Sunday, September 7, 2014

МУ -ын Ерөнхийлөгч Т.Цэлмэгийн мэдэгдэлээс


Юуны өмнө намайг сонгосон нийт ард түмэн биш нэг хэсэгт нь баярлалаа. Улс төр хэмээх их айлд төрснөөсөө хойш чанагдсаар нэг мэдэхнээ 25 жилийн нүүрийг үзсэн байна. Энэ хугацаанд Монгол улс маань багагүй саад бэрхшээлийг туулсан хэдий ч амжилт ололтоор дүүрэн он жилүүдийг үдсэнийг зориуд тэмдэглэхийг хүсч байна. Өнгөрсөн хугацаанд манай улс дэлхийн хамгийн үсрэнгүй хөгжилтэй орны тоонд зүй ёсоор багтсаар ирлээ. Австралид үер болж уурхайнууд нь усанд автсан хойгуур манай улсын нүүрс маш ихээр зарагдсан бөгөөд дэлхийн зах зээл дээрх зэсийн үнэ ч бидэнд маш их боломжийг бий болгосон юм.
Ойрын хэдэн жил хийсэн хамгийн том алдаа гэвэл хэтэрхий их бэлэн мөнгө тараажээ манайхан. Чалко-д өр тавин байж иргэддээ бэлэн мөнгө тараадаг мөн гайхалтай өгөөмөр төртэй улс юм манайх. Энэхүү популист үйл ажиллагааг анхнаас нь дэмжээгүй бөгөөд ирээдүйдээ ч дэмжихгүй. Энэ өдрөөс хойш бэлэн мөнгө тараах гэсэн ямарваа нэгэн үйлдэл болгоныг эрүү үүсгэн шалгах ба хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхээ хатуухан мэдэгдье.
Ерөнхийлөгчийн ажлыг хүлээж авч байгаа энэ билэгт сайн өдрөөс эхлээд миний бие хувьдаа маш чухал гэж боддог зүйлсээ ажил хэрэг болгоно гэдгээ ард иргэд та бүхэндээ амалчихъя.
Манай улсын иргэдийн орлого үнэхээр бага байна. Дэндүү гэхэд дэндүү чамлалттай. Боломж л гарвал иргэдийнхээ цалинг нэмнэ. Цалин нэмэгдсэнээр хэрэглээ нэмэгдэнэ, хэрэглээ нэмэгдсэнээр үйлдвэрлэл нэмэгдэнэ. Цалин нэмэх болгондоо үйлдвэрлэлийг дэмжинэ. Үйлдвэрлэлийг дэмжихдээ мэдээж би жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихгүй. Жижиг дунд үйлдвэрлэгч нар минь битгий гомдоорой гэхдээ санхүүжилт хэрэгтэй бол өөрсдөө банкны зээлд хамрагдах эсвэл гадаадын хөрөнгө оруулагч нарыг татахыг миний бие та бүхэнд уриалж байна.
Хүнд үйлдвэрлэл манайд өргөжих хэрэгтэй байна. Боловсруулах үйлдвэрүүд манайд асар их хэрэгтэй байна. Түүнийг бий болгох хөрөнгө ч хэрэгтэй байна. Мөрийн хөтөлбөртөө тусгасанчлан аймаг болгоны төвд хүнд үйлдвэр дор хаяж нэгийг байгуулах зорилтоо өнөөдрөөс ажил хэрэг болгож байна. Жишээлбэл Сэлэнгэ аймагт шүдэнзний үйлдвэр, түүнийг дагасан тэсэрч дэлбэрэх бодисын үйлдвэрлэл, Дорнод аймагт нефть боловсруулах үйлдвэр, Төв аймагт шил, тольны үйлдвэр гэхчлэн үйлдвэрүүд маань шил шилээ даран төслийн ажлуудаа эхлүүлээд байна. Солонгос Хьюндай -аа хөгжүүлснээр улс нь өдий болсон гэдгийг манайхан бүгд мэднэ. Монополь эрхтэй дор хаяж нэг нэг үйлдвэрийг төрөөс дэмжин байгуулж байгаа нь бидэнд тун удахгүй үр өгөөжөө өгч эхлэх юм.
Дээрх төслүүдийг хэрэгжүүлэхэд боловсон хүчний асуудал эн тэргүүнд тавигдаж байна. Бид дотоодоосоо аль болох боловсон хүчнээ бэлтгэж байгаа ч хүрэлцэхгүй байгаа салбарт гадаадын мэргэжилтнүүдийг урьж авчран ажиллуулж байна. Ажил үнэхээр урагштай, урамтай эхэлж байгаа нь та бүхэнд анзаарагдаж байгаа байх. Юм үйлдвэрлэ, гадагшаа зар, мөнгөтэй бол гэсэн дүрмээр явцгаана.
Мөн өнөөдрөөс эхлэн бид бүхний олон жил хүсэн хүлээсэн хариуцлагын тухай шинэ хууль хэрэгжинэ. Зам тавиад 3 жилийн дотор эвдэрсэн байвал хариуцлагад татна. Дахиад шинээр зам тавиулах эсвэл санхүүжилтээ эргэн төлүүлнэ. Үүнийг би шударга ёс гэж нэрлэж байгаа. Санхүүжилтээ хэрхэн тооцож тендерт оролцох нь тухайн компаний хэрэг бөгөөд бид чанарыг л шаардах юм.
Дээрх мэт олон олон шинэ гэхэд хэцүү зүгээр л нийгмийн шаардлагууд маань хэрэгжээд явж байгааг хараад миний бие тун сэтгэл хангалуун байгаа. Иргэдийнхээ, мэргэдийнхээ үгийг сонсдог чихтэй төр манайд шинээр төрж байна. Анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа.
 

No comments:

Post a Comment