Sunday, September 7, 2014

МУ -ын Ерөнхийлөгч Т.Цэлмэгийн мэдэгдэлээс


Юуны өмнө намайг сонгосон нийт ард түмэн биш нэг хэсэгт нь баярлалаа. Улс төр хэмээх их айлд төрснөөсөө хойш чанагдсаар нэг мэдэхнээ 25 жилийн нүүрийг үзсэн байна. Энэ хугацаанд Монгол улс маань багагүй саад бэрхшээлийг туулсан хэдий ч амжилт ололтоор дүүрэн он жилүүдийг үдсэнийг зориуд тэмдэглэхийг хүсч байна. Өнгөрсөн хугацаанд манай улс дэлхийн хамгийн үсрэнгүй хөгжилтэй орны тоонд зүй ёсоор багтсаар ирлээ. Австралид үер болж уурхайнууд нь усанд автсан хойгуур манай улсын нүүрс маш ихээр зарагдсан бөгөөд дэлхийн зах зээл дээрх зэсийн үнэ ч бидэнд маш их боломжийг бий болгосон юм.
Ойрын хэдэн жил хийсэн хамгийн том алдаа гэвэл хэтэрхий их бэлэн мөнгө тараажээ манайхан. Чалко-д өр тавин байж иргэддээ бэлэн мөнгө тараадаг мөн гайхалтай өгөөмөр төртэй улс юм манайх. Энэхүү популист үйл ажиллагааг анхнаас нь дэмжээгүй бөгөөд ирээдүйдээ ч дэмжихгүй. Энэ өдрөөс хойш бэлэн мөнгө тараах гэсэн ямарваа нэгэн үйлдэл болгоныг эрүү үүсгэн шалгах ба хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхээ хатуухан мэдэгдье.
Ерөнхийлөгчийн ажлыг хүлээж авч байгаа энэ билэгт сайн өдрөөс эхлээд миний бие хувьдаа маш чухал гэж боддог зүйлсээ ажил хэрэг болгоно гэдгээ ард иргэд та бүхэндээ амалчихъя.
Манай улсын иргэдийн орлого үнэхээр бага байна. Дэндүү гэхэд дэндүү чамлалттай. Боломж л гарвал иргэдийнхээ цалинг нэмнэ. Цалин нэмэгдсэнээр хэрэглээ нэмэгдэнэ, хэрэглээ нэмэгдсэнээр үйлдвэрлэл нэмэгдэнэ. Цалин нэмэх болгондоо үйлдвэрлэлийг дэмжинэ. Үйлдвэрлэлийг дэмжихдээ мэдээж би жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихгүй. Жижиг дунд үйлдвэрлэгч нар минь битгий гомдоорой гэхдээ санхүүжилт хэрэгтэй бол өөрсдөө банкны зээлд хамрагдах эсвэл гадаадын хөрөнгө оруулагч нарыг татахыг миний бие та бүхэнд уриалж байна.
Хүнд үйлдвэрлэл манайд өргөжих хэрэгтэй байна. Боловсруулах үйлдвэрүүд манайд асар их хэрэгтэй байна. Түүнийг бий болгох хөрөнгө ч хэрэгтэй байна. Мөрийн хөтөлбөртөө тусгасанчлан аймаг болгоны төвд хүнд үйлдвэр дор хаяж нэгийг байгуулах зорилтоо өнөөдрөөс ажил хэрэг болгож байна. Жишээлбэл Сэлэнгэ аймагт шүдэнзний үйлдвэр, түүнийг дагасан тэсэрч дэлбэрэх бодисын үйлдвэрлэл, Дорнод аймагт нефть боловсруулах үйлдвэр, Төв аймагт шил, тольны үйлдвэр гэхчлэн үйлдвэрүүд маань шил шилээ даран төслийн ажлуудаа эхлүүлээд байна. Солонгос Хьюндай -аа хөгжүүлснээр улс нь өдий болсон гэдгийг манайхан бүгд мэднэ. Монополь эрхтэй дор хаяж нэг нэг үйлдвэрийг төрөөс дэмжин байгуулж байгаа нь бидэнд тун удахгүй үр өгөөжөө өгч эхлэх юм.
Дээрх төслүүдийг хэрэгжүүлэхэд боловсон хүчний асуудал эн тэргүүнд тавигдаж байна. Бид дотоодоосоо аль болох боловсон хүчнээ бэлтгэж байгаа ч хүрэлцэхгүй байгаа салбарт гадаадын мэргэжилтнүүдийг урьж авчран ажиллуулж байна. Ажил үнэхээр урагштай, урамтай эхэлж байгаа нь та бүхэнд анзаарагдаж байгаа байх. Юм үйлдвэрлэ, гадагшаа зар, мөнгөтэй бол гэсэн дүрмээр явцгаана.
Мөн өнөөдрөөс эхлэн бид бүхний олон жил хүсэн хүлээсэн хариуцлагын тухай шинэ хууль хэрэгжинэ. Зам тавиад 3 жилийн дотор эвдэрсэн байвал хариуцлагад татна. Дахиад шинээр зам тавиулах эсвэл санхүүжилтээ эргэн төлүүлнэ. Үүнийг би шударга ёс гэж нэрлэж байгаа. Санхүүжилтээ хэрхэн тооцож тендерт оролцох нь тухайн компаний хэрэг бөгөөд бид чанарыг л шаардах юм.
Дээрх мэт олон олон шинэ гэхэд хэцүү зүгээр л нийгмийн шаардлагууд маань хэрэгжээд явж байгааг хараад миний бие тун сэтгэл хангалуун байгаа. Иргэдийнхээ, мэргэдийнхээ үгийг сонсдог чихтэй төр манайд шинээр төрж байна. Анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа.
 

Friday, September 5, 2014

New employee

Hello dear friends.
Hope you are doing well. Recently I joined to international freight forwarding company located in Ulaanbaatar.
I have a few things want to share with you gyus. First of all, sorry about my bad english. This is my first post in english.
This year I graduted my university. I had study in Soyol Erdem for 3 years and last 4th year of my university I studied in Japan. There was so cool.
2 months ago I came back to Mongolia. There is so many changes. Prices have changed a lot, especially rate of MGL tugrug against US dollar.
I have a lot friends who studying foreign languages. In my case I can speak little bit of Russian, Japanese. I thouhgt I can speak english as well. But in reality I couldn't. I can't write in english and can't understand what others saying.
As you know Mongolia is developing country. In this time Mongolia needs lots of well graduated youth. Mongolian government is trying to expand good relationships between neighboring countries and 3rd party countries as well. Private sectors are doing their best, too. One thing I want to say is do your foreign language subject as hard as you can. English, Chinese, Russian, Portuguese, Japanese etc. Especially English. People all over the world are talking to each other in english. Writing, reading in english. Of course there is enough people in Mongolia who knows at least 2 foreign languages. But we have to do more. Good companies need good employees. Good employees have to know their work perfectly, and will be demanded perfect foreign language skill.
Yesterday, I received a direct call from international logistics network company. I just failed. I couldn't describe what I am thinking and what is my opinion.
So don't be like me. Do your english from now even its difficult. Try to do best whatever you are doing.

Monday, September 1, 2014

Цуурай

Өрөвдөлтөй ч гэмээр юм уу, юу ч гэмээр юм ямар ч байсан Японы телевизээр гарч байсан зүйлийн талаар хуваалцъя гэж бодлоо.
Зун үзчихээд тэмдэглээд орхичихож. Тэр нэвтрүүлэг дээр хэдэн залуучууд нийлээд ууланд авирч байна. Орой дээр нь ч гарлаа. Их өндөр байсан. Өндөр дээрээс бас л сайхан харагдаж байлаа. Япон бол угаасаа сайхан байгальтай орон. Ерөөсөө газар гэвэл ногоон эсвэл цемент дөө.
Нөгөө залуучууд маань уулын орой руу авирч, өөсдийн цуурайг сонсохоор гарсан нь тэр юм билээ л дээ. Хашгираад л байдаг хашгираад л байдаг даанч цуурай ердөө гараагүй. Тэгтэл нэг залуу нь iPhone -оо гаргаж ирээд цуурайтаж сонсогддог аппликейшн нээгээд бүгдээрээ орилж, утаснаасаа гарч буй хиймэл цуурайг сонсоод хөгжилдөж байх юм.
Цуурайтдаг газар байхгүй гэж хэлэх гээгүй юм. Цуурайтахаар газар өчнөөн байдаг гэдгийг нь хангалттай үзсэн учраас. Гэхдээ Монголын ориг тэр хадан дахь цуурайг яаж ч гүйцэх билээ дээ. Хамгийн гол нь тэр ухаалаг утсанд л байгаа юм. Өө хөөрхий, цуурайг хүртэл утсаараа гаргахаар гээд л хэсэг бодолд орсон доо. Та нар юу ч гэж боддог юм? Бүү мэдээ.


Sunday, June 22, 2014

Юуны өмнө нэг мөр ойлгоод авъя

Өнөөдөр надад нэг зүйл маш сайн ажиглагдаж байна. Яагаад нэг туйлшрахаараа ингээд бөөнөөрөө туйлширчихдаг байнаа.
Мэтгэлцээн гэж бид бүгд мэднэ. Мэтгэлцэж буй 2 этгээд өөрийн санаагаа эхэлж хэлээд дараа нь утга учиртай, логиктой шүүмж болон асуултанд хариулдаг. С.Баярцогт, С.Ганбаатар 2 -ын мэтгэлцээнийг бүгд зурагтаар үзсэн байх. Баярцогт шиг та ойлгохгүй байнаа гээд ямар ч утгагүй тайлбар хэлээд байвал уучлаарай тэр мэтгэлцээн биш. Ер нь ямар ч мэдээлэл, мэдлэггүй үедээ юунд зорьж ийм зүйл санаачлаад байна гэдгийг эхлээд өөрөө тодорхой ойлгох хэрэгтэй байх. Харин учрыг нь ойлгосон үедээ өөрийнхөө зөв гэдгийг баталж няцаалт хийх нь зөв юм. Өнөөдөр хэн ч юу ч гэж үзэл бодлоо илэрхийлж болох учраас аль нь зөв гэдэг нь мэдээж харьцангуй ойлголт. Гэхдээ мэдэхгүй бол зүгээр дуугүй л бай гэж хэлмээр санагддаг.
Өнөөдөр УИХ -д өргөн барьсан газрын хуулийн талаар бүгд маргацгааж байна. Яг ямар учиртай учраас ийм зүйл санаачлах болов гэдгийг нь эхлээд тайлбарлуулаад ойлгочихъё гэж бодвол зүгээр биз. Миний л хувьд маш сайн тайлбарлуулмаар байна. Монголд 183 хоносон хэнд ч хамаагүй газар олгоно гэдэг заалт нь яг орчихсон юм уу. 6 сарын жуулчны визтэй хүнд мэдээж газар олгохгүй мэдээж. Хэн дуртай хужаа нь 0.7 га газар эзэмшинэ гэж ирээд л шуугих юм. Барилга дээр 6 сар ажилласан Ли овогтод газар өгдөггүй юм аа нөхдөө. Гэхдээ үндэстэн дамнасан корпорацийн CEO Ли овогтод өгчихөж магадгүй гэсэн хар бол байгаа. Угаасаа хардах нь зөв. Харж л байх хэрэгтэй. Үнэн зөв мэдээлэлтэй байхгүй бол Монголын газрыг улаанаар дүрслээд, дээр нь хятадын од, сарыг байрлуулчихсан хэн нэгэн хийх юмаа олж ядсан нөхрийн зургийг интернэтээр нэг цацаад хэрэггүй биз. Хэрвээ би интернэтээр тараагаад явбал гадаад найзууд, танилууд, ах, эгч, багш нар юу гэх бол. Монголын талаар угаасаа мэдээлэл муутай хүмүүст үгүй мөн өөдгүй мэдээлэл очих нь байна.
Бас нэг хэлмээр байдаг зүйл байдаг. Яагаад манайд Атомын цахилгаан станцын талаар яриа ерөөсөө урагштай болдоггүй юм бэ. Атомын цахилгаан станц гээд яриад эхэлвэл хэн нэгэн популист этгээдийн бай болж сүүлдээ бараг геноцид (бөөнөөр нь хүйс тэмтрэх) хийх гэж буй атгаалжин хар мангас болоод дуусна. Нөгөө няцааж буй тал нь атомын цахилгаан станц гэдэг бол сүйрдэг л гэсэн ойлголттой байх бөгөөд ямар ашигтай талаар бодохыг ч хүсдэггүй. Тэгсэнээрээ ч баатар болно.
Саяхан хэд хоногийн өмнө 2 найзтайгаа бас л хэсэг юм ярьлаа. Ярилцаад ер нь залуу хүн бол улс төр гэдэг зүйлийг наад толгойноосоо авч хая гэж хэлмээр санагдлаа. Хүн бүр дотроо ерөнхийлөгч болно гэсэн бодолтой байдаг манайх африкийн иргэний дайнтай газруудаас ялгаагүй болчихсон юм уу. Ерөнхийлөгч гэдэг бол баялаг үйлдвэрлэдэггүй, дэмий. Өдийг хүртэл 4 ерөнхийлөгчийн нүүр үзэхэд тэд ном бичсэн эсвэл номонд хөрөнгө оруулсан. Яахав ном нь мөнгөөр үнэлэгддэг учир бага ч гэсэн баялаг гэж ойлгож болох юм. Тэгээд өөр юу бүтээсэн юм бэ. Хэрэлдэж байх хойгуур минь Вьетнамчууд атомын цахилгаан станцын аварга үйлдвэрээ бариад эхэлчихсэн байна. Гадаадад өндөр технологи, цөмийн энерги, нано технологи гээд үеийн залуучууд час хийсэн боловсрол эзэмшсээр байна. Тэгээд тэд нарыг хаана ажиллуулах гээд монголдоо ир гээд дуудаад байдаг юм бүү мэд. Ядаж өөрсдөө юм хийх гэж байхад нь битгий шантруулаарай, ганц тамганы төлөө.
40 жилийн өмнө японы Токио, Нагояг холбосон 330 км хурдны замыг барьсан байхад бид өнөөдөр Туулын хурдны зам гэх 33 км замыг барьж эхлээ ч үгүй байж байна. Туул голыг ширгээх нь байна гээд бас нэгэн популист битгий гарж ирээсэй билээ. Ер нь тэгээд томоохон төсөл хэрэгжүүлнэ гэж найз нар минь боддог л байх. Анхнаас нь зорилгоо, гүйцэтгэлийн үеийн сөрөг үр дагавар, түүнийг бууруулах арга хэмжээ, ирээдүйд ирэх ашгийг нь сайн тайлбарлаж зүтгэхгүй бол хэдэн популистуудын бай болж сүүлдээ өөрөө мангас болоод дуусна шүү.
Төр засаг гэдэг юмыг толгойноосоо авч хаяхгүй бол бүр урагшлахаа байх нь байна шүү. Намын гар хөл хар залуугаасаа битгий болоорой. Өөрсдийнхөө юмыг хийж, баялаг л бүтээе. Тэр чинь л бидний эх орондоо хийх хамгийн сайн зүйл.
Америк гэж агуу улс байна. Хүйтэн дайны үед хэсэг хугацааны турш дэлхийн нийт үйлдвэрлэлийн 60% ийг дангаараа үйлдвэрлэдэг байсан байгаа юм. Тиймдээ ч өнөөдөр ч гэсэн хүчтэй. Валют нь чанга, бааз суурь сайтай. Одоо хэдэн жилийн дараа энэ бас л эргэнэ. Хятад дэлхийн тэргүүлэгч гүрэн болно. Хятадууд одоо өдөр шөнөгүй, цаг наргүй баялаг, хөрөнгө бүтээж энэ их өрсөлдөөн дунд, тэр их ядуурал үгүйрлээсээ гарах гэж зүтгэж байна. Солонгос, Сингапур, Малайз, Хятад гээд тойроод л хөгжөөд байх юм уу. Бидэнд хийх зүйлүүд маш их байхад хэрэлдээд л байдаг, хэрэлдээд л байдаг. Гэхдээ хараад байхад хэн нь хэрүүлд дуртай, хэн нь хүнд таалагдах гээд ажил гацаагаад байгаа нь харагдаад л байдаг дөө. Ингэсээр байтал наадам боллоо, налайлаа одоо бүгдээрээ.

Saturday, May 17, 2014

Роппонгигийн эцэг Мори

Токио хотын Роппонги дүүрэг гэхээр японд байдаг бүх хүмүүс андахгүй. Энэ газар нь өндөр шилэн оффисын барилга ихтэй ба шөнийн цагаар дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүмүүс клуб, бар цэнгээний газруудаар нь үйлчлүүлнэ.
Би энд айл нүүлгэлтийн цагийн ажил хийдэг. Өдөр бүр янз бүрийн айлууд, оффисуудаар орж гарна. Маш сонирхолтой ажил. Нүүлгэлтийн аль ч компаний ажилтнууд Роппонги дүүрэг рүү явахыг хүсэхгүй байх. Учир нь оффис болон маншён (орон сууц) -уудын жижүүрүүд нь төрөл бүрийн хамгаалалтын зүйлс шаарддаг. Шалыг нь хүртэл хамгаалах бүрхэвчээр бүрэхгүй бол болдоггүй юм л даа.
Роппонги Хиллс Мори Тауэр

Роппонги дүүрэг нь Роппонги Хиллс Мори Тауэр (Roppongi Hills Mori Tower) гэсэн тэнгэр баганадсан барилгаараа алдартай. Маш гоё барилга байдаг юм. Токиогийн тэнгэр баганадсан барилгуудын 10 -р байранд ордог юм байна. Дээд зэргийн зочид буудал, ресторан, оффис, музэй, кино театр, орон сууцнууд байдаг. Роппонги хиллсийг Мори гэх компани барьсан гэдгийг саяхан ажлынхаа нэг ахаас санаандгүй сонссон юм. Тэгтэл Мори бьюлдинг компани нь Роппонгид байх тэнгэр баганадсан барилгуудын ихэнхийг барьсан байх юм. Дайны дараа балгас болсон байсан газрыг орчин үеийн хот болгож чадсан Мори компаний эцэг нь Мори Тайкичиро (Mori Taikichiro) гэдэг хүн байдаг юм байна. Тэрээр 1928 онд Токио Шока Их Сургууль буюу одоогийн Хитоцүбаши их сургуулийг төгсчээ.

МОРИ компаний эмблем
Дэлхийн 2 дугаар дайны дараа Ёкохама Их Сургуульд худалдааны арга зүйн хичээл зааж байсан ба сүүлд нь тус сургуулийнхаа захирал болж байжээ. Түүний аав Мори гуай будааны тариачин, худалдаачин байсан бөгөөд 1959 онд нас барсных нь дараа 2 барилгатай даруухан гэр бүлийн бизнесийг өвлөн авчээ. Тэрээр Роппонгид шинэ аварга барилгууд барихын тулд 500 айлыг нүүхийг ятгаж чадсан байна. Шинэ барьсан орон сууцнууддаа оруулах болон өөр газраар солих зэргээр барилгуудаа барих талбайг олж авчээ. Зүгээр л айлуудын модон байшингууд байсан газрыг орчин үеийн шилэн барилгуудаар сольж, амьдралын шинэ стандартыг нэвтрүүлсэн Мори Тайкичиро нь тун даруухан нэгэн байсан байна. Жирийн нэгэн ажилтан шиг хувцасладаг тэрээр 1992 онд 13 тэрбум ам.долларын хөрөнгөтэй байжээ. 1993 онд тэрээр зүрхний өвчнөөр 88 настайдаа өөд болжээ. Түүнийг өөд болсоны дараа түүний том хүү Мори Минору (Mori Minoru) гэр бүлийн бизнесээ өвлөн авчээ. Минору ч мөн адил гэр бүлийн бизнесээ маш амжилттай эрхэлж байжээ. Энэ хүн миний дуртай Roppongi Hills Mori Tower барилгыг барьсан юм. Мөн тэрээр компаниа удирдаж байхдаа Шанхайн Дэлхийн Худалдааны Төвийн барилгын төслийг гүйцэтгэжээ. Энэ нь Хятадын хамгийн өндөр бөгөөд лонхны бөглөө задлагч шиг хэлбэртэй бас нэгэн гайхалтай бүтээл юм.
Шанхайн Дэлхийн Худалдааны Төв
Өөрийнхөө нэрээр нэрлэсэн 1955 онд байгуулагдаж байсан Мори гэх жижиг үл хөдлөх хөрөнгийн газар өнөөдрийг хүртэл аварга компани болон хөгжиж иржээ. Токиогийн үнэтэй дүүргүүдэд маш олон төслүүдийг хэрэгжүүлэхийн хамт Хятадад хэд хэдэн төсөл хэрэгжүүлсэн юм байна. Хүний амьдрах, ажиллах орчныг төгс шийдэж чадсан энэ гэр бүл үнэхээр гайхалтай байгаа биз. Бүхэл бүтэн Токиогийн төвийн дүүргийг тэд цогцлоосон гэхээр би хувьдаа бишрээд л байгаа юм.
Хүн түүхийг бүтээдэг. Мори гуай түүхийг үнэхээр бүтээж чаджээ. Орон сууц, оффисийн барилгын аварга компанийг бүтээж чаджээ. Төвийн томоохон дүүргийг цогцлоож чаджээ. Төв хурдны замаар явж байхад харагдсан өндөр шилэн барилгуудыг нэгэн гэр бүл бүгдийг эзэмшдэг гэхээр үнэхээр гайхалтай сэтгэгдэл төрсөн. Өнөөдөр ч гэсэн тэд нэгэн төсөл дээр ажиллаж байна. Тораномон хэмээх аварга төсөл нь 2014 онд ашиглалтанд орох бөгөөд Токиогийн хамгийн өндөр оффисын барилгаар тодрох юм.

Компаний гүйцэтгэсэн томоохон төслүүд

1955 (Aug.)Established Mori Fudosan
1956 (Aug.)Completion of Nishi-Shimbashi 2 Mori Building
1957 (Nov.)Completion of Nishi-Shimbashi 1 Mori Building
1959 (Jun.)Established Mori Building Co., Ltd.
1959 (Jul.)Completion of Nishi-shimbashi 3 Mori Building
1973 (Aug.)Completion of Roppongi 25 Mori Building
1978 (Oct.)Opened LaForet Harajuku
1981 (Sep.)Completion of Toranomon 37 Mori Building
1986 (Mar.)Completion of ARK Hills
1993 (Oct.)Completion of Roppongi First Building
1996 (Oct.)Completion of Senmao Building (Dalian)
1998 (Apr.)Completion of Senmao Building (currently Hang Seng Bank Tower)(Shanghai)
1999 (Jan.)Published "Urban New Deal Policy"
1999 (Jul.)Opened VenusFort
2000 (Mar.)Completion of Koraku Mori Building
2000 (Sep.)Completion of Akasaka Tameike Tower
2001 (Jun.)Completion of ARK Yagi Hills
2001 (Oct.)Completion of Atago Green Hills
2002 (Sep.)Completion of Moto-Azabu Hills
2002 (Nov.)Completion of Prudential Tower
2003 (Apr.)Completion of Roppongi Hills
2005 (Feb.)Completion of Holland Hills Mori Tower
2006 (Feb.)Opened Omotesando Hills
2008 (Oct.)Completion of the Shanghai World Financial Center
2009 (Dec.)Completion of Hirakawacho Mori Tower
2011 (Jan.)Completion of ARK Hills Front Tower
2011 (Mar.)Completion of Roppongi Hills Crosspoint
2012 (Aug.)Completion of ARK Hills Sengokuyama Mori Tower
2013 (Sep.)Completion of ARK Hills South Tower
2014Completion of Toranomon Hills (planned)


Тораномон цамхаг

Tuesday, April 22, 2014

Харж байна уу

Заа одоо харж байгаа биз дээ бүгдээрээ. 7 хоногийн өмнө солонгост хөлөг онгоц сүйрлээ. Зургийг нь харахад бол сүйрэхээргүй л найдвартай сайхан хөлөг шиг харагдаж байна. Онгоц хөвж яваад л хөмөрчихлөө. Маш олон хүмүүс үрэгдсэн үнэхээр харамсалтай осол боллоо шүү. Бүхэл үндэстэн байтугай бүх дэлхий даяараа ганц ч болтугай хүн эсэн мэнд олдоосой гэж горьдож байлаа. Гэтэл 7 хоног өнгөрөөд, одоо ч найдвар тасарч байна даа.
4 хоног Чэжүд очиж амрахаар явсан ахлах сургуулийн сурагчид үнэхээр харамсалтай. Гай газар дороос л гэж энэ шүү дээ.
Хөлөг онгоц сүйрэх үеэр онгоцны ахмад нь түрүүлж аврах завинд суусан, эмнэлэгт очоод мөнгөө дэлгээд хатааж байсан, би ахмад биш гэсэн гээд л хар мэдээнүүд японы мэдээгээр цацагдсаар л байна. Мөн Данвон ахлах сургуулийн дэд захирал нь ууланд очиж өөрийгөө боомилж амиа хорлосон гээд л. Үнэхээр өрөвдөлтэй юм. Хайран хүмүүс, хайран хүүхдүүд. 4 хоног амарчихаад л гэр гэртээ хариад өдөр тутмын амьдралаараа амьдрах байсан хүүхдүүд. Одоо цаашдаа солонгосчууд хөлгийн ахмадыг нь амьд явах аргагүй болтол нь үзэн ядах бизээ.
Зүрх зүсмээр юм болж байгаа хэмээн хэвлэлээр дүүрэн мэдээлэл байна. Ялангуяа япон солонгост дургүй учир хар мэдээнүүд яасан ч их цацдаг юм. Гэхдээ мэдээж гашуудсан, санаа зовсон мэдээнүүд явж л байна.
Одоо манай монголд яалаа, асууя. Өнгөрсөн өвөл ээж хүү 2 Сэлэнгэд усанд урсаад л яваад өгсөн. Хил гараад л алга болсон. Ээж хүний цөхөрсөн хоолойгоор ядаж хүүг минь авраач гээд хэлж байсан гэдгийг хамт явсан хүмүүсийн ярилцлаган дээрээс харсан.
Осол гэдэг тоглоом биш. Гэхдээ осол юунаас болж гардаг вэ. Яг байгалийн үзэгдэл биш бол хүнээс л болдог. Байгальд ч бас буруу өгч болохгүй. Газар хөдлөлт цүнамиг эс тооцвол ядаж цаг агаарын мэдээ сонсоод аюул ослоос урьдчилан сэргийлж болдог.
Монголд барилгаас төмөр уналаа, кран уналаа, хүн дарагдлаа, хүн уналаа гэх золгүй хэргүүд одоо ердөө байдаг л нэг үзэгдэл шиг болчих гээд байх юм. Яагаад энэ Японд тийм хэрэг ердөө гардаггүй юм бэ. Юу нь тийм өөр болчихоор ийм осол болдоггүй юм бол, монголд юу нь өөр болохоор осол бүр байнга гараад байгаа юм бэ. Ердөө л зохион байгуулалт шүү дээ. Бас шаардлага, наад захын стандарт.
Би санаж байна. Дүүтэйгээ Хөвсгөл рүү аялалаар явж байсан үе. Цаатан үзэх хөтөлбөртөө явах гээд Сүхбаатар онгоцоор явсан юм. Эрэг дээр гарахын тулд Сүхбаатар онгоцноос жижиг завинд сольж сууна. Тэр үед дүү минь усанд унах шахсан шүү. Ямар ч аюулгүй ажиллагаа байгаагүй юм байна шүү бодоод байхад. Манай аялалын зохион байгуулагч нар харин түүнийг ойлгоод тэр хөтөлбөрөө цуцалж байсан юм.
Японд "Энэ хүмүүс чинь ямар сүртэй юм бэ" гэж бодогдох хүртэл юм юмыг харгалзан үзсэн байдаг. Ингэж бодож байгаа маань би өөрөө л болоогүй байнаа гэсэн үг л дээ. Монгол нэг хүн болоогүй л байнаа гэсэн үг. Манайд солонгост болсон шиг том осол битгий болоосой, испанид болсон галт тэрэгний осол бүү болоосой. Битгий тийм осол хүмүүс гаргаасай. Эрдэнэт хүн гэж ярьдаг шүү дээ манайхан. "Эрдэнэт хүн" -ээ хамгаалахын тулд бүр юм юм шаардаарай. Ирээдүйгээ бүтээх гэж байгаа найз нар минь, хариуцлагатай байхгүй бол хөөе, харж байгаа биз дээ.

Tuesday, March 18, 2014

Титаник

Өчигдөр надад их сайн байдаг япон хүнтэй ажиллалаа. Янз бүрийн зүйлийн тухай машиндаа өдөржин ярьж явдаг болохоор сайхан байдаг юм. Хүнийг загнаж уурлахаасаа илүү дандаа хэлж зөвлөж өгдөг тэр ахыг Ёшикава гэдэг юм.
Бид 2 алга болсон Боинг -ийг хурдан олдоосой гэдгээс авахуулаад Хятадуудад хайруулын таваг л байвал хаана ч, ямар ч нөхцөлд амьдарч чадах сонин гарууд даа гэх мэтээр ярих юм мундахгүй.
Манай тэр ахын Япондоо хайртай гэж жигтэйхэн. Өчигдөр харин надад ёстой сонин юм хэлсэн. Өдөр нь 6 -р замаар явж байсан юм. Тэрний хажуугаар гол урсана. Тэр голоор Токиогийн алдартай Асакүса дүүргээс (skytree байдаг дүүрэг) далайд хог асгаж бий болгосон Одайба хүртэл усан завиар зугаалдаг юм билээ. 2 талаар нь сакүраны мод эгнэсэн, хавар сакүра дэлгэрэхээр үнэхээр үзэсгэлэнтэй болох байх. Би тэнд урсаж байсан нээх гоё завийг хараад энэний дээвэр дээр нь зогсоод явбал гоё юм байна даа, хальт титаник шиг юм болно доо гээд инээлдээд өнгөрсөн юм.
Дараа нь надад Токио болон японы баруун хэсгийн Оосакагийн хүмүүсийн сэтгэхүйн ялгааг тайлбарлаж өгсөн. Оосакагийн хүн бол юмаа унагааж байгаа хүнийг хараад инээдэг гэж байна. Харин Токиогийн хүн болохоор ээ хөөрхий дөө, зүгээр л байгаа даа гэж өрөвддөг гэж байна. Энд гэхдээ зөв буруу гэсэн юм байхгүй л дээ. Хүмүүсийн л ялгаа. Харин хамгийн сонин нь дээр титаник гэж ярьсан даа. Титаник киног манай тэр ах кино театрт үзэж байсан юм гэнэ. Хамгийн сүүлд Жекийг хөлдөөд үхэхэд Роза гарыг нь тавьчихдаг. Тэгээд Жек живээд дуусдаг даа. Япон хүн байсан бол хэзээ ч гарыг нь тавихгүй. Үхсэн амьд алинд нь ч гарыг нь тавихгүй. Америк хүн тийм юм боддоггүй юм шиг байгаа юм гэсэн. Эцсээ хүртэл итгэл найдвар тээсээр барьсаар л байх болно гэж хэлсэн. Яг энэ л япон хүн шүү. Эцсийг нь хүртэл итгэж найдсаар л байх болно. Япон хүний ерөнхий дүр төрх энэ л дээ. Надаас монгол хүн яах байсан бэ гэж асуусан. За харин яг тийм үед яах юм бол доо гээд хариулж чадаагүй. Гэхдээ барьсаар л байх болов уу. Та нар яах байсан бол.

Friday, January 24, 2014

Цөг гэм

Монголд жилдээ цөөхөн хэдэн нүсэр баяр болдог л доо. Наадам, цагаан сар, шинэ жил бас миний төрсөн өдөр гээд л. Цагаан сарын өмнө үүнийг бичиж байсан юм. Амны билэггүй шаар болохоос айгаад больчихсон.
Анх 3 жилийн өмнө Японд ирэхэд хоолны газрууд нь гадаанаа шилэн хоргонд цэсэндээ орсон хоолноосоо хийчихсэн байдаг байсан юм. "Энэ их наранд муудчихсан байгаа даа, тийм бол муухай юм аа" гээд л сүрхий боддог байсан юм. Тэрийг удаагүй зүгээр яг дуурайлгаад хийчихсэн хуванцар гэдгийг нь мэдсэн л дээ. Хоолных нь шөлийг хүртэл яг дуурайлгаад хийчихсэн байдаг юм чинь андууралгүй яахав.
Манай Монголын цагаан сар нилээд өндөр өртөгтэй баяр. Ууц, ул боов заавал байхгүй бол болохгүй. Хэдэн өдөр ширээн дээрээ байлгаад л. Хатааж тэгж байлгаж байхаар хуванцараар хийчихвэл зүгээр ч юм шиг. Хадгалж байгаад гаргаж ирээд жил болгон хэрэглээд амар байхгүй юу. Хятадууд хуванцараар идэж болдог байцаа, өндөг хүртэл хийдэг болсон байна шүү дээ. Идэж болдогийг гэх нь хаашаа юм харахад ууц байвал болох нь тэр. Жинхэнэ юм шиг харагддаг үлээдэг шаар байсан ч яахав. Эвхээд л хураачихна.
Өндөр өртөгнөөс бага ч гэсэн хасах гэж үүнийг ярьж байгаа юм. Эсвэл хурдхан махны ченж болвол зүгээр. Баян улсын иргэн байсан бол би арай өөр юм ярих байсан биз. Ууцны хонио арай том болгоё оо гэдэг ч юм уу.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэж байдаг даа. Бүтэн сар ажилласан иргэнээ 140400 төгрөгөөр үнэлж байна. 79 доллар шүү дээ. Ийм байхад өрсөлдөөний тухай яаж ярих вэ.
Сайн сайхан цаг гэхдээ удахгүй ирнэ. Ийм бодит байдлаа бид бүхэн толгойдоо үргэлж л байлгаж байх хэрэгтэй. Монголд минь амьдрал хэцүү л байгаа шүү дээ. Наад толгойдоо л юм хий гэж ээжээс аваад Элбэгдорж хүртэл хэлдэг. Сэтгэхгүй тэгээд зүтгэхгүй бол байрандаа байгаад байна гэж байдаггүй юм гэсэн. Буцаад ухраад байдаг гэж байгаа. Ямар ч байсан хуванцар ууц тавихгүй шүү бүгдээрээ ирээдүйдээ, цөг гэм шд.

Thursday, January 2, 2014

Соёлын ялгаа

Японд ирээд аль хэдийн 8 сар болжээ. Өөрийн биеэр соёлыг нь судална гэдэг хүн болгонд тохиогоод байхгүй сайхан боломж л доо. Япон улс надад маш их таалагддаг. Хүн нь бас соёл нь. Соёл гэдэг нь хүний бий болгосон л бүтээл юм. Нэгэн гариг дээр амьдарч байгаа 7 -хон тэрбум хүмүүс маш олон соёлыг бүтээсэн нь үнэхээр гайхамшигтай. Дэлхий даяар тархсан, хүн төрөлхтнөөс тоогоор хамаагүй илүү шумуул хүнээс олон соёлтой юу. Мэдээж үгүй. Тэд бол зөвхөн байгалийн зөн совингоороо л амьдардаг. Хүн бид бол өөр юм.
Идэж уух, өмсөж зүүх, шүтэх эс шүтэх гээд л бидэнд бидний бий болгосон соёлууд байна. Өнөөдөр дэлхий улам бүр даяаршиж байгаа энэ үеийн хүн гэдгээрээ үнэхээр азтай юм даа.
Залуу хүн учраас өөрийн биеэр мэдрэх, бусадтай харьцуулж өөрийгөө дүгнэх зэрэг нь маш хэрэгтэй. Юуг ч шингээгээд авчих чадвартай байна гэдэг их чухал юм.
Тэртээ 1200 -аад оны үеэс бидний өвөг дээдэс ямар ч соёлыг хүлээн зөвшөөрч байсан байдаг. Арьс өнгийн ялгаварлал, боолчлол, жэндэрийн тал дээр үсрэлттэй ард түмэн л дээ бид. Уншиж судлах тусам улам амтанд нь орно. Одоо манайх шиг их, дээд сургуулийн эмэгтэй оюутан нь илүү байдаг орон байдаггүй юм гэсэн. Сэтгэх бодох, юмыг өөртөө шингээх тал дээр манай монголчууд ёстой үсрэлттэй ард түмэн. 40, 50  жилээр хоцрогдсон гээд байдаг ч бид зөвхөн баруунаас л хоцорсон юм шүү дээ. Ойрхи дорнод, африк гэх юм бол манайх тасраад л явчихсан. Ядаж сэтгэхүй өөр.
Чингис хааныг дурсахгүй байх арга алга. Бүх шашин чөлөөтэй гэдэг чинь тухайн үеийн сэтгэхүйн том үсрэлт шүү дээ. Тэнгэр л шүтнэ, крисмас хийхгүй гээд хууль гаргахад хэн ч гайхахгүй тийм л үе байсан. Тухайн үеийн Хар-Хорум хотыг дүрслэх юм бол одоогийн Нью-Йорк хот шиг байсан гэдэг юм билээ. Арга ч үгүй. Бид бүхнийг хүлээн зөвшөөрдөг байсан өвөг дээдсийн удам.
Тараг уучихаад аягаа долоодог соёлыг бүтээсэн өвөг дээдэстээ баярлалаа. Бид бусдаас ялгарах юмтай гэдэг маань бидний оршин тогтнож буйн утга учир юм байна гэдгийг улам их ойлгож байна.
Японы цагаан сарыг үзлээ. Ёс заншил, соёл нь манайхаас тэс өөр. Жинжа (японы сүм) ороод бурхандаа талархаад, мөн шинэ ондоо хүсч буй хүслээ хэлдэг юм байна. Эхлээд гараа угаана. Энэ нь надад л тэгж харагдаж байгаа хэрэг. Гэтэл цаана нь зөвхөн гар биш, маш өргөн утга агуулгатай. Бүх бие сэтгэлээ ариусгаж байна гэдгийг дотроо боддог юм байна. Жинжа руугаа орж залбирчихаад гарч ирээд шинэ оныхоо савар болоод сумаа авна. Харахад л тийм. Япон нэрийг нь мартчихлаа. Гэхдээ савараараа аз жаргалыг хураадаг юм байна. Нум сумны сум нь болохоор муу зүйлийг зайлуулдаг гэж байна. Манайд л байхгүй соёл. Гэхдээ энэ нь нийт Япон үндэстнийг оршин байгааг нь илэрхийлж байгаа зүйл юм. Цагаан сарын өмнөх өдөр буюу Оомисокагаар гоймонтой хоол иддэг юм байна. Урт удаан, аз жаргалтай амьдрах гэдэг утгыг илэрхийлж урт гоймон иддэг гэх. Үндэстний өөрийн үнэт зүйл гэж энэ биз дээ. Манайд ч гэсэн иймэрхүү зүйлүүд байдаг. Өвөө маань ярьдаг байсан юм. Цагаан сарын буузны гурил нь илүү гарвал тухайн жилдээ өмсөж зүүх зүйлээр баялаг байна, мах нь илүү гарвал хоол хүнсээр элбэг байна гээд л. Манайхаас өөр ингэж ярьдаг газар байхгүй нь мэдээж. Энэ бас л бидний үнэт зүйл. Цагаан сараар амттай хоол олныг хийдэг юм байна. Гэтэл идэхгүй бол болдоггүй юмнууд нь миний хувьд амт муутай юм. Жишээлбэл мочи, мамэ гээд л. Мамэ нь гэхэд тухайн жилдээ мажимэ ни хатаракү (бүх хичээл зүтгэлээ гаргаж ажиллах) гэсэн утгатай. Соёлыг нь хүндэтгэж байгаа учраас мэдээж иднэ. Япон хүмүүс ч гэсэн дуртай нь аргагүй иднэ.
Яаж ч даяаршсан соёлоо л алдаж болохгүй юм байна. Соёл ёс заншил гэдэг нь ер нь бидний оршин байгаагийн утга учир нь юм байна. Дэлхий даяар маш олон соёлууд байгаа, бидэнд уйдах ч зав байхгүй юм байна. Харьцуулж дүгнэх тусам өөрийн юмны утга учрыг улам ойлгох юм.
2014 оны анхны постоо биччихлээ. Шинэ ондоо шинэ содон зүйлсээр баялаг байгаарай хүмүүсээ. Бүгдэд нь аз жаргал, амжилт бүтээлийг хүсье.