвээ нисдэг тэргээр аварсан байсан бол яасан сайхан бэ. Энэ тал дээр улс маань аль хэдийн бодоод эхэлчихсэн гэдэгт найдаж байна.

Wednesday, July 31, 2013

Соёл-Эрдэм дээд сургуулийн оюутан

Зуны зугаатай цаг ирлээ Соёл-Эрдэмийн оюутнуудаа. Манай сургууль бидэнд дүүрэн боломж олгож байдаг шүү. Хүн ер нь ямар нэгэн боломжийг маш санаандгүйгээр гартаа оруулах үе олон байдаг. Мөн ямар нэгэн боломжийн тухай санаандгүйгээр олж мэдэх нь ч олон байдаг. Би та хэдтэй зүгээр л өөрт бодогдож байгаа зүйлээ хуваалцъя гэж бодлоо.
Соёл-Эрдэм Дээд Сургуулийн давуу тал юунд байдаг вэ. Миний бодлоор манай сургууль ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг их дээд сургуулиудаас үнэхээр хол тасархай гэж хэлмээр байна. Би сургуулийнхаа Шилийн Булаг жуулчны талаар яриагаа эхлэе гэж бодож байна. Одоо ингээд бодоход үнэхээр маш сайхан дурсамжууд маань энэ л жуулчны баазтай холбоотой. Хамгийн сайн найзуудаа ч энэ л бааз дээрээс олсон. Манай сургуулийн оюутнуудын Япон хэлний мэдлэгээ жинхэнэ шалгаж болохоор газар гэж хэлмээр байна. Яагаад гэвэл бааз дээр бид шууд япон хүмүүстэй харьцдаг. Мөн дээд курсын ах эгч нараасаа маш олон зүйлийг сурч авдаг. Баазын үйл ажиллагаа хэрхэн явагдах нь шууд л сэнпай (дээд курсын ах эгч) нараас хамаарна. Өнөө үеийн залуучууд бид чинь өөрсдийгөө Монгол гэж цээжээ дэлдэх мөртөө Монголд амьдарч байгаа гадаадууд аятай үндэснийхээ соёл, уламжлалыг сайн мэддэггүй шүү дээ. Миний хувьд ч ялгаагүй л байсан. Бүр монголынхоо талаар Монголд ирж байгаа жуулчдаас ч дор мэдлэгтэй, ядаж л морь унаж чаддаггүй байсан. Морь малын тухай ямар ч ойлголт байхгүй хүн байлаа шүү дээ. Үнэхээр ичмээр. Харин аз болж Соёл-Эрдэм сургуульд орсноороо одоо япон хүмүүст ядаж л нүүдэлчин ахуйн талаар танилцуулах мэдлэгтэй болж авсандаа баярладаг. Хөдөө айлд хоноход яг л гадаадад байгаа юм шиг сэтгэгдэл төрж байсан энэ бол үнэхээрийн үнэн. 
Хоёрдугаарт манай сургуулийн 3 сараар Япон улс руу хэлний дадлагаар явуулах програм. Энэ бол ёстой том боломж шүү. Хөгжингүй улсын нууц нь хаана байдгийг энэ 3 сарын хугацаанд л мэдэж авах болов уу. Хөгжингүй улс гэдгийг зүгээр л хөдөлмөрч улс гээд ойлгочиход болно. 3 сараар явахдаа өөрсдөө маш сайн ойлгоно гэдэгт итгэлтэй байна. Бөгтөр бөгтөр эмээ өвөө нарыг хараад энэ л хүмүүс улс эх орноо нуруундаа үүрч ирсэн учраас ийм бөгтөр болсон юм байна даа ч гэж бодогдож байлаа. Мөн мэдээжийн зүйл бол 3 сарын хугацаанд Япон хэлний мэдлэг тань үнэхээрийн шинэ түвшинд гарна гэдэгт итгэлтэй байна. Өөрийн хичээл зүтгэл бас маш чухал шүү.
Дараагийн нэг сайхан давуу тал бол Японы олон их дээд сургуулиудтай маш сайн харилцаатай байдаг явдал юм. Манай сургуулиас маш олон оюутан Япон улсад суралцдаг юм шүү дээ. Саяхан болж өнгөрсөн Япон дахь Монголчуудын "Хаврын баяр" -т оролцоод сургуулийнхаа оюутнуудтай уулзаад "Манай сургуулиас ямар олон оюутнууд байдаг юм бэ" хэмээн бодогдож байсан. Ер нь л сургуульдаа баярлалаа гэдэг үгийг энэ бичлэгээрээ хэлэхийг үнэхээр хүсч байна. Одоо би Япон улсын Ообэрин их сургуульд тэтгэлэгээр сурч байна. Энийг уншиж байгаа таньд ч гэсэн маш их боломж байдаг юм шүү. Зөвхөн хичээл биш сургууль нийтийн, нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцсоноор та өөрийгөө ч хөгжүүлнэ, багш нар ч таныг дэмжинэ. Хичээлдээ ч мөн шамдах хэрэгтэй. Үүнийг зөвхөн найзууддаа ч биш манай сургуульд шинээр элсэн суралцах эсэхээ шийдэж ядаж байгаа дүү нартаа ч гэсэн зориулж байгаа юм шүү. 
Жицүрёкү гэдэг япон үг байдаг. Энэ нь жинхэнэ болон хүч чадал гэсэн ханзнаас бүрддэг үг бөгөөд монгол хэлэнд буулгавал жинхэнэ хүч чадал гэсэн үг. Үүнийг л манай сургууль маш сайн дүгнэдэг гэдгийг хэлмээр байна. Таньд байна шүү дээ, яг надад л байсан боломж нээлттэй байгааг дахин дахин сануулж хэлмээр байна. Бидний боломж яг адилхан "Тэг" -ээс эхэлдэг.
Эцэст нь намайг хэн ч үүнийг бичээч гэж хэлээгүй бөгөөд би зүгээр л сургуулийнхаа оюутнуудад дүүрэн дүүрэн боломж үргэлж нээлттэй байдгийг дахин дахин 
сануулмаар байсан учраас бичихээр шийдлээ. Намайг дэмждэг сургуулийнхаа захирал, багш нар, мөн ажилчид, найзууд, дүү нартаа сургуулийнхаа 20 жилийн ойн баярын гал халуун мэндийг дахин дахин хүргэе. Та нартаа үнэхээр их баярлаж явдаг шүү. Шавь нь итгэлийг нь алдахгүй маш олон зүйлийг Япон орноос сурч аваад хайртай Монгол орноо "Хөб" хийтэл нь хөгжүүлэхэд өөрийн чадахаасаа ч илүүг хийх болноо. 



СЭДС -ийн эдийн засгийн 3 -р курсын оюутан Т.Цэлмэг













Monday, June 17, 2013

Өглөөний хүн


Бидний өдөр яаж эхэлдэг вэ. Үргэлж "Алив урагшаа" гэж хэлүүлж эхэлдэг. Энэ үгийг хэлдэг хүн бол мэдээж кондуктор. Твиттерчид "Биднийг үргэлж урагшаа гэж хэлдэг кондукторууддаа баярлалаа" гэсэн пост нийтэлсэн байхыг хараад нээрээ л тийм байна шүү гэж бодогдсон. Гэхдээ энэ бол мэдээж ёгт утга л даа. Би кондукторууд нэг л зүйлийг сайн ойлгоосой гэж хүсдэг. Юу вэ гэвэл тэд бол бидний өглөө гэрээсээ гараад хамгийн түрүүнд шууд харьцдаг хүн. Өглөө үрчийсэн уурласан хүн таарахаар нэг л хэцүү байдаг. Өнөөгийн нийгэм хэцүү байгааг ойлгож болох ч (хэцүү ч гэж дээ харин ч сайхан зүйл рүү тэмүүлэх эрмэлзэл бий бо
лоод байна) тэгээд хэн энэ нийгмийг өөрчлөх юм бэ. Хойч үе үү. Үгүй ээ. Өнөөдөр бид л өөрчлөх ёстой. Хүн хүнээ хүндэтгэсэн, бие биедээ инээмсэглэл бэлэглэсэн нийгмийг өнөө үеийнхэн хөгшин залуугүй бүгд бүтээлцэхгүй бол дараагийн үе маань бас л үрчийсэн болох нь байна шүү дээ. Өнөө үеийн үүрэг нь тэр юм. Хааяа бас хөөрхөн ааштай гоё кондукторууд таардагийг бас үгүйсгэхгүй л дээ. Тийм кондуктор таарахаар миний баярлахыг яана, дандаа автобусанд суудагийг хэлэх үү.
Нэгэн удаа би Улаанбаатарыг гадаад хүнд танилцуулвал гэсэн эссэ бичихдээ ямар ч байсан л та бүхэн автобусанд сууж үзээрэй гэж бичсэн. Хамгийн шуурхай бөгөөд хямд унаа. Мөн дамжаад дамжаад Улаанбаатарын хаана ч хүрч болно гэдгийг бахархалтайгаар өгүүлсэн. Тийм л биз дээ.
Бас нэг гайхдаг зүйл бол аливаа нэгэн байгууллага "Инээмсэглэл" аян гэх мэт харилцааны соёлтой байлгах аянг хааяа хааяа зохиодог явдал. Ийм аян бол миний хувьд үйлчилгээний байгууллагын үргэлжийн үйл ажиллагаа байх ёстой зүйл. Хэзээ ч 1, 2 долоо хоног зохиогоод өнгөрчих зүйл биш байх ёстой хамгийн энгийн зүйл мөн билээ.
Миний бодлоор энэ бүдүүлэг бие биенээ зандачсан байдал бол социалист нийгмээс үлдсэн гаж үлдэгдлийн нэг мөн. Суувал суу байвал бай гэсэн сонин тогтолцоо тэр л үеэс гаралтай. Энэ бас хүнсний дэлгүүрүүд дээр ажиглагддаг зүйл. Тухайн үед оочерлож оочерлож худалдагч дээр ирсэн үйлчлүүлэгчидтэй ийм л маягаар бүдүүлэг харьцаж ирсэн. Оросууд бас л ийм.
Монголчууд өнөөдөр гадагшаа явах болж, өндөр хөгжсөн харилцааны соёл ямар байдгийг яваагүй байлаа ч телевиз, радио, интернэтээр мэдэх болсон учраас арай л өндөр шаардлага тавьдаг болсон байна. Өнөөдрийн зандачсан, үрчийсэн байдлыг арилгахыг хүсдэг болсон байна гэдгийг учир мэдэх хүмүүс нь тунгаамаар юм даа. Монголын нийгэм маань өөрөө соёлтой болохоо хүсээд тэмүүлээд байхад энэ эрмэлзлийг унтраамааргүй байна. Ер нь нийтийн тээвэр болоод өөр бас бус салбарыг харилцааны өндөр ёс суртахуунтай болгоход хэн анхаарах ёстой юм. Ажлаа хийгээч гэж л гуйя даа.
Нийтийн тээврийн газрыг хүнтэй зүй бусаар харьцдаг хэмээн шүүхэд өгвөл таарна. 

Sunday, June 16, 2013

Багшлах боловсон хүчнээ анхаарах нь


Байнга сонсогддогч ерөөсөө бодож үзээгүй зүйл өнөөдөр надад бодогдлоо. Их дээд сургуулийн боловсролын асуудал өнөөдөр тулгамдсан асуудал мөн боловч бид дунд сургуульд ач холбогдол өгөх цаг ирсэн мэт санагдаж байна. Ерөөс ганц хаягдаж байгаа салбар энэ байна гэдэгтэй маргах хүн бараг гарахгүй бизээ. Манай улс ардчилал зах зээлийн нийгэмд шилжих үеэр багш нар хамгийн бага цалинтай бүлгийнхэн болж хувирсан. Мөн хотжилтын шалтгаан ч нөлөөлсөн байгаа. Яагаад гэвэл өнөөдөр их дээд сургуулийн хуваарь хөдөөд ирэхэд хамгийн түрүүнд МУИС, ЭМШИУС, ШУТИС -ийн хуваарь дуусна. Хүмүүнлэг, ХААИС -ийн хуваарь гэх мэтээр явж байгаад хамгийн сүүлд улдсэн хуваарь болох багшийн сургуулийн хуваарийг арга буюу сонгоно. Яагаад гэвэл эцэг эх нар нь улсын сургууль сонго гэж хэлдэг учраас тэр. Тэгээд ч манай нийгэмд улсын сургууль л бол сайн гэсэн явцуу ойлголт байдаг. Ингээд дунд сургуулиа төгсөөд ирсэн сурлага нь ч сайн биш хүүхдүүд багшийн сургуульд орж ирнэ. Энэ тогтолцоо бол маш эмзэг сэдвүүдийн нэг яах аргагүй мөн. Хөдөөнөөс ирсэн хүүхэд багшийн сургуулиа төгсөөд хотын сургуульд л багшаар орно. Гэтэл хотын хүүхдүүд өнөөдөр интернэт, радио телевизээс маш их мэдээлэл авсан байдаг ба шинэ үеийн хүүхдүүд өөр зүйл сонирхож байгааг мэддэггүй. Мөн 70 жилийн турш суурьшсан соёлтой хүүхдүүдэд 4 жил хотод сургуульд сурсан хөдөөний соёлтой хүмүүс хичээл заана гэдэг нэг л авцалдаагүй мэт санагдаж байна.
Яагаад би өнөөдөр бага сургууль биш дунд сургууль гээд байна вэ. Яагаад гэвэл миний ойрын хүрээний хүмүүс ч тэр, бүр олны танил хүн ч тэр 5, 6 -р ангиасаа сурлага нь муудсаныг хүлээн зөвшөөрдөг. Тэгэхээр яах аргагүй дунд сургуулийн чанар маш муу байгаа нь ойлгомжтой харагдаж байна. Та ч гэсэн ойрын хүрээний хүнээсээ хэзээ хичээлдээ муудсаныг лавлаад үзээрэй.
Багшлах боловсон хүчин гэдэг асуудалд сүүлийн жилүүдэд манай улс анхаарах болсон ч нэг л хангалтгүй санагдаад байгааг хүлээн зөвшөөрөх бизээ. Шинэ үеийн залуусыг ирээдүйн хүмүүсийг бэлдэх багш гэдэг ажлын ямар нэр хүндтэй, ямар хариуцлагатай ажил гэдгийг сайн ойлгуулах асуудалд төр засаг маань анхаарлаа хандуулаасай гэж хүсч байна. Харин хэрхэн энэ асуудлыг шийдвэрлэх вэ?
Юуны түрүүнд Монголын залуусаа гадаадад багшийн мэргэжлээр сургахад онцгой ач холбогдол өгч, үнэхээр сайн багш болох чин хүсэлтэй залуусыг гадаадын сургуульд сурахад нь дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. 100 хувийн тэтгэлэг болон амьдрах зардлыг нь ч төрөөс хангаж өгөх хэрэгтэй болов уу. Юм л бол бас төр гэж хошуураад байж болохгүй учраас хувийн компаниуд маань ч гэсэн нийгмийн хариуцлагаа ухамсарлаж тэтгэлгийн уралдааныг хангалттай зарлах хэрэгтэй. Гадаадад боловсрол эзэмшээд эхэлвэл мэдээж өөрийн орныхоо дутагдалтай талуудыг эргэцүүлэн бодож харьцуулан дүгнэх нь ойлгомжтой. Бид хэдийгээр гадаадад ийм тийм байдгийг ерөнхийд нь гадарлах авч үнэхээр орчинд нь орсон цагт л сайн мэргэжилтэн болно. Энэ бол зүгээр миний хувийн л бодол ба Япон улсад ирээд ажиглагдаж байгаа зүйл.
Багш нарын нийгмийн баталгааг мөн маш сайн хангаж өгөх хэрэгтэй. Хамгийн гол нь цалинг нь шат дараатайгаар нэмэгдүүлэх шаардлагатай. Багш нарыгаа өнөө маргаашийн амьдралдаа бус сурагчдынхаа ирээдүйн амьдралд нь санаа тавих, сурагчидтайгаа хамт цагийг өнгөрөөх, мартагдахааргүй дурсамжийг, мэдлэгийг үлдээж чадах тийм л хэмжээнд аваачих хэрэгтэй. Багш нар өнөө маргаашдаа сатаарахааргүй болсон цагт мэдээж өөрийн мэдлэгийн хүрээгээ тэлэх цаг нь их болоод ирнэ. Ер нь энэ бол аль ч мэргэжилд адилхан болов уу. Дуртай дургүй авдаг Багшийн сургуулийн хуваарийг булаацалдаж авдаг, мэрийж байж зорилго тавьж байж авдаг тийм л салбар болгоцгооё. Энэ бол өнөөдрийн манай нийгмийн захиалга мөнөөсөө мөн. Эцэст нь хэлэхэд өнөөдөр бидэнд сонсогдоод байгаа хэргүүдтэй холбоотой тэрбум тэрбум төгрөгүүдийг багш нартаа, ирээдүйд багш болох залуустаа зориулсан бол ямар олон залуусыг гадаадад сургах, чанартай сургалтын орчин хэдийг л бол хэдийг бүрдүүлэх хангалттай мөнгө байсан гэдэгт маш их харамсаж байна.

Wednesday, June 12, 2013

70200 -г оюутнуудад биш багш нарт олгоё


70200 төгрөгийг оюутнуудад биш багш нарт өгье. Энэ бол оюутан миний санал. Энэ мөнгө надад хэрэггүйдээ би ингэж хэлээгүй. Харин надтай адил боловсролтой болох гэж мэрийж байгаа оюутан залуусын тусын тулд юм болов уу хэмээн ойлгож байна. Өнөөдөр манай улсын багш нар бараг л дундаж давхаргаас доошоо унах гээд байна. Хөгжингүй орнуудад бол багш нар хамгийн дээд давхаргад байдаг. Багш нар маань өнөөдөр өнөө маргаашийнхаа асуудалд маш их цаг заваа зарцуулж байна. Багш нараа дэмжсэнээр бид чанартай боловсролыг багш нараасаа нэхэхэд нүүр бардам байх бөгөөд багш нар маань ч өнөө маргаашдаа биш ирээдүйн ХҮМҮҮСт санаа тавьдаг болох боловуу. 70200 төгрөг өгсөн ч хамаагүй шүү дээ. Гол нь ирээдүйн маш том хөрөнгө оруулалт болно гэж бодож байна. Улс орнууд ер нь багш нарын асуудалдаа маш их анхаардаг. Бид хөгжингүй орон хэрвээ болох хүсэлтэй л байгаа юм бол хөгжингүй орон болохыг зорьж л байгаа юм бол энэ асуудал их чухал гэж бодож байна. Хэрвээ би ерөнхийлөгч байсан бол 70200 төгрөгийг оюутнуудад олгуулахын тулд ерөнхийлөгч өөрийн шагналт цалингаа авахгүй гэж мэрийж байсантай адилаар багш нарт ч мөн олгуулахын тулд 70200 төгрөгийн тэтгэлгийг, өөрийн шагналт цалинтайгаа хамт татгалзаж багш нарт олгодог болтол нь хориг тавих байсан. 

Sunday, March 24, 2013

Номон дээр гишгэсэн алдас - О.Дашбалбар


Эрт дээр үеэс ном судрыг хөл дороо гишгэх нь бүү хэл, хоймортоо хүндлэн тахиж ирсэн гэгээн сайхан ёс Монголчуудад бий. Энэ нь  бишрэл шүтлэг бус, оюун ухааныг нэн эрхэмлэн дээдэлдэг байсны илрэл юм. Ард түмэн маань 9 эрдэнээр номоо бүтээж, өөрийн улсын төдийгүй, дорно дахины олон мянган жилийн өв соёлыг нандигнан хадгалж ирсэн билээ. Манай эриний өмнөх II зууны үед амьдарч агсан Энэтхэгийн суут гүн ухаантан Нагаржуна өөрөө дал модны навчин дээр ланз үсгээр бичсэн гэж алдаршсан “Жадамба” буюу 8000 шүлэгт хэмээх алдарт номноос эхлээд 220 хуудастай, хуудас бүр нь цалин цагаан мөнгө бөгөөд сум модоор жаазлан хийж, бүлэг бүрийн эхний болон төгсгөлийн үгийг алтаар бүтээсэн 52 кг алт, 400 кг мөнгө орсон үнэт номыг хүртэл зүйрлэшгүй сайхан ном эрдэнийн баялгийг Монгол улс хадгалж байна. Чухам яаж хадгалж байгаа тухайд санаа тавих хэрэгтэй боллоо.
1.      Сая гаруй судрыг хураасан хийгээд тараасан нь
Гал усны гашуун зовлон туулсан нүүдэл суудлын их замдаа ард түмэн маань ном судраа үрэлгүй тээсээр өнөөг хүрчээ. Хэдий их үрэгдсэн ч гэлээ цаад юм нь далай их болохоор эдүгээ үлдэж хоцорсон нь чамлахааргүй, тордож янзлаад авбал хойч үедээ элбэг хүрэхээр юм. 1960 аад оны эхээр Гэсэрийн сүм, Гандан хийдийн мэдэлд ирж, хөдөө гадаанаас цугларсан хур их номыг хийх газартай болсондоо баярласан хийдийн захиргаа нэн даруй арга хэмжээ авч сүмийг засуулж, будаг шунхыг нь өөрсдөө хийжээ.
Тэгээд жил бүрийн урин дулаан цагт ном цэгцлэх ажил хийсээр арваад жилийн турш ажиллахдаа олон зуун жилийн тоос шороо, ис тортогтой номыг тэвчээр гарган янзалсаар тоогүй их номыг цэгцлэн гүн ухаан, одон орон, анагаах ухаан, урлаг зэрэг олон чиглэлээр ялгаж, засаж сэлбэн аймаглан, бүгдийг шогол, баринтагтай болгож хаяг, тайлбар зэргийг гүйцэд хийжээ. “Гол сүмд хураасан ном багтахгүй болохоор баруун болон зүүн урд сүмд нь тавиур (равсай) хийсэн. Нутаг нутгаас ирсэн ном шүү. Эцэг эх, өвгөд хөгшдөө нас бармагц үр хүүхэд нь тэдгээр номуудыг хадгалж хамгаалах газар гэж найдаад Ганданд өгдөг байв. Авдар сав, машинаар ч ном ирдэг байсан. Бид хамгаалах гэж чадлаараа л хичээсэн. Үрэн таран хийхгүй гэж итгэж ирүүлсэн сая гаруй номыг эмхэлж дууссандаа их баярлаж билээ. Гэтэл бидний хэдэн жилийн зүтгэл талаар өнгөрсөн юм” гэж нас сүүдэр өндөр болсон Дашням, Доржжанцан нар ярив. “Та нар сэлбээд дуусав уу” гэсэн шиг тэр их номыг Гэсэрийн сүмээс гаргаж, оронд нь түүх, соёлын дурсгалт зүйлийг сэргээн засварлах газрыг оруулах шийдвэр тэр үед гарчээ.
Сая гаруй номыг гунигт нүүдэл ийнхүү эхэлж, өвөл цагт даарч хөрсөн залуус тэдгээрийг ачааны машин руу аргал хөрзөн шиг шидэлж, баринтаг шогол нь задарч, эмх замбараагүй холилдсон өдий төдий номыг шашны сургуулийн байр руу зөөжээ. Урагдаж хийссэн номын хуудаснууд хотын гудмаар хөглөрч, эртнээс ном судар эрхэмлэдэг монголчуудын баринтагны оосрын үзүүрт хийсэн шүр, сувд, мөнгө, зэс, гуулин зоос зэрэг олон зуун мянган үнэт тээг олз хайгчдын гарт оржээ. Онгийн хийдийн нандин шүтээн гэгддэг байсан XIX зууны дунд үед нутгийн баян Найдан гэдэг хүн 200 лан мөнгөөр бүтээлгэсэн 108 зураг бүхий 9 эрдэнийн “Жадамба” гэдэг их хөлгөн судар Гэсэр сүмээс ном зөөх үеэр алдагджээ.
1979 онд Азийн буддистуудын энх тайвны бага хурлын V ерөнхий бага хурал хуралдах болж, шашны сургуулийн байрнаас дахиад л мөнөөх номууд хөөгдөж өндөр Жанрайсагийн сүмд шилжжээ.
Гэтэл бас өндөр сүмд засвар хийнэ гэж Соёлын Яам мөнөөх номуудыг дахин зөөхийг шаардсан байна. Ахиад л нүүдэл... (Түүнээс хойш 10 –аад жил өнгөрсөн ч Жанрайсагт засвар хийгээгүй л байна). Энэ удаа ном хийх аятай тохитой байр олдохгүй болсонд Гандангийн захиргаа арга буюу тэдгээр номуудыг машины гараашд оруулжээ. Тэнд тоос шороонд дарагдаж, борооны дусаал гоожиж, байх аргагүй болсонд удаа дараа яриа гаргаж байж олон номын нилээд хэсгийг Улсын архивт, үлдсэнийг нь Гандангийн агуулах гэгдэх навтгар тагзанд оруулжээ. Таван тийшээ таван удаа нүүдэл хийх замд эдгээр ном үрэгдэж, доройтсоор анх Гэсэр сүмээс зөөхөд 87 машин байсан бол Улсын архивт ачигдаж очихдоо 40 гаруйхан машин болжээ. Тал хувь нь хаачсаныг мэдэх хүнгүй.
Гандангийн гараашид оруулаад аргал хөрзөн шиг хураах үед нь ч эдгээр номыг улсын үнэт өмч, соёлын давтагдашгүй өв гэж хэн ч үнэлсэнгүй, бурхан шашны муусайн номууд гэсэн хандлагатай байжээ.
Хөдөөгийн хүмүүс жинхэнэ хадгалдаг газар нь номоо өгдөг гэж боддог боловч хэрэг дээрээ сүйтгэдэг газар нь авчирсан мэт ийм юм болов. Эмх цэгцээ алдсан эдгээр номыг дахин цэгцлэхэд арван уил ч багадана. Тэр үед Түвд ном сайн мэддэг, ангилж ялгах чадвартай хүмүүс чамлахааргүй байсасн бол одоо тийм нь ховорджээ.
Улсын архив, Гандангийн агуулах хоёрт үлдсэн номын хувь заяа одоо ямар болоод байна вэ.?
“Манайд баахан судар бий, юун тухай ном болохыг ч бид мэдэхгүй. Ямар нэг газар авч хадгал гэж бидэнд үүрэг өгсөн. Одоо нэг давхрын фондод хураалттай байна. Манай ч юм биш” гэж улсын архивын хэрэг эрхлэх газрын дарга С.Даваа хэллээ. Түүхийн төв архивын дарга Г.Норовсамбуу “Албан ёсоор бидэнд хүлээлгэж өгсөн юм үгүй, дөч гаруй машин ном авчирч, манайд түр тавьж байгаа юм гэнэ билээ. Дээрээс өгсөн үүрэг. Бид биелүүлсэн. Нарийн учрыг ялгаж салгах мэдэх хүн алга. Бид энэ олон номыг янзалж мэдэх ч үгүй. Гал усны аюулаас л хамгаалж байна. Тоо хэмжээг нь ч мэдэхгүй. Байшин сав бариад номоо буцааж авах л юм гэцгээсэн. Улсын архив өөрийн үндсэн материалаа шингээх савгүй, хэзээ энэ их номоо татаж авах юм бол?” гэв.
Гандангийн өөрийн нь номын сан нилээд цэгцтэй юм байна. Номын санч, ном сэлбэн засагч 80 гаруй настай өвгөн Сэрээтэр гуай “Алтан Ганжуур” –ыг 3 жил гаруй сэлбэж, нөр их ажил хийжээ. Сэлбэн засагч, номын санч Цэвээндорж, Доржжанцан нар ч маш сайн ажиллаж, сэтгэл зүтгэл гаргаж бүх номыг бүртгэж, баринтагийг нь задлан угааж, индүүдэж хаяг зүүжээ.
Сүүлийн жилүүдэд 1000 шахам ном сэргээж, янзалсныг үзэхэд хуучин бурхан, номыг сэлбэж чаддаг улс байгаа дээр ном засварын групп байгуулж болмоор санагдана. Монгол орны 4 зүг, 8 зовхисоос эдгээрийг цуглуулж чадсан нь сайшаалтай ч хадгалалт хамгаалалт даанч муу, тооч шороонд дарагдаж, ялзарч, хуудас нь урагдаж сүйдэх вий гэж харамсахдаа Гандан хийдийн тэргүүн хамба Х.Гаадан “Энэ номуудыг засах ажил чухал байна” гэж Шашны хэрэг эрхлэх зөвлөлд асуудал тавьсан боловч “Танайд тийм эрх байхгүй” гэсэн хариу авчээ. Зөвхөн хуралд уншдаг номос бусдыг нь засах эрхгүй гэж Шашны хэрэг эрхлэх газрын орлогч дарга С.Цэдэндамба зааж хэлжээ. Гэтэл БНМАУ –ын Сайд нарын зөвлөлийн 1986 оны 220 дугаар тогтоолын долдугаарт “...ном судрыг ашиглах, хадгалж хамгаалах, сэлбэн засварлах болон хийдийн үйлчилгээ, аж ахуйн хэрэгцээтэй холбогдсон бүх зардлыг Шашны төв захиргаа хариуцна” гэж заасан байна.
Соёлын Яамнаас 1987 оны эцсээр бурхан, ном судрын тооллого хийж, засаж сэлбэмээр юм их байгааг дурдаад, гурван орон тоо нэмж, засвар хийх хэрэгтэй гэсэнд Шашны хэрэг эрхлэх газрын референт Жамсран “Соёлын яам Ганданд үүрэг өгч байгаа юм уу” хэмээн эс тоомсорложээ.
С.Цэдэндамбатай уулзахад “Бид төр шашны тусгаарласан хуулийн биелэлтэд хяналт тавих ёстой. Түүнээс биш тэр бурхан ном бидэнд хамаагүй. Ном засах ажлыг Соёлын яам л мэднэ, улсын өмч болохоор улсын байгууллага л хариуцах ёстой” гэв.
БНМАУ –ын Сайд нарын зөвлөлийн 220 дугаар тогтоолд “Хийдийн сүм, дугана, хурал мөргөлийн хэрэгцээнд байгаа бурхан тахилын бүх төрлийн хэрэглэл, ном судар, угсаатны зүйн хэрэглэгдэхүүн, үнэт металл, эрдэнийн чулуу, тэдгээрээр хийсэн эд зүйлс нь бүх ард түмний хөрөнгө учраас Соёлын яам, Сангийн яаманд бүртгэгдэж хамгаалалт, ашиглалтын хувьд эдгээр байгууллагын шууд хяналтад байна...” гэж заасан байна.
Түүх, соёлын дурсгалт зүйлийг сэлбэн засах газрыг Гэсэр сүмд оруулж, тэнд байсан түүх, соёлын үнэт дурсгал болох олон зуун мянган номыг зөөж үрэгдүүлсний хариуцлагыг хэн хүлээх вэ?
Шашны хэрэг эрхлэх газрын зөвлөлийн үүрэг эрхийн заалтад “Шашнаар уламжлагдан хадгалагдах түүх, утга зохиол, соёлын дурсгалт үнэт зүйлийг хамгаалах, сэлбэн засварлах, сурвалжлан олох, орчуулах, нийтлүүлэх зэрэг ажилд шашны байгууллага, лам нарыг оролцуулах...” гэсэн заалт байна.
Монгол, Түвд Манж хэл дээр бичсэн ном судар нь түүх, гүн ухаан, хэл судлал, одон орон, уран зохиол, анагаах ухааны үнэлж баршгүй ховор нандин дурсгал бөгөөд зөвхөн монголын бус дэлхий нийтийн оюуны үнэт баялаг юм. Хүн төрөлхтний тэн хагасын олон мянган жилийн турш бүтээсэн соёлын эрхэм дээжсийг хадгалж ирсэнд нь Монголыг “Соёлын өв тээж яваа орон” гэж үздэг байна.
Түвд хэлээр өөрийн зохиол бүтээлийг туурвисан Монгол хүмүүс 200 гаруй бүртгэгдэж, энэ нь цаашид нэмэн олдсоор байх төлөвтэй. Эдгээрийн дотор 30 гаруй боть ном зохиосон ч хүн байна. Зөвхөн Ганданд 200000 орчим ном, олон тооны гуулин, зурмал бурхад, шашны хурал, номын хэрэгслүүд хадгалагдаж байна. Түүх, соёлын дурсгалт зүйл, архив, музей, номын сангийн фондын хадгалалт, хамгаалалтад хяналт тавих улсын алба бий болгомоор байна.
“Хүн төрөлхтний амьдрал номонд хуран цуглажээ. Овог, аймаг, хүмүүс, төр мөхөж байхад харин ном л хоцордог. Ном бол хүн төрөлхтний хамт өсч, номд оюун ухаан донсолгосон хамаг сургааль тогтнож, зүрх догдлом хүсэл эрмэлзэл шингээжээ” хэмээн Оросын их зохиолч А.Герцений хэлснээс үзэхэд, олон зуун мянган ном судрыг сүйтгэсэн хүмүүсийг хэрхэвч уучилж болшгүй ээ!
Улсын хамгаалалтад байх түүх, соёлын дурсгалт зүйлийн жагсаалтад Гандангийн таван сүм дуган нь одоо болтол ороогүй байна. Соёлын Яаманд 1986 оны 6 дугаар сарын 25 –нд 69 тоот албан бичгийнхээ хариуг Шашны хэрэг эрхлэх зөвлөл одоо болтол аваагүй ажээ.
“Манай улсад шашнаар уламжлагдсан түүх дурсгалын зүйл их бий. Үнэн ба шинжлэх ухаан, эх орны тусын тулд элэгтэй хандаж, энэ бүхнийг засаж сэлбээд авахсан! Энэ тухай удаа дараа санал тавьж байсан. Сангийн Яаманл төсөв хэлэлцэхэд би өөрөө очиж тайлбарлан хүсэлт гаргаад ч бүтэмжтэй хариу аваагүй” гэж Гандан хийдийн тэргүүн Х.Гаадан ярив.
Тэд саяхан номын бага шиг фонд бариулж, хуучин муу байшинд буй нилээд судрыг тийш нь шилжүүлэх бололцоотой болгожээ. Өнгөрсөн оны наймдугаар сарын 15 –наас тус хийдийн гарын ур сайтай авъяаслаг лам Т.Бямбадорж, Л.Пүрэвсүрэн, Ш.Чулуунбаатар нар хийдийнхээ захиргаатай хэлэлцэн тохиролцож “Зуугийн дугана” –ыг 150 жилийн өмнөх унаган төрхөнд оруулж, сэлбэн засах ажил эхэлжээ.
Олон арван жилийн хур шороо тоосыг арилгах, арилж баларсан хээ хуар, баримал, зураг, зүмбэрийг засаж сэргээх нь нүсэр хүнд, нарийн чимхлүүр ажил юм. Дулаалгын шилэн хөвөн, өлөн тоостой намаржин ноцолдож, нарийн будгийн ажил хийж, хахир хүйтэн өвлийн хүйтэнд хуучин сүмийн эзгүй дээвэрт 160 см –ийн зайтай 2 тавцангийн хооронд үргэлж дээш харан амралтын өдөргүй шахуу ажиллаж сэтгэл зүтгэл гаргасан тэдгээр залуусыг Шашны хэрэг эрхлэх зөвлөл хууль хяналтын байгууллагад шилжүүлжээ.
2.      Номон дээр гишгэсэн алдас
Улсын прокурорын газрын онцгой хяналтын прокурор О.Ядмаа тэднийг дуудаж, яагаад сүмд засвар хийж буйг асуугаад “Та нар бол албан газраа ажиллаж байгаа улс, ухаандаа хадланд явсан ажилчин хүн хадлангийн хөлс авдаггүй, цалингаа авдаг учиртайг мэдэх үү, хийдийн захиргаа болон та 3 –ын ам зөрөөд байна. Дараа дуудаж нүүрэлдүүлнэ” гэхэд нь 3 залуу сүм хийд зассан хэрэгт татагдах нь гэж айн балмагджээ. Хэсэг хугацаанд ажил нь ч цалгардсан байна. Хойч үедээ үлдээж хоцроох ёстой, сүм хийд нэртэй боловч хэрэг дээрээ уран барилгын ховор нандин дурсгалыг сэргээх нарийн ур шаардсан ажлыг хадланд гарахтай зүйрлэж болох уу?
Сэргээж буй дуганыг очиж үзсэн хэн ч гэсэн тэр 3 залуугийн нөр хөдөлмөр, авъяас чадварыг магтах буй заа. Хийсэн юм нь хэний ч нүдэнд харагдах болохоор өөр гэрч хэрэггүй. Тэдэнд засварын хөлснөөс тусад нь цалин өгөөгүй байна. Хэдийгээр одоо учир нь олдсон ч энэ мэтийг эргэцүүлэн бодоход бүтээх хийх хүсэл эрмэлзлийг захиргааны муйхар аргаар бүү хохироож байгаасай. 1981.07.01 –нд “Гандантэгчилэн хийдийн мэдэлд байгаа түүх, соёлын холбогдол бүхий эртний ном судруудыг хадгалахад зохих байраар нахгах, уг ном судрыг улсын мэдэлд шилжүүлэх талаар Гандантэгчилэн хийдийн захиргаанаас Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Шашны хэрэг эрхлэх зөвлөлд тавьсан хүсэлтийг зүйтэй гэж үзэж”, “Эртний ном судрыг хүлээн авч хадгалж байх зарим арга хэмжээний тухай” МАХН –ын Төв Хорооны Улс төрийн Товчоо 227 дугаар тогтоол гаргажээ.
Гандантэгчилэн хийдээс болон хот, хөдөөгийн зарим байгууллага, иргэдээс улсад шилжүүлэн өгөх гэсэн эртний ном судрыг албан ёсны актаар тодорхой бүртгэж хүлээн авч байх, эмхэлж цэгцлэн хадгалж хамгаалах, ашиглах зориулалтын барилгын зураг төсөл, төсвийг Шинжлэх ухааны академи, Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Шашны хэрэг эрхлэх зөвлөлд даалгаж, эртний ном судрыг хадгалж хамгаалах, ашиглах зориулалтын барилгын зураг төсөл, төсвийг шинжлэх ухааны академийн захиалгаар 1981 онд багтаан гаргаж, бэлэн болгож өгөхийг Барилга, архитектур, техник, хяналтын улсын хороонд (хуучны нэрээр) даалгасан байна. Барилгыг барих ажлыг 1982 оноос эхлэн хөрөнгө оруулалт, барилга угсралтын төлөвлөгөөнд тусгахыг улсын төлөвлөгөөний комисст, барилгын материал тоног төхөөрөмжөөр хангахыг Материал-Техникийн хангамжийн улсын хооронд тухайн үедээ тус тус даалгажээ.
Дээрх барилгыг санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэрт оруулан 1981 онд нэг сая хүртэл төгрөгийг хувь нэмэр болгох гэсэн Гандантэгчилэн хийдийн саналыг хүлээн авахыг Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Шашны хэрэг эрхлэх зөвлөлд зөвшөөрсөн байна. Мөн Гандантэгчилэн хийдээс улсын мэдэлд шилжүүлэх ном судрыг дээрх барилгыг барьж ашиглалтад оруулах хүртэл Улсын төв архивын байранд хадгалахыг Нийгмийг аюулаас хамгаалах Яаманд даалгасан байна.
МАХН –ын Төв Хорооны Улс төрийн Товчооны энэ тогтоолын Нийгмийг аюулаас хамгаалах яаманд холбогдох заалтаас бусад нь өнөөг хүртэлх долоон жилийн турш хэрэгжээгүй байна. Нам, засаг анхаарал тавьж, тогтоол шийдвэрээ гарган шаардлагатай бүхий л зөвшөөрлийг олгоод байхад дээрх байгууллагууд юу хүлээж,_________________________________________________________ _____________________________________________________________________________________ хамгаалах, ашиглах зориулалтын байр” өнгөрсөн 7, 8 жил цааснаас ажил болсонсон бол өнөөдөр ярьж байгаа асуудал ч гарахгүй, ном судрын хадгалалт, хамгаалалт ч хэвийн байдалд ороод 2 -3 жил болж байхсан.
3.      Хоёр сая гаруй ном цуглуулсны хэрэг зориг
Аль эрт XI –XIII зуунд Монголчууд өөрийн бичиг үсэгтэй, ном хэвлэж, барлах газруудтай байжээ. Түүхэндээ Монголчууд шиг олон бичиг үсэг зохиосон улс ч үгүй юм. Уйгаржин, дөрвөлжин, галиг, соёмбо, тод бичиг нь манай өв соёлын эрхэм нандин дурсгал билээ. Улсын түүх, соёлын өв, ном судрын хамгийн чухал, үнэт хэсгүүдийг хадгалдаг манай улсын үндэсний төв номын санд олон төрлийн номын фонд бий. Түвд номын фондод орж үзвэл толгой эргэм олон ном уул овоо шиг хураалттай байна. Байр савны хүрэлцээгүйгээс номоо таазанд тултал овоолсон үзэгдэнэ. Сүүлийн арван жилд хөдөө орон нутгаар явж судар ном цуглуулсаар байгаа ажээ. Харин байр сав дутаж, зөв тохитой хадгалах аргагүй хэцүүдэж байдаг аж. Олон зуун жилийн ис тортог, утаанд идэгдсэн тэр олон номыг цэгцэлнэ гэдэг зөвхөн номын сангийн хувьд хэрээс хэтэрсэн ажил юм.
Одоогоор 88000 түвд номыг цэвэрлэж баринтагийг угааж, сольж эмхлээд байгаа боловч тэдэнд ном баринтаглахад зориулж хөрөнгө мөнгө олддогүй ажээ.
Гар бичмэл, барын 5420 номонд тодорхойлолт бичиж ном зүйн бүртгэл хийх, монгол эрдэмтдийн түвд хэлээр бичсэн зохиолуудыг дансалж картлах зэрэг асар их ажил хийж эхлээд байгаа ч олон арван жил урсгалаар явж ирсэн бүхнийг цэгцлэхэд хүн хүч, хөрөнгө мөнгө шаардагдсаар байна. 1987 онд улсын номын санд зохих орон тоо нэмсэн боловч түвд номын фондод ганц хүн нэмж өгчээ. Сангийн яамныхан “Түвд ном хэрэглээнд байгаа биш, түүнийг хадгалж л байвал болох юм биш үү” гэж сургажээ.
Ганц хувь буюу олшруулаагүй, дахин барлаагүй, онц ховор ном, гар бичмэлүүдийг эмхлэх ажил 1983 оноос эхэлж, одоо 1800 –аад номыг хувилж, үдэж, хавтаслаад байна.
Шинжлэх ухааны академи олон жилийн турш улсын нийтийн номын сан (УННС) –гийн байранд суусаар байгаагаас болж ном хадгалах байр гаргах байтугай, уншигчид хохирч хэд хэдэн төрлийн үйлчилгээ одоо болтол нээж чадахгүй байна. Аль ч орны номын санд газрын зургийн танхим байдаг. Гэтэл манай улсын номын санд байхгүй. Байлгая гэвч байргүй. Харин байгаа юмыг нь сүүлийн үед бусад газар булаачихсан.
Улсын геодези зураг зүйн газар, УННС –гаас Монгол улсын эртний газрын зургийн эх материалуудыг авч нэгтгэн хэвлээд, хэвлэсэн цөөн хувийг өөрсдөө авч, эхийг нь одоог болтол буцааж өгөөгүйгээс болоод монгол газрын зураг уншигчдын хэрэгцээнээс бүрэн тусгаарлагдан хаагджээ. Улсынхаа номын санд газрын зураг байх нь нийтээр тогтсон ёс, уншигчдын хэрэгцээ билээ.
Номын сангийн удирдлага Соёлын яам, Шинжлэх ухааны академи хоёрын дунд хоёрдмол байгаа нь ч ажилд муугаар нөлөөлж цалгардуулах шинжтэй.
Улсын төв номын сан гурван сая гаруй номын фондтой, түүний каталог нь арван сая шахам карттай учир тэдгээрийн тухай мэдээллээр угшигчдыг үйлчлэх, каталог, картын санг байнга баяжуулан, уншигчдын үйлчилгээнд оруулсан тооцоог хөтлөх, гадаадын зуугаад номын сан, эрдэм шинжилгээний байгууллагатай олон улсын ном солилцоо, абонементийн харилцаа барих үйл ажиллагаа автомачилагдаагүй байгаагаас гараар хийж, асар их цаг, хүч зарцуулж байна. Нөгөө талаар харилцаат орнуудын номын сангууд цөм компьютерт шилжсэн учир манайх ганцаараа хоцорч, тэдгээрийн ажлын арга барилтай авцалдахгүй болж байгаа тул УННС –ыг компьютерчилэх цаг болжээ. УННС –д эртний ховор нандин гар бичмэлүүд, монгол, түвд, манж, хятад, санскрит зэрэг олон хэлээр бичсэн нийтдээ нэг сая гаруй маш чухал ховор бичмэл, баримал ном хадгалагдаж байдаг билээ. Эдгээрийн олонх нь ганц хувь, бас олон он элээж хуучирч хэврэгшсэн учраас үйлчилгээний гар даахгүй гэмтэх эмзэг болоод байгаагийн улмаас эрдэм шинжилгээ, уншигчдын үйлчилгээнд оруулахад ихээхэн бэрхшээлтэй болжээ.
Ах дүү социалист орнуудаас сүүлийн үед микрофильм, микрофиш, видеокассет зэрэг хэлбэрээр ном солилцдог болсон боловч ийм зүйл манайд нэвтрээгүй тул хариу илгээж чадахгүй байна. Ховор гар бичмэл номыг хайрлаж, хамгаалах, гэмтэл согогт оруулахгүйн тулд орчин үеийн аргаар хуулбарлан эх бичгийг баттай хадгалах шаардлагатай байна. Улсын номын санг микрофильт, микрофиш буюу хувилан олшруулах, хальсанд буулгах зэрэг тоног төхөөрөмжөөр хангах цаг болжээ. Энэ тухай хүсэлтээ улсын нийтийн номын сан Шинжлэх ухааны академид удаа дараа тавьсаар иржээ. Гэвч бодитой хариу өгдөггүй байна. Бусад бүх улс орон номыг номоор солихоо больж микрофиш хийдэг болсоор удаж байхад манайх яах вэ?
Эрдэмтэд төрөхөд номын сангийн гүйцэтгэх үүрэг энгийн хүнд ч ойлгомжтой шүү дээ. УННС –ийн фондуудын байр нь зориулалтын тоноглогдоогүй учир агаарын халуун, хүйтэн, чийгшилт, хуурайшилтыг хэвийн хэмжээнд барих нь хэцүү юм. Фондууд агаар салхи бараг үздэггүйгээс нэгшмэл чийг, тоос шороо үнэртэж эдгээр нь номонд элдэв хорхой шавьж, эрвээхэй үржих нөхцөл бүрдүүлж болзошгүй байна.
Хуучин ном судрыг адарт тултал өрж, тэр нь заримдаа чийдэнд ойрхон, номын олонх нь хуурайшсан, модон тавиуртай зэрэг нь галд өртөхөд аюултай байна. Сүүлийн үед номын сангийнхан модон тавиураа сольж эхэлсэн ч хүн хүч цөөтэй энэ байгууллага өөрсдийн хүчээр хийх нь нэн бэрх юм. Одоогоор дөнгөж 150 төмөр тавиур аж ахуйн аргаар хийгээд байна.
Энэ бүхнийг ШУА –ийн тэргүүлэгчдийн газар, БНМАУ –ын Соёлын яам анхаараасай! Одоо болтол Олон улсын номын сангийн холбоонд элсээгүй байгааг бас юу гэж үзэх вэ? Социалист орнуудын номын сангуудын шугамаар болдог номын сангуудын арга хэмжээнүүдэд ч манай улсын номын сангийн оролцоо бараг хаалттай байна.
Дэлхийд ганцхан хувь монгол Данжуурыг манай улс хадгалдаг. Гэтэл түүний 56 ботийн нийтдээ 1400 орчим хуудас муудаж, урагдсан, тасарсан, үсэг нь бүдгэрсэн, дээр нь юм эрээчсэн, толбо суусан гэх мэт гэмтэлтэй ажээ. Ганжуур хэмээх их хөлгөн судар нь 1260 гаруй нэр төрлийн ном багтсан 108 боть, Данжуур нь 3427 нэр төрлийн ном багтсан 225 боть юм. Данжуурын зөвхөн гарчиг нь нэг боть болой. Монгол шунхан Ганжуурыг 1718 -1729 онд, Данжуурыг 1749 онд хэвлэж дууссан нь манай үндэстний соёлын аугаа их ололт төдийгүй, дэлхий дахины ном хэвлэлийн түүхэнд томхон байр эзлэх үйл явдал болсон юм. Бурхны шашны болон эртний Энэтхэ, Түвдийн иргэний ном зохиолын үлэмж том энэ цоморлигт гүн ухаан, учир шалтгааны ухаан, анагаах ухаан, дуун ухаан зэрэг олон ухааны үндсэн зохиол багтжээ. Зөвхөн Ганжуурыг монголчлоход Гунгаа-Одсэр, Ананда-Шрибадра тэргүүтэй 35 мэргэн хэлмэрч гүүш мөн бусад олон хүн оролцжээ. Ганжуур, Данжуурыг орчуулах, хэв сийлэх мөн бичээч нарын хүнс, урчуудын хөлсөнд 41600 гаруй лан мөнгө орсны 31200 ланг монголчууд сайн дураар тусалж, бусдыг улсын сангаас гаргажээ. Энэ бүхэн нь манай ард түмэн номыг хязгааргүйгээр хайрлан хүндэтгэдгийн жишээ, эртний болон дундад эртний дорно дахины өв соёлыг мөнхжүүлэхэд нийтээр оролцсоны баримт юм. Гэтэл одоо шунхан барын Ганжуур цайрч эхлээд байна. Ахиад арван он улирахад гаргаж унших гэж ихээхэн зовж зүдрэх буй заа. Иймээс Ганжуур, Данжуурыг микрофишд буулгах ажлыг хойшлуулалгүй эхлүүлэх цаг болжээ. Түвд хэл, утга зохиол нэвтэрхий мэддэг хүмүүсийн бүтэн үе дууслаа. Тэдгээрээс үлдсэн цөөхөн хэд нь арав, хорин жилийн насгүй болжээ. Бид үгийг буулгаж болно, утгыг нь ухах хэцүү еэ?! Одоо л завдахгүй бол оройтох нь байна шүү.
Олон мянган жилийн соёлтой ард түмэн билээ, бид... гэтэл эртний ном судраа залуу үе нь мэддэггүй. Эртний уран зохиолыг дунд сургуульдаа заадаг нэртэй. Багш нар зохиолын тухай ярихаас биш эх бүтээлийг нь уншаагүй байдаг. Өөрсдөө бүрэн уншиж мэдээгүй юмыг хүнд заахад ямар үо дүн гарах вэ?
Эртний уран зохиолын унших бичиг үгүй, зөвхөн тэр тухай тойм ном л байдгийг Ардын боловсролын яам анхаарах цаг болжээ.
Эртний эом судрыг судалгаанд оруулж наад зах нь “Зуун билиг” –ийг шинэ үсгээр хэвлэх цаг болжээ. Тэр ч байтугай XIX зууны их зохиолч Инжинашийн бүтээл одоог хүртэл шинэ үсгээр алга. Инжинаш, Равжаа, Гүлранс, Ишданзанваанжил зэрэг суут зохиолчдын бүтээл хүүхэд залуучуудад хүртээл болохгүй байна. Энэ тухай ШУА, Ардын боловсролын яам, Улсын хэвлэлийн нэгдсэн редакци зогсонги байдлаа өөрчлөх болжээ.
Улсын архив, Ганданд буй номуудаар багцаалж, хамгийн багаар бодоход манайд гурван сая гаруй ховор ном байна. Хөдөө орон нутаг, аймгуудын музейд баахан ном бий. Зөвхөн Өвөрхангайд 4 -5 машин ном хадгалагдаж байдаг аж. Энэ бүхнийг нэгтгэн төвлөрүүлж дэлхийд гайхагдах “Эртний судрын номын сан” байгуулж, түүнийг дагалдуулан түвд, манж судлалын эрдэм шинжилгээний байгууллага, төв бий болгох боломжтой юм. Эртний судар нь манай улсын валют олох бас нэг эх үүсвэр гэдгийг бодолцох болжээ.
Дорно дахины ном судар сэлбэн засах чиглэлээр хүмүүс бэлдэх хэрэгтэй юм. Түвд номын фондод ажиллах нөхцөл туйлын хүнд, тоос, шороо, чийг, мананцар, утаа үнэртэй байгаа тул хортой нөхцөлд тооцож, хөдөлмөр хамгааллыг сайжруулмаар байна.
Ном тооллогын ажил туйлын хүнд хүчир зүйл. Үүнийг хөнгөвчлөхийн тулд номын мэдээллийг тооцоолон бодох машины соронзон тууүан дээр буулгах шаардлагатай байна. 1930, 1953 онд номын сангийн бүх номыг тоолсон гэх боловч тэр тухай акт баримт алга. Үүнээс үзэхэд энэ номын сан түүхийнхээ туршид номоо бүрэн гүйцэт тоолоогүй мэт байна.
1983 онд монгол номын фондыг нэг бүрчлэн дансаар тоолоход 188919 төгрөг 69 мөнгөний 24550 ном дутаж, 1090 номын дансны дугаар зөрж 800 номын дугаар давхарджээ. Бас данс бүртгэлгүй ном ч олон гарчээ. Түвд номын 120 гаруй мянган каталог бас үрэгджээ.
Тооллогоор дутсан тэр их ном нь чухам хэдийд, хэн гэдэг хүн хариуцаж байхад алга болсон нь мэдэгдэхгүй хийгээд, үүнээс өмнө тоолж тооцоо хийгээгүйтэй холбоотой юм. Эдгээр номын асуудлыг 1984.12.25 –нд ШУА –ийн Тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор, тэр үед захирал байсан З.Цэндрагчаагийн сонсголыг хэлэлцэж 85321 төгрөгийн үнэ бүхий (1978 оноос өмнөх) номыг данснаас хасах шийдвэр өгчээ. Мөн ШУА –ийн 1987.03.23 – ны өдрийн тогтоолоор Европ номын фондоос 1981 оноос өмнө фондод орж, одоо нэхэмжлэх эзэнгүй болсон 30403 ширхэг, 140813 төгрөг 29 мөнгөний үнэ бүхий номоос 100000 төгрөгийн 21598 номыг 1987, 1988 онд дансаар хасч, үлдэгдэл 40813 төгрөг 29 мөнгөний үнэ бүхий номуудыг 1989 онд Тэргүүлэгчдийн хуралд дахин оруулахыг заасан байна.
Тэр заалтын ёсоор бол УННС –гийн үндсэн хөрөнгөөс даруй 226135 төгрөг 19 мөнгөний үнэ бүхий ном данснаас хасах ёстой болжээ. Энэ нь үндсэн хөрөнгийн данснаас хасах байгууллагын эрх мэдлээс хэтэрч, бүтэн 5 жилийн нормтой тэнцэж байгаа нь 1991 онд арайхийж барагдуулахаар зүйл болжээ.
Номын тооллого тооцоог эхнээс нь сайн хийх, ер нь механикжуулах, байр савыг сайжруулах, өөрөөр хэлбэл номондоо дарагдсан байдлаас нь гаргах арга хэмжээ авах цаг аль хэдийнээ болжээ.
УННС –гийн захиргаа 1988 -1991 онд байгууллага хөгжүүлэх цогцолбор програм боловсруулж тулгамдсан, зайлшгүй хийх ёстой олон ажил төлөвлөсөн байна. Түүнийг хийхэд ШУА –ийн хүчин туслалцаа, их хэмжээний хөрөнгө мөнгө, хүн хүч шаардагдах нь тодорхой. Нөгөөтэйгүүр УННС –гаас ард түмний оюуны ертөнцөд 70 орчим жил гүйцэтгэсэн үүргийг ёсоор нь үнэлмээр!хүн бүхний мэдлэг, очиж ном уншдаг энэ байгууллагын 50, 60 жилийн ойг албан ёсоор тэмдэглээгүй нь ч гайхмаар юм. Жилд 70000 гаруй хүнд номоор үйлчилдэг үзэл суртлын онцгой фронт шүү дээ. Эцсийн эцэст ажил хэргийг гардаж байдаг үндсэн байгууллагад хөрөнгө мөнгө дутаж, хөрөнгө мөнгөтэйд нь эрх мэдэл дутаж байдгийн баримт нь УННС, Гандан хийд хоёр юм. Энэ хоёр цэг дээр манай орны хамаг ховор нандин ном судар хадгалагдаж байна.
Гандангаас тавьсан асуудлууд Шашны хэрэг эрхлэх газар хүрээд замхарч, УННС –гаас дэвшүүлсэн өөдрөг санал ШУА –ийн босго даваад таг чиг болдгоос дээрх хоёр байгууллага төдийгүй ард түмний эрх ашиг хохирч байна. БНМАУ –ын Сайд нарын зөвлөл соёлын талаар гаргасан өдий төдий тогтоолынхоо биелэлтэд ч, эх орны соёлын өв санд ч нэгэн адил санаа тавимаар болжээ.
Өвөг дээдсийн авъяас билиг, хөдөлмөр зүтгэлээр бүтсэн олон зуун жилийн өв их эрдэнэ ном, бичгийн соёлыг залгамжлан авсны хариуцлага асар өндөр гэдгийг өнөө үеийн хүмүүс бүгд гүнзгий ухамсарлаж, ялангуяа эртний гар бичмэл, судар бичгийг хадгалах, хамгаалах, судлах, тордох ажлыг шинэ шатанд гаргах хэрэгтэй байна.

                                                                                                            Үнэн 1988 он, №122