Thursday, October 17, 2013

Монгол сэтгэлгээний үнэт зүйл


"Бөртэ чоно, Гуа марал"
Өвөр Монголын зураач Б.Үүрцайх
Бөртэ чоно, Гуа маралын удамтай монгол түмэн. Бөө мөргөл, буддын шашин, нүүдэлчин соёл энэ бүгд монголын баялаг. Ер нь дэлхий дээр манай Монголоос өөр нүүдэлчин соёлоо өдий хэр нь алдаагүй байгаа улс байдаггүй. 1 сая 600 мянган км2  газар нутагтай мөртөө 2 сая 900 -хан мянган хүн амтай. Ёстой л нэг 4 цагийн улиралд дураараа нүүх газартай жаргалтай орны иргэд билээ бид. Бид эцэг эх, өтгөс буурлаа дээдлэн хүндэтгэж, төрдөө ч мөн зохих хэмжээний хүндэтгэлтэй хандаж ирсэн. Олон үндэстэн ястнаас бүрдсэн учир маш баялаг соёлтой. Бидэнд маш олон янзын үнэт зүйлүүд байдаг. Үнэт зүйл гэдгийг хүн төрөлхтөн биет болон биет бус гээд 2 хуваачихдаг. Биет үнэт зүйлүүд бол ойлгомжтой. Египетийн пирамид, Амазоны ширэнгэ, Араб морьд, Герман машинууд тэр ч байтугай Сахарын цөл ч мөн адил тухайн тухайн газар орондоо үнэт зүйл нь. Монголынхоо биет үнэд зүйлүүдээс цухасхан тайлбарлая.
Үнэт зүйл 1
Бидний түүх болон газар нутаг. Төв Азийн цээжин дээр уудам нутгийг эзлэн оршиж буй 2200 жилийн доройтол, сэхэл. Түүхээ мэдэхгүй бол бид түүхэн алдаагаа дахиад л давтана. 200 жилийн дарлалыг амсаж, 70 -аад жил хүний эрхэнд амьдарсан сургамжит түүх бидэнд зөндөө бий. Хоорондоо хагаралдан бутарсан үедээ бид юуг ч хожоогүй. Гэвч бид азаар эцэг өвгөдийнхөө гал голомтыг сахин үлдэж чадсан.
Үнэт зүйл 2
Бидний соёл, зан заншил, хэл. Өглөө эртлэн босоод цайгаа чанаад уул ус, тэнгэр хангайдаа цайныхаа дээжийг өргөдөг ард түмэн монголоос өөр байдаг болов уу? Газар шороогоо гэмтээхгүйн тулд өмсдөг ээтэн хоншоортой монгол гутал монголчуудаас өөр ямар ч үндэстэнд байхгүй нь мэдээж. Баялаг их үгсийн сантай монгол хэл, тэмээг хүртэл уйлтал эгшиглэх морин хуур, наадмаар өмсөнө гээд далд хийх монгол дээл, уртын дуу, хөөмий, биелгээ гэх зэрэг хэнд ч бардам гайхуулах үнэт зүйлс азаар бидэнд байна.
Үнэт зүйл 3
Үнэт зүйл хэмээгч нь хүнгүйгээр хэрхэн бүтэх билээ. Бидний хамгийн гол үнэт зүйл бол Монгол хүн. Дэлхийн янз бүрийн орны хамгийн чухал үнэт зүйл нь хүн нь. Ийм учраас л улс болгон хүнийхээ боловсролд, эрүүл мэндэд анхаардаг болов уу.
Дээрх олон биет үнэт зүйлс бидэнд байгаа хэдий ч монгол сэтгэлгээний үнэт зүйл гэж яг юу байдаг юм бэ. Хичээлийн программ дээр хүртэл монгол сэтгэлгээний үнэт зүйлийг төлөвшүүлнэ гэсэн байх юм. Энэ нь яг юу вэ?
Монгол сэтгэлгээний үнэт зүйл бол цай өргөж байхдаа ээжийн боддог ерөөл байх, ачийг нь хариулахсан гэж боддог хүүгийн бодол байх, эх орноо манан зогсож байгаа хилийн цэргийн зүрхний цохилт байх, цэвэр агаар цээж дүүрэн амьсгалчихаад инээмсэглэх тэр нэгэн мэдрэмж байх. Бид оюун санаандаа ямар нэгэн зүйлийг хийж, түүнээсээ баясаж байгаа маань л Монгол сэтгэлгээний үнэт зүйл болж байгаа хэрэг. Дээр дурьдсан Бөртэ чоно, Гуа марал маань хүртэл домог ч гэсэн би итгэхийг л хүсдэг. Энэ бүгд нийлээд л монгол сэтгэлгээний үнэт зүйлийг бий болгож байгаа хэрэг.
Үнэт зүйл гэдэг бол хэнтэй ч юугаар ч сольшгүй хамгийн эрхэм нандин зүйлийг хэлнэ. Түүнийгээ би өөртөө байнга санаж, үргэлж эрхэмлэн нандигнаж явах бөгөөд хэнээс ч харамлаж бас хамгаалж явна. Мөн үр хойчдоо өвлүүлж үлдээх нь энэ улсыг бидэнд үлдээсэн хүмүүст төлөх ёстой өр бизээ.

No comments:

Post a Comment