Sunday, June 22, 2014

Юуны өмнө нэг мөр ойлгоод авъя

Өнөөдөр надад нэг зүйл маш сайн ажиглагдаж байна. Яагаад нэг туйлшрахаараа ингээд бөөнөөрөө туйлширчихдаг байнаа.
Мэтгэлцээн гэж бид бүгд мэднэ. Мэтгэлцэж буй 2 этгээд өөрийн санаагаа эхэлж хэлээд дараа нь утга учиртай, логиктой шүүмж болон асуултанд хариулдаг. С.Баярцогт, С.Ганбаатар 2 -ын мэтгэлцээнийг бүгд зурагтаар үзсэн байх. Баярцогт шиг та ойлгохгүй байнаа гээд ямар ч утгагүй тайлбар хэлээд байвал уучлаарай тэр мэтгэлцээн биш. Ер нь ямар ч мэдээлэл, мэдлэггүй үедээ юунд зорьж ийм зүйл санаачлаад байна гэдгийг эхлээд өөрөө тодорхой ойлгох хэрэгтэй байх. Харин учрыг нь ойлгосон үедээ өөрийнхөө зөв гэдгийг баталж няцаалт хийх нь зөв юм. Өнөөдөр хэн ч юу ч гэж үзэл бодлоо илэрхийлж болох учраас аль нь зөв гэдэг нь мэдээж харьцангуй ойлголт. Гэхдээ мэдэхгүй бол зүгээр дуугүй л бай гэж хэлмээр санагддаг.
Өнөөдөр УИХ -д өргөн барьсан газрын хуулийн талаар бүгд маргацгааж байна. Яг ямар учиртай учраас ийм зүйл санаачлах болов гэдгийг нь эхлээд тайлбарлуулаад ойлгочихъё гэж бодвол зүгээр биз. Миний л хувьд маш сайн тайлбарлуулмаар байна. Монголд 183 хоносон хэнд ч хамаагүй газар олгоно гэдэг заалт нь яг орчихсон юм уу. 6 сарын жуулчны визтэй хүнд мэдээж газар олгохгүй мэдээж. Хэн дуртай хужаа нь 0.7 га газар эзэмшинэ гэж ирээд л шуугих юм. Барилга дээр 6 сар ажилласан Ли овогтод газар өгдөггүй юм аа нөхдөө. Гэхдээ үндэстэн дамнасан корпорацийн CEO Ли овогтод өгчихөж магадгүй гэсэн хар бол байгаа. Угаасаа хардах нь зөв. Харж л байх хэрэгтэй. Үнэн зөв мэдээлэлтэй байхгүй бол Монголын газрыг улаанаар дүрслээд, дээр нь хятадын од, сарыг байрлуулчихсан хэн нэгэн хийх юмаа олж ядсан нөхрийн зургийг интернэтээр нэг цацаад хэрэггүй биз. Хэрвээ би интернэтээр тараагаад явбал гадаад найзууд, танилууд, ах, эгч, багш нар юу гэх бол. Монголын талаар угаасаа мэдээлэл муутай хүмүүст үгүй мөн өөдгүй мэдээлэл очих нь байна.
Бас нэг хэлмээр байдаг зүйл байдаг. Яагаад манайд Атомын цахилгаан станцын талаар яриа ерөөсөө урагштай болдоггүй юм бэ. Атомын цахилгаан станц гээд яриад эхэлвэл хэн нэгэн популист этгээдийн бай болж сүүлдээ бараг геноцид (бөөнөөр нь хүйс тэмтрэх) хийх гэж буй атгаалжин хар мангас болоод дуусна. Нөгөө няцааж буй тал нь атомын цахилгаан станц гэдэг бол сүйрдэг л гэсэн ойлголттой байх бөгөөд ямар ашигтай талаар бодохыг ч хүсдэггүй. Тэгсэнээрээ ч баатар болно.
Саяхан хэд хоногийн өмнө 2 найзтайгаа бас л хэсэг юм ярьлаа. Ярилцаад ер нь залуу хүн бол улс төр гэдэг зүйлийг наад толгойноосоо авч хая гэж хэлмээр санагдлаа. Хүн бүр дотроо ерөнхийлөгч болно гэсэн бодолтой байдаг манайх африкийн иргэний дайнтай газруудаас ялгаагүй болчихсон юм уу. Ерөнхийлөгч гэдэг бол баялаг үйлдвэрлэдэггүй, дэмий. Өдийг хүртэл 4 ерөнхийлөгчийн нүүр үзэхэд тэд ном бичсэн эсвэл номонд хөрөнгө оруулсан. Яахав ном нь мөнгөөр үнэлэгддэг учир бага ч гэсэн баялаг гэж ойлгож болох юм. Тэгээд өөр юу бүтээсэн юм бэ. Хэрэлдэж байх хойгуур минь Вьетнамчууд атомын цахилгаан станцын аварга үйлдвэрээ бариад эхэлчихсэн байна. Гадаадад өндөр технологи, цөмийн энерги, нано технологи гээд үеийн залуучууд час хийсэн боловсрол эзэмшсээр байна. Тэгээд тэд нарыг хаана ажиллуулах гээд монголдоо ир гээд дуудаад байдаг юм бүү мэд. Ядаж өөрсдөө юм хийх гэж байхад нь битгий шантруулаарай, ганц тамганы төлөө.
40 жилийн өмнө японы Токио, Нагояг холбосон 330 км хурдны замыг барьсан байхад бид өнөөдөр Туулын хурдны зам гэх 33 км замыг барьж эхлээ ч үгүй байж байна. Туул голыг ширгээх нь байна гээд бас нэгэн популист битгий гарж ирээсэй билээ. Ер нь тэгээд томоохон төсөл хэрэгжүүлнэ гэж найз нар минь боддог л байх. Анхнаас нь зорилгоо, гүйцэтгэлийн үеийн сөрөг үр дагавар, түүнийг бууруулах арга хэмжээ, ирээдүйд ирэх ашгийг нь сайн тайлбарлаж зүтгэхгүй бол хэдэн популистуудын бай болж сүүлдээ өөрөө мангас болоод дуусна шүү.
Төр засаг гэдэг юмыг толгойноосоо авч хаяхгүй бол бүр урагшлахаа байх нь байна шүү. Намын гар хөл хар залуугаасаа битгий болоорой. Өөрсдийнхөө юмыг хийж, баялаг л бүтээе. Тэр чинь л бидний эх орондоо хийх хамгийн сайн зүйл.
Америк гэж агуу улс байна. Хүйтэн дайны үед хэсэг хугацааны турш дэлхийн нийт үйлдвэрлэлийн 60% ийг дангаараа үйлдвэрлэдэг байсан байгаа юм. Тиймдээ ч өнөөдөр ч гэсэн хүчтэй. Валют нь чанга, бааз суурь сайтай. Одоо хэдэн жилийн дараа энэ бас л эргэнэ. Хятад дэлхийн тэргүүлэгч гүрэн болно. Хятадууд одоо өдөр шөнөгүй, цаг наргүй баялаг, хөрөнгө бүтээж энэ их өрсөлдөөн дунд, тэр их ядуурал үгүйрлээсээ гарах гэж зүтгэж байна. Солонгос, Сингапур, Малайз, Хятад гээд тойроод л хөгжөөд байх юм уу. Бидэнд хийх зүйлүүд маш их байхад хэрэлдээд л байдаг, хэрэлдээд л байдаг. Гэхдээ хараад байхад хэн нь хэрүүлд дуртай, хэн нь хүнд таалагдах гээд ажил гацаагаад байгаа нь харагдаад л байдаг дөө. Ингэсээр байтал наадам боллоо, налайлаа одоо бүгдээрээ.

No comments:

Post a Comment