Monday, June 17, 2013

Өглөөний хүн


Бидний өдөр яаж эхэлдэг вэ. Үргэлж "Алив урагшаа" гэж хэлүүлж эхэлдэг. Энэ үгийг хэлдэг хүн бол мэдээж кондуктор. Твиттерчид "Биднийг үргэлж урагшаа гэж хэлдэг кондукторууддаа баярлалаа" гэсэн пост нийтэлсэн байхыг хараад нээрээ л тийм байна шүү гэж бодогдсон. Гэхдээ энэ бол мэдээж ёгт утга л даа. Би кондукторууд нэг л зүйлийг сайн ойлгоосой гэж хүсдэг. Юу вэ гэвэл тэд бол бидний өглөө гэрээсээ гараад хамгийн түрүүнд шууд харьцдаг хүн. Өглөө үрчийсэн уурласан хүн таарахаар нэг л хэцүү байдаг. Өнөөгийн нийгэм хэцүү байгааг ойлгож болох ч (хэцүү ч гэж дээ харин ч сайхан зүйл рүү тэмүүлэх эрмэлзэл бий бо
лоод байна) тэгээд хэн энэ нийгмийг өөрчлөх юм бэ. Хойч үе үү. Үгүй ээ. Өнөөдөр бид л өөрчлөх ёстой. Хүн хүнээ хүндэтгэсэн, бие биедээ инээмсэглэл бэлэглэсэн нийгмийг өнөө үеийнхэн хөгшин залуугүй бүгд бүтээлцэхгүй бол дараагийн үе маань бас л үрчийсэн болох нь байна шүү дээ. Өнөө үеийн үүрэг нь тэр юм. Хааяа бас хөөрхөн ааштай гоё кондукторууд таардагийг бас үгүйсгэхгүй л дээ. Тийм кондуктор таарахаар миний баярлахыг яана, дандаа автобусанд суудагийг хэлэх үү.
Нэгэн удаа би Улаанбаатарыг гадаад хүнд танилцуулвал гэсэн эссэ бичихдээ ямар ч байсан л та бүхэн автобусанд сууж үзээрэй гэж бичсэн. Хамгийн шуурхай бөгөөд хямд унаа. Мөн дамжаад дамжаад Улаанбаатарын хаана ч хүрч болно гэдгийг бахархалтайгаар өгүүлсэн. Тийм л биз дээ.
Бас нэг гайхдаг зүйл бол аливаа нэгэн байгууллага "Инээмсэглэл" аян гэх мэт харилцааны соёлтой байлгах аянг хааяа хааяа зохиодог явдал. Ийм аян бол миний хувьд үйлчилгээний байгууллагын үргэлжийн үйл ажиллагаа байх ёстой зүйл. Хэзээ ч 1, 2 долоо хоног зохиогоод өнгөрчих зүйл биш байх ёстой хамгийн энгийн зүйл мөн билээ.
Миний бодлоор энэ бүдүүлэг бие биенээ зандачсан байдал бол социалист нийгмээс үлдсэн гаж үлдэгдлийн нэг мөн. Суувал суу байвал бай гэсэн сонин тогтолцоо тэр л үеэс гаралтай. Энэ бас хүнсний дэлгүүрүүд дээр ажиглагддаг зүйл. Тухайн үед оочерлож оочерлож худалдагч дээр ирсэн үйлчлүүлэгчидтэй ийм л маягаар бүдүүлэг харьцаж ирсэн. Оросууд бас л ийм.
Монголчууд өнөөдөр гадагшаа явах болж, өндөр хөгжсөн харилцааны соёл ямар байдгийг яваагүй байлаа ч телевиз, радио, интернэтээр мэдэх болсон учраас арай л өндөр шаардлага тавьдаг болсон байна. Өнөөдрийн зандачсан, үрчийсэн байдлыг арилгахыг хүсдэг болсон байна гэдгийг учир мэдэх хүмүүс нь тунгаамаар юм даа. Монголын нийгэм маань өөрөө соёлтой болохоо хүсээд тэмүүлээд байхад энэ эрмэлзлийг унтраамааргүй байна. Ер нь нийтийн тээвэр болоод өөр бас бус салбарыг харилцааны өндөр ёс суртахуунтай болгоход хэн анхаарах ёстой юм. Ажлаа хийгээч гэж л гуйя даа.
Нийтийн тээврийн газрыг хүнтэй зүй бусаар харьцдаг хэмээн шүүхэд өгвөл таарна. 

Sunday, June 16, 2013

Багшлах боловсон хүчнээ анхаарах нь


Байнга сонсогддогч ерөөсөө бодож үзээгүй зүйл өнөөдөр надад бодогдлоо. Их дээд сургуулийн боловсролын асуудал өнөөдөр тулгамдсан асуудал мөн боловч бид дунд сургуульд ач холбогдол өгөх цаг ирсэн мэт санагдаж байна. Ерөөс ганц хаягдаж байгаа салбар энэ байна гэдэгтэй маргах хүн бараг гарахгүй бизээ. Манай улс ардчилал зах зээлийн нийгэмд шилжих үеэр багш нар хамгийн бага цалинтай бүлгийнхэн болж хувирсан. Мөн хотжилтын шалтгаан ч нөлөөлсөн байгаа. Яагаад гэвэл өнөөдөр их дээд сургуулийн хуваарь хөдөөд ирэхэд хамгийн түрүүнд МУИС, ЭМШИУС, ШУТИС -ийн хуваарь дуусна. Хүмүүнлэг, ХААИС -ийн хуваарь гэх мэтээр явж байгаад хамгийн сүүлд улдсэн хуваарь болох багшийн сургуулийн хуваарийг арга буюу сонгоно. Яагаад гэвэл эцэг эх нар нь улсын сургууль сонго гэж хэлдэг учраас тэр. Тэгээд ч манай нийгэмд улсын сургууль л бол сайн гэсэн явцуу ойлголт байдаг. Ингээд дунд сургуулиа төгсөөд ирсэн сурлага нь ч сайн биш хүүхдүүд багшийн сургуульд орж ирнэ. Энэ тогтолцоо бол маш эмзэг сэдвүүдийн нэг яах аргагүй мөн. Хөдөөнөөс ирсэн хүүхэд багшийн сургуулиа төгсөөд хотын сургуульд л багшаар орно. Гэтэл хотын хүүхдүүд өнөөдөр интернэт, радио телевизээс маш их мэдээлэл авсан байдаг ба шинэ үеийн хүүхдүүд өөр зүйл сонирхож байгааг мэддэггүй. Мөн 70 жилийн турш суурьшсан соёлтой хүүхдүүдэд 4 жил хотод сургуульд сурсан хөдөөний соёлтой хүмүүс хичээл заана гэдэг нэг л авцалдаагүй мэт санагдаж байна.
Яагаад би өнөөдөр бага сургууль биш дунд сургууль гээд байна вэ. Яагаад гэвэл миний ойрын хүрээний хүмүүс ч тэр, бүр олны танил хүн ч тэр 5, 6 -р ангиасаа сурлага нь муудсаныг хүлээн зөвшөөрдөг. Тэгэхээр яах аргагүй дунд сургуулийн чанар маш муу байгаа нь ойлгомжтой харагдаж байна. Та ч гэсэн ойрын хүрээний хүнээсээ хэзээ хичээлдээ муудсаныг лавлаад үзээрэй.
Багшлах боловсон хүчин гэдэг асуудалд сүүлийн жилүүдэд манай улс анхаарах болсон ч нэг л хангалтгүй санагдаад байгааг хүлээн зөвшөөрөх бизээ. Шинэ үеийн залуусыг ирээдүйн хүмүүсийг бэлдэх багш гэдэг ажлын ямар нэр хүндтэй, ямар хариуцлагатай ажил гэдгийг сайн ойлгуулах асуудалд төр засаг маань анхаарлаа хандуулаасай гэж хүсч байна. Харин хэрхэн энэ асуудлыг шийдвэрлэх вэ?
Юуны түрүүнд Монголын залуусаа гадаадад багшийн мэргэжлээр сургахад онцгой ач холбогдол өгч, үнэхээр сайн багш болох чин хүсэлтэй залуусыг гадаадын сургуульд сурахад нь дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. 100 хувийн тэтгэлэг болон амьдрах зардлыг нь ч төрөөс хангаж өгөх хэрэгтэй болов уу. Юм л бол бас төр гэж хошуураад байж болохгүй учраас хувийн компаниуд маань ч гэсэн нийгмийн хариуцлагаа ухамсарлаж тэтгэлгийн уралдааныг хангалттай зарлах хэрэгтэй. Гадаадад боловсрол эзэмшээд эхэлвэл мэдээж өөрийн орныхоо дутагдалтай талуудыг эргэцүүлэн бодож харьцуулан дүгнэх нь ойлгомжтой. Бид хэдийгээр гадаадад ийм тийм байдгийг ерөнхийд нь гадарлах авч үнэхээр орчинд нь орсон цагт л сайн мэргэжилтэн болно. Энэ бол зүгээр миний хувийн л бодол ба Япон улсад ирээд ажиглагдаж байгаа зүйл.
Багш нарын нийгмийн баталгааг мөн маш сайн хангаж өгөх хэрэгтэй. Хамгийн гол нь цалинг нь шат дараатайгаар нэмэгдүүлэх шаардлагатай. Багш нарыгаа өнөө маргаашийн амьдралдаа бус сурагчдынхаа ирээдүйн амьдралд нь санаа тавих, сурагчидтайгаа хамт цагийг өнгөрөөх, мартагдахааргүй дурсамжийг, мэдлэгийг үлдээж чадах тийм л хэмжээнд аваачих хэрэгтэй. Багш нар өнөө маргаашдаа сатаарахааргүй болсон цагт мэдээж өөрийн мэдлэгийн хүрээгээ тэлэх цаг нь их болоод ирнэ. Ер нь энэ бол аль ч мэргэжилд адилхан болов уу. Дуртай дургүй авдаг Багшийн сургуулийн хуваарийг булаацалдаж авдаг, мэрийж байж зорилго тавьж байж авдаг тийм л салбар болгоцгооё. Энэ бол өнөөдрийн манай нийгмийн захиалга мөнөөсөө мөн. Эцэст нь хэлэхэд өнөөдөр бидэнд сонсогдоод байгаа хэргүүдтэй холбоотой тэрбум тэрбум төгрөгүүдийг багш нартаа, ирээдүйд багш болох залуустаа зориулсан бол ямар олон залуусыг гадаадад сургах, чанартай сургалтын орчин хэдийг л бол хэдийг бүрдүүлэх хангалттай мөнгө байсан гэдэгт маш их харамсаж байна.

Wednesday, June 12, 2013

70200 -г оюутнуудад биш багш нарт олгоё


70200 төгрөгийг оюутнуудад биш багш нарт өгье. Энэ бол оюутан миний санал. Энэ мөнгө надад хэрэггүйдээ би ингэж хэлээгүй. Харин надтай адил боловсролтой болох гэж мэрийж байгаа оюутан залуусын тусын тулд юм болов уу хэмээн ойлгож байна. Өнөөдөр манай улсын багш нар бараг л дундаж давхаргаас доошоо унах гээд байна. Хөгжингүй орнуудад бол багш нар хамгийн дээд давхаргад байдаг. Багш нар маань өнөөдөр өнөө маргаашийнхаа асуудалд маш их цаг заваа зарцуулж байна. Багш нараа дэмжсэнээр бид чанартай боловсролыг багш нараасаа нэхэхэд нүүр бардам байх бөгөөд багш нар маань ч өнөө маргаашдаа биш ирээдүйн ХҮМҮҮСт санаа тавьдаг болох боловуу. 70200 төгрөг өгсөн ч хамаагүй шүү дээ. Гол нь ирээдүйн маш том хөрөнгө оруулалт болно гэж бодож байна. Улс орнууд ер нь багш нарын асуудалдаа маш их анхаардаг. Бид хөгжингүй орон хэрвээ болох хүсэлтэй л байгаа юм бол хөгжингүй орон болохыг зорьж л байгаа юм бол энэ асуудал их чухал гэж бодож байна. Хэрвээ би ерөнхийлөгч байсан бол 70200 төгрөгийг оюутнуудад олгуулахын тулд ерөнхийлөгч өөрийн шагналт цалингаа авахгүй гэж мэрийж байсантай адилаар багш нарт ч мөн олгуулахын тулд 70200 төгрөгийн тэтгэлгийг, өөрийн шагналт цалинтайгаа хамт татгалзаж багш нарт олгодог болтол нь хориг тавих байсан.