Thursday, October 31, 2013

Детройт хот - The Motor City

АНУ -ын Детройт хот гэхээр хүмүүс андахгүй биз. Миний хувьд нэгэн цагт дэлхийн авто машины төв байсан энэ хотыг Эминэмийн өссөн газар гэдгээр нь л мэддэг байлаа. 1950 -иад онд энэ хот жинхэнэ цэцэглэн хөгжиж байсан юм билээ. Харин саяхан буюу 2013 оны 7 дугаар сард энэ хот дампуурлаа зарлав. Энэ хотод яг юу болсон бэ гэдгийг өөрийнхөө хэмжээнд тайлбарлах гээд үзье.
Женерал моторс, Крайслер, Форд зэрэг дэлхийн аварга том автомашинуудын компаний өлгий нутаг гэгдэх энэ хот нь 1950 оны үедээ автомашины дэлхийн төв байсан байгаа юм. Тухайн үедээ хотын оршин суугчид нь 1.8 сая болж оргил үедээ хүрч байсан бол өнөөдөр энэ хотод 700.000 хүн амьдарч байна. Өнөөдөр ч гэсэн оршин суугчид нь хотоо орхин гарсаар байгаа. Гэмт хэргийн гаралт, ажилгүйдлийн түвшингээрээ АНУ -даа тэргүүлэх эгнээнд явна. Форбес сэтгүүлийн гаргадаг АНУ -ын хамгийн аюултай хотуудыг 4 жил дараалан тэргүүлсэн нь гэмт хэрэг ямархуу түвшинд байгааг харуулж байгаа бизээ. Youtube.com -д Детройт хотын талаар хийсэн баримтат кино сэлт зөндөө байдаг юм байна. Боловсролын салбарын үзүүлэлт нь АНУ -даа хамгийн бага гэх мэтээр жинхэнэ сүйрч байгаа газар байна лээ.


Тус хот нь 1950 -иад оны үеэс эхлээд санхүүгийн алдаатай бодлогуудыг хийсээр ирсэн байна. Хотын удирдлагууд төсвийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд шинэ шинэ татварын бодлогуудыг гаргаж ирж байсан. Төсөвтөө мөнгө хуримтлуулахын тулд 1971 оны үнэт цаасны татвар, 1999 оны казиногийн татвар гэх мэт татварын бодлогуудыг шинээр гаргаж ирсэн ба мөн олон янзын татваруудын хувь хэмжээг нэмсэн нь ямар ч үр дүнд хүргээгүй. Харин ч эсрэгээрээ хотын оршин суугчдад дарамт үүсгэж гадагш нүүх болон бизнес эрхлэгчдийг хаалгаа барьж хотоос гарахаас өөр аргагүйд хүргэсэн байна. Үйлдвэрүүд хаагдаж эхэлсэнээр ажилгүйдэл үүссэн. Мөн тэтгэвэр, цалингийн урамшуулалд маш их мөнгө буюу 1 тэрбум ам.долларыг зарцуулж байсан нь тухайн хотын хэт үрэлгэн байсныг харуулж байгаа юм. Хотын удирдлагууд их хэмжээний төсвийн алдагдлыг бууруулахын тулд усны хоолой хийх болон ус зайлуулах хоолой барих төслийн хүрээнд 2012 онд 6 тэмбум ам.долларын бонд гаргасан байна. Энэ нь хотын өрийг 8 тэрбум доллар буюу 2 дахин их болгосон байна. Үндсэндээ энэ хот нь одоогийн 8 тэрбум, ирээдүйд бий болох тэтгэвэр болон өндөр настны халамж, бондын хүү гэх мэтээс болоод 18 -20 тэрбум ам.долларын өртэйгээр дампуурлаа зарлажээ.
Орхигдсон байшин ба цаад талд нь харагдах Женерал Моторс компаний төв оффис. Наана харагдах орхигдсон байшин Детройтод 10.000 -аас илүү байдаг гэнэ дээ.


Өнөөдөр тус хотын татварын орлого нь 1963 оны зөвхөн үл хөдлөх хөрөнгөнөөсөө авдаг байсан татварын хэмжээнд ч хүрдэггүй юм байна.

өр, төсөв
Домог мэт яригдах хойд америкт ч хүртэл ийм юм байх л юм даа. Хот дампуурч байна гэхээр нэг л сонин санагдсан учраас үүнийг бичиж байгаа минь энэ. Төсөвт нь мөнгө байхгүй учраас ажилчид гэж байхгүй, бүр ажлаа явуулъя гэсэн ч цаас байхгүй гэсэн итгэмээргүй зүйл сонсогдох. Өнөөдрийн байдлаар хотын оршин суугчдын 73 хүн тутмын нэг нь л ажилтай байна гэнэ шүү. 60 -хан жилийн өмнө Америкийн бэлгэ тэмдэг хотуудын нэг байсан энэ хот нуран унасан нь ганцхан өр ч биш олон шалтгаантай байгаа нь мэдээж. Гэхдээ улстөрчдийн өнөө маргаашдаа хүнд таалагдаж байвал болох юм шиг үзэл нь эцсийн эцэст бүхэл бүтэн хотыг дампууруулж байна. Татвараа нэмэгдүүлж төсөвтөө их хэмжээний мөнгө хураана гэсэн горьдлого, үл хөдлөх хөрөнгөний хамгийн өндөр татвар зэрэг нь хөрөнгө оруулагчид болон үйлдвэрлэл эрхлэгчид зэргийг хөөж гаргасан. Манайх энэ түүхийг давтахгүй л байх. Гэхдээ ийм юм болоод өнгөрснийг бид мэдэж л байх хэрэгтэй.


Энд Детройт хотод очоод ирсэн Л.Мөнхбаясгалангийн сонирхолтой нийтлэл байна.


Ашигласан материал: http://www.freep.com/interactive/article/20130915/NEWS01/130801004/Detroit-Bankruptcy-history-1950-debt-pension-revenue
http://online.wsj.com/news/articles/SB10001424127887323838204578654400680571748

Thursday, October 17, 2013

Монгол сэтгэлгээний үнэт зүйл


"Бөртэ чоно, Гуа марал"
Өвөр Монголын зураач Б.Үүрцайх
Бөртэ чоно, Гуа маралын удамтай монгол түмэн. Бөө мөргөл, буддын шашин, нүүдэлчин соёл энэ бүгд монголын баялаг. Ер нь дэлхий дээр манай Монголоос өөр нүүдэлчин соёлоо өдий хэр нь алдаагүй байгаа улс байдаггүй. 1 сая 600 мянган км2  газар нутагтай мөртөө 2 сая 900 -хан мянган хүн амтай. Ёстой л нэг 4 цагийн улиралд дураараа нүүх газартай жаргалтай орны иргэд билээ бид. Бид эцэг эх, өтгөс буурлаа дээдлэн хүндэтгэж, төрдөө ч мөн зохих хэмжээний хүндэтгэлтэй хандаж ирсэн. Олон үндэстэн ястнаас бүрдсэн учир маш баялаг соёлтой. Бидэнд маш олон янзын үнэт зүйлүүд байдаг. Үнэт зүйл гэдгийг хүн төрөлхтөн биет болон биет бус гээд 2 хуваачихдаг. Биет үнэт зүйлүүд бол ойлгомжтой. Египетийн пирамид, Амазоны ширэнгэ, Араб морьд, Герман машинууд тэр ч байтугай Сахарын цөл ч мөн адил тухайн тухайн газар орондоо үнэт зүйл нь. Монголынхоо биет үнэд зүйлүүдээс цухасхан тайлбарлая.
Үнэт зүйл 1
Бидний түүх болон газар нутаг. Төв Азийн цээжин дээр уудам нутгийг эзлэн оршиж буй 2200 жилийн доройтол, сэхэл. Түүхээ мэдэхгүй бол бид түүхэн алдаагаа дахиад л давтана. 200 жилийн дарлалыг амсаж, 70 -аад жил хүний эрхэнд амьдарсан сургамжит түүх бидэнд зөндөө бий. Хоорондоо хагаралдан бутарсан үедээ бид юуг ч хожоогүй. Гэвч бид азаар эцэг өвгөдийнхөө гал голомтыг сахин үлдэж чадсан.
Үнэт зүйл 2
Бидний соёл, зан заншил, хэл. Өглөө эртлэн босоод цайгаа чанаад уул ус, тэнгэр хангайдаа цайныхаа дээжийг өргөдөг ард түмэн монголоос өөр байдаг болов уу? Газар шороогоо гэмтээхгүйн тулд өмсдөг ээтэн хоншоортой монгол гутал монголчуудаас өөр ямар ч үндэстэнд байхгүй нь мэдээж. Баялаг их үгсийн сантай монгол хэл, тэмээг хүртэл уйлтал эгшиглэх морин хуур, наадмаар өмсөнө гээд далд хийх монгол дээл, уртын дуу, хөөмий, биелгээ гэх зэрэг хэнд ч бардам гайхуулах үнэт зүйлс азаар бидэнд байна.
Үнэт зүйл 3
Үнэт зүйл хэмээгч нь хүнгүйгээр хэрхэн бүтэх билээ. Бидний хамгийн гол үнэт зүйл бол Монгол хүн. Дэлхийн янз бүрийн орны хамгийн чухал үнэт зүйл нь хүн нь. Ийм учраас л улс болгон хүнийхээ боловсролд, эрүүл мэндэд анхаардаг болов уу.
Дээрх олон биет үнэт зүйлс бидэнд байгаа хэдий ч монгол сэтгэлгээний үнэт зүйл гэж яг юу байдаг юм бэ. Хичээлийн программ дээр хүртэл монгол сэтгэлгээний үнэт зүйлийг төлөвшүүлнэ гэсэн байх юм. Энэ нь яг юу вэ?
Монгол сэтгэлгээний үнэт зүйл бол цай өргөж байхдаа ээжийн боддог ерөөл байх, ачийг нь хариулахсан гэж боддог хүүгийн бодол байх, эх орноо манан зогсож байгаа хилийн цэргийн зүрхний цохилт байх, цэвэр агаар цээж дүүрэн амьсгалчихаад инээмсэглэх тэр нэгэн мэдрэмж байх. Бид оюун санаандаа ямар нэгэн зүйлийг хийж, түүнээсээ баясаж байгаа маань л Монгол сэтгэлгээний үнэт зүйл болж байгаа хэрэг. Дээр дурьдсан Бөртэ чоно, Гуа марал маань хүртэл домог ч гэсэн би итгэхийг л хүсдэг. Энэ бүгд нийлээд л монгол сэтгэлгээний үнэт зүйлийг бий болгож байгаа хэрэг.
Үнэт зүйл гэдэг бол хэнтэй ч юугаар ч сольшгүй хамгийн эрхэм нандин зүйлийг хэлнэ. Түүнийгээ би өөртөө байнга санаж, үргэлж эрхэмлэн нандигнаж явах бөгөөд хэнээс ч харамлаж бас хамгаалж явна. Мөн үр хойчдоо өвлүүлж үлдээх нь энэ улсыг бидэнд үлдээсэн хүмүүст төлөх ёстой өр бизээ.