Monday, June 17, 2013

Өглөөний хүн


Бидний өдөр яаж эхэлдэг вэ. Үргэлж "Алив урагшаа" гэж хэлүүлж эхэлдэг. Энэ үгийг хэлдэг хүн бол мэдээж кондуктор. Твиттерчид "Биднийг үргэлж урагшаа гэж хэлдэг кондукторууддаа баярлалаа" гэсэн пост нийтэлсэн байхыг хараад нээрээ л тийм байна шүү гэж бодогдсон. Гэхдээ энэ бол мэдээж ёгт утга л даа. Би кондукторууд нэг л зүйлийг сайн ойлгоосой гэж хүсдэг. Юу вэ гэвэл тэд бол бидний өглөө гэрээсээ гараад хамгийн түрүүнд шууд харьцдаг хүн. Өглөө үрчийсэн уурласан хүн таарахаар нэг л хэцүү байдаг. Өнөөгийн нийгэм хэцүү байгааг ойлгож болох ч (хэцүү ч гэж дээ харин ч сайхан зүйл рүү тэмүүлэх эрмэлзэл бий бо
лоод байна) тэгээд хэн энэ нийгмийг өөрчлөх юм бэ. Хойч үе үү. Үгүй ээ. Өнөөдөр бид л өөрчлөх ёстой. Хүн хүнээ хүндэтгэсэн, бие биедээ инээмсэглэл бэлэглэсэн нийгмийг өнөө үеийнхэн хөгшин залуугүй бүгд бүтээлцэхгүй бол дараагийн үе маань бас л үрчийсэн болох нь байна шүү дээ. Өнөө үеийн үүрэг нь тэр юм. Хааяа бас хөөрхөн ааштай гоё кондукторууд таардагийг бас үгүйсгэхгүй л дээ. Тийм кондуктор таарахаар миний баярлахыг яана, дандаа автобусанд суудагийг хэлэх үү.
Нэгэн удаа би Улаанбаатарыг гадаад хүнд танилцуулвал гэсэн эссэ бичихдээ ямар ч байсан л та бүхэн автобусанд сууж үзээрэй гэж бичсэн. Хамгийн шуурхай бөгөөд хямд унаа. Мөн дамжаад дамжаад Улаанбаатарын хаана ч хүрч болно гэдгийг бахархалтайгаар өгүүлсэн. Тийм л биз дээ.
Бас нэг гайхдаг зүйл бол аливаа нэгэн байгууллага "Инээмсэглэл" аян гэх мэт харилцааны соёлтой байлгах аянг хааяа хааяа зохиодог явдал. Ийм аян бол миний хувьд үйлчилгээний байгууллагын үргэлжийн үйл ажиллагаа байх ёстой зүйл. Хэзээ ч 1, 2 долоо хоног зохиогоод өнгөрчих зүйл биш байх ёстой хамгийн энгийн зүйл мөн билээ.
Миний бодлоор энэ бүдүүлэг бие биенээ зандачсан байдал бол социалист нийгмээс үлдсэн гаж үлдэгдлийн нэг мөн. Суувал суу байвал бай гэсэн сонин тогтолцоо тэр л үеэс гаралтай. Энэ бас хүнсний дэлгүүрүүд дээр ажиглагддаг зүйл. Тухайн үед оочерлож оочерлож худалдагч дээр ирсэн үйлчлүүлэгчидтэй ийм л маягаар бүдүүлэг харьцаж ирсэн. Оросууд бас л ийм.
Монголчууд өнөөдөр гадагшаа явах болж, өндөр хөгжсөн харилцааны соёл ямар байдгийг яваагүй байлаа ч телевиз, радио, интернэтээр мэдэх болсон учраас арай л өндөр шаардлага тавьдаг болсон байна. Өнөөдрийн зандачсан, үрчийсэн байдлыг арилгахыг хүсдэг болсон байна гэдгийг учир мэдэх хүмүүс нь тунгаамаар юм даа. Монголын нийгэм маань өөрөө соёлтой болохоо хүсээд тэмүүлээд байхад энэ эрмэлзлийг унтраамааргүй байна. Ер нь нийтийн тээвэр болоод өөр бас бус салбарыг харилцааны өндөр ёс суртахуунтай болгоход хэн анхаарах ёстой юм. Ажлаа хийгээч гэж л гуйя даа.
Нийтийн тээврийн газрыг хүнтэй зүй бусаар харьцдаг хэмээн шүүхэд өгвөл таарна. 

No comments:

Post a Comment