Tuesday, March 18, 2014

Титаник

Өчигдөр надад их сайн байдаг япон хүнтэй ажиллалаа. Янз бүрийн зүйлийн тухай машиндаа өдөржин ярьж явдаг болохоор сайхан байдаг юм. Хүнийг загнаж уурлахаасаа илүү дандаа хэлж зөвлөж өгдөг тэр ахыг Ёшикава гэдэг юм.
Бид 2 алга болсон Боинг -ийг хурдан олдоосой гэдгээс авахуулаад Хятадуудад хайруулын таваг л байвал хаана ч, ямар ч нөхцөлд амьдарч чадах сонин гарууд даа гэх мэтээр ярих юм мундахгүй.
Манай тэр ахын Япондоо хайртай гэж жигтэйхэн. Өчигдөр харин надад ёстой сонин юм хэлсэн. Өдөр нь 6 -р замаар явж байсан юм. Тэрний хажуугаар гол урсана. Тэр голоор Токиогийн алдартай Асакүса дүүргээс (skytree байдаг дүүрэг) далайд хог асгаж бий болгосон Одайба хүртэл усан завиар зугаалдаг юм билээ. 2 талаар нь сакүраны мод эгнэсэн, хавар сакүра дэлгэрэхээр үнэхээр үзэсгэлэнтэй болох байх. Би тэнд урсаж байсан нээх гоё завийг хараад энэний дээвэр дээр нь зогсоод явбал гоё юм байна даа, хальт титаник шиг юм болно доо гээд инээлдээд өнгөрсөн юм.
Дараа нь надад Токио болон японы баруун хэсгийн Оосакагийн хүмүүсийн сэтгэхүйн ялгааг тайлбарлаж өгсөн. Оосакагийн хүн бол юмаа унагааж байгаа хүнийг хараад инээдэг гэж байна. Харин Токиогийн хүн болохоор ээ хөөрхий дөө, зүгээр л байгаа даа гэж өрөвддөг гэж байна. Энд гэхдээ зөв буруу гэсэн юм байхгүй л дээ. Хүмүүсийн л ялгаа. Харин хамгийн сонин нь дээр титаник гэж ярьсан даа. Титаник киног манай тэр ах кино театрт үзэж байсан юм гэнэ. Хамгийн сүүлд Жекийг хөлдөөд үхэхэд Роза гарыг нь тавьчихдаг. Тэгээд Жек живээд дуусдаг даа. Япон хүн байсан бол хэзээ ч гарыг нь тавихгүй. Үхсэн амьд алинд нь ч гарыг нь тавихгүй. Америк хүн тийм юм боддоггүй юм шиг байгаа юм гэсэн. Эцсээ хүртэл итгэл найдвар тээсээр барьсаар л байх болно гэж хэлсэн. Яг энэ л япон хүн шүү. Эцсийг нь хүртэл итгэж найдсаар л байх болно. Япон хүний ерөнхий дүр төрх энэ л дээ. Надаас монгол хүн яах байсан бэ гэж асуусан. За харин яг тийм үед яах юм бол доо гээд хариулж чадаагүй. Гэхдээ барьсаар л байх болов уу. Та нар яах байсан бол.