Tuesday, April 22, 2014

Харж байна уу

Заа одоо харж байгаа биз дээ бүгдээрээ. 7 хоногийн өмнө солонгост хөлөг онгоц сүйрлээ. Зургийг нь харахад бол сүйрэхээргүй л найдвартай сайхан хөлөг шиг харагдаж байна. Онгоц хөвж яваад л хөмөрчихлөө. Маш олон хүмүүс үрэгдсэн үнэхээр харамсалтай осол боллоо шүү. Бүхэл үндэстэн байтугай бүх дэлхий даяараа ганц ч болтугай хүн эсэн мэнд олдоосой гэж горьдож байлаа. Гэтэл 7 хоног өнгөрөөд, одоо ч найдвар тасарч байна даа.
4 хоног Чэжүд очиж амрахаар явсан ахлах сургуулийн сурагчид үнэхээр харамсалтай. Гай газар дороос л гэж энэ шүү дээ.
Хөлөг онгоц сүйрэх үеэр онгоцны ахмад нь түрүүлж аврах завинд суусан, эмнэлэгт очоод мөнгөө дэлгээд хатааж байсан, би ахмад биш гэсэн гээд л хар мэдээнүүд японы мэдээгээр цацагдсаар л байна. Мөн Данвон ахлах сургуулийн дэд захирал нь ууланд очиж өөрийгөө боомилж амиа хорлосон гээд л. Үнэхээр өрөвдөлтэй юм. Хайран хүмүүс, хайран хүүхдүүд. 4 хоног амарчихаад л гэр гэртээ хариад өдөр тутмын амьдралаараа амьдрах байсан хүүхдүүд. Одоо цаашдаа солонгосчууд хөлгийн ахмадыг нь амьд явах аргагүй болтол нь үзэн ядах бизээ.
Зүрх зүсмээр юм болж байгаа хэмээн хэвлэлээр дүүрэн мэдээлэл байна. Ялангуяа япон солонгост дургүй учир хар мэдээнүүд яасан ч их цацдаг юм. Гэхдээ мэдээж гашуудсан, санаа зовсон мэдээнүүд явж л байна.
Одоо манай монголд яалаа, асууя. Өнгөрсөн өвөл ээж хүү 2 Сэлэнгэд усанд урсаад л яваад өгсөн. Хил гараад л алга болсон. Ээж хүний цөхөрсөн хоолойгоор ядаж хүүг минь авраач гээд хэлж байсан гэдгийг хамт явсан хүмүүсийн ярилцлаган дээрээс харсан.
Осол гэдэг тоглоом биш. Гэхдээ осол юунаас болж гардаг вэ. Яг байгалийн үзэгдэл биш бол хүнээс л болдог. Байгальд ч бас буруу өгч болохгүй. Газар хөдлөлт цүнамиг эс тооцвол ядаж цаг агаарын мэдээ сонсоод аюул ослоос урьдчилан сэргийлж болдог.
Монголд барилгаас төмөр уналаа, кран уналаа, хүн дарагдлаа, хүн уналаа гэх золгүй хэргүүд одоо ердөө байдаг л нэг үзэгдэл шиг болчих гээд байх юм. Яагаад энэ Японд тийм хэрэг ердөө гардаггүй юм бэ. Юу нь тийм өөр болчихоор ийм осол болдоггүй юм бол, монголд юу нь өөр болохоор осол бүр байнга гараад байгаа юм бэ. Ердөө л зохион байгуулалт шүү дээ. Бас шаардлага, наад захын стандарт.
Би санаж байна. Дүүтэйгээ Хөвсгөл рүү аялалаар явж байсан үе. Цаатан үзэх хөтөлбөртөө явах гээд Сүхбаатар онгоцоор явсан юм. Эрэг дээр гарахын тулд Сүхбаатар онгоцноос жижиг завинд сольж сууна. Тэр үед дүү минь усанд унах шахсан шүү. Ямар ч аюулгүй ажиллагаа байгаагүй юм байна шүү бодоод байхад. Манай аялалын зохион байгуулагч нар харин түүнийг ойлгоод тэр хөтөлбөрөө цуцалж байсан юм.
Японд "Энэ хүмүүс чинь ямар сүртэй юм бэ" гэж бодогдох хүртэл юм юмыг харгалзан үзсэн байдаг. Ингэж бодож байгаа маань би өөрөө л болоогүй байнаа гэсэн үг л дээ. Монгол нэг хүн болоогүй л байнаа гэсэн үг. Манайд солонгост болсон шиг том осол битгий болоосой, испанид болсон галт тэрэгний осол бүү болоосой. Битгий тийм осол хүмүүс гаргаасай. Эрдэнэт хүн гэж ярьдаг шүү дээ манайхан. "Эрдэнэт хүн" -ээ хамгаалахын тулд бүр юм юм шаардаарай. Ирээдүйгээ бүтээх гэж байгаа найз нар минь, хариуцлагатай байхгүй бол хөөе, харж байгаа биз дээ.