Sunday, June 16, 2013

Багшлах боловсон хүчнээ анхаарах нь


Байнга сонсогддогч ерөөсөө бодож үзээгүй зүйл өнөөдөр надад бодогдлоо. Их дээд сургуулийн боловсролын асуудал өнөөдөр тулгамдсан асуудал мөн боловч бид дунд сургуульд ач холбогдол өгөх цаг ирсэн мэт санагдаж байна. Ерөөс ганц хаягдаж байгаа салбар энэ байна гэдэгтэй маргах хүн бараг гарахгүй бизээ. Манай улс ардчилал зах зээлийн нийгэмд шилжих үеэр багш нар хамгийн бага цалинтай бүлгийнхэн болж хувирсан. Мөн хотжилтын шалтгаан ч нөлөөлсөн байгаа. Яагаад гэвэл өнөөдөр их дээд сургуулийн хуваарь хөдөөд ирэхэд хамгийн түрүүнд МУИС, ЭМШИУС, ШУТИС -ийн хуваарь дуусна. Хүмүүнлэг, ХААИС -ийн хуваарь гэх мэтээр явж байгаад хамгийн сүүлд улдсэн хуваарь болох багшийн сургуулийн хуваарийг арга буюу сонгоно. Яагаад гэвэл эцэг эх нар нь улсын сургууль сонго гэж хэлдэг учраас тэр. Тэгээд ч манай нийгэмд улсын сургууль л бол сайн гэсэн явцуу ойлголт байдаг. Ингээд дунд сургуулиа төгсөөд ирсэн сурлага нь ч сайн биш хүүхдүүд багшийн сургуульд орж ирнэ. Энэ тогтолцоо бол маш эмзэг сэдвүүдийн нэг яах аргагүй мөн. Хөдөөнөөс ирсэн хүүхэд багшийн сургуулиа төгсөөд хотын сургуульд л багшаар орно. Гэтэл хотын хүүхдүүд өнөөдөр интернэт, радио телевизээс маш их мэдээлэл авсан байдаг ба шинэ үеийн хүүхдүүд өөр зүйл сонирхож байгааг мэддэггүй. Мөн 70 жилийн турш суурьшсан соёлтой хүүхдүүдэд 4 жил хотод сургуульд сурсан хөдөөний соёлтой хүмүүс хичээл заана гэдэг нэг л авцалдаагүй мэт санагдаж байна.
Яагаад би өнөөдөр бага сургууль биш дунд сургууль гээд байна вэ. Яагаад гэвэл миний ойрын хүрээний хүмүүс ч тэр, бүр олны танил хүн ч тэр 5, 6 -р ангиасаа сурлага нь муудсаныг хүлээн зөвшөөрдөг. Тэгэхээр яах аргагүй дунд сургуулийн чанар маш муу байгаа нь ойлгомжтой харагдаж байна. Та ч гэсэн ойрын хүрээний хүнээсээ хэзээ хичээлдээ муудсаныг лавлаад үзээрэй.
Багшлах боловсон хүчин гэдэг асуудалд сүүлийн жилүүдэд манай улс анхаарах болсон ч нэг л хангалтгүй санагдаад байгааг хүлээн зөвшөөрөх бизээ. Шинэ үеийн залуусыг ирээдүйн хүмүүсийг бэлдэх багш гэдэг ажлын ямар нэр хүндтэй, ямар хариуцлагатай ажил гэдгийг сайн ойлгуулах асуудалд төр засаг маань анхаарлаа хандуулаасай гэж хүсч байна. Харин хэрхэн энэ асуудлыг шийдвэрлэх вэ?
Юуны түрүүнд Монголын залуусаа гадаадад багшийн мэргэжлээр сургахад онцгой ач холбогдол өгч, үнэхээр сайн багш болох чин хүсэлтэй залуусыг гадаадын сургуульд сурахад нь дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. 100 хувийн тэтгэлэг болон амьдрах зардлыг нь ч төрөөс хангаж өгөх хэрэгтэй болов уу. Юм л бол бас төр гэж хошуураад байж болохгүй учраас хувийн компаниуд маань ч гэсэн нийгмийн хариуцлагаа ухамсарлаж тэтгэлгийн уралдааныг хангалттай зарлах хэрэгтэй. Гадаадад боловсрол эзэмшээд эхэлвэл мэдээж өөрийн орныхоо дутагдалтай талуудыг эргэцүүлэн бодож харьцуулан дүгнэх нь ойлгомжтой. Бид хэдийгээр гадаадад ийм тийм байдгийг ерөнхийд нь гадарлах авч үнэхээр орчинд нь орсон цагт л сайн мэргэжилтэн болно. Энэ бол зүгээр миний хувийн л бодол ба Япон улсад ирээд ажиглагдаж байгаа зүйл.
Багш нарын нийгмийн баталгааг мөн маш сайн хангаж өгөх хэрэгтэй. Хамгийн гол нь цалинг нь шат дараатайгаар нэмэгдүүлэх шаардлагатай. Багш нарыгаа өнөө маргаашийн амьдралдаа бус сурагчдынхаа ирээдүйн амьдралд нь санаа тавих, сурагчидтайгаа хамт цагийг өнгөрөөх, мартагдахааргүй дурсамжийг, мэдлэгийг үлдээж чадах тийм л хэмжээнд аваачих хэрэгтэй. Багш нар өнөө маргаашдаа сатаарахааргүй болсон цагт мэдээж өөрийн мэдлэгийн хүрээгээ тэлэх цаг нь их болоод ирнэ. Ер нь энэ бол аль ч мэргэжилд адилхан болов уу. Дуртай дургүй авдаг Багшийн сургуулийн хуваарийг булаацалдаж авдаг, мэрийж байж зорилго тавьж байж авдаг тийм л салбар болгоцгооё. Энэ бол өнөөдрийн манай нийгмийн захиалга мөнөөсөө мөн. Эцэст нь хэлэхэд өнөөдөр бидэнд сонсогдоод байгаа хэргүүдтэй холбоотой тэрбум тэрбум төгрөгүүдийг багш нартаа, ирээдүйд багш болох залуустаа зориулсан бол ямар олон залуусыг гадаадад сургах, чанартай сургалтын орчин хэдийг л бол хэдийг бүрдүүлэх хангалттай мөнгө байсан гэдэгт маш их харамсаж байна.

1 comment:

  1. хээээ энэ ёстой зөв юм ярилааа шүү!!! МУБИС бол хамгийн том шалгууртай хамгийн сайн сургууль байх хэрэгтэй бас!!!

    ReplyDelete