Sunday, September 29, 2013

Цавчаа

Энэ үгний утгыг одоо мэдэхгүй хүн ховор биз дээ. Анхны үгнийх нь утгыг мэдэхгүй ч гэсэн одоо хэрэглэгдэж байгаа утгыг нь бол сайн мэднэ. Аливаа нэгэн газар орж үйлчлүүлчихээд тооцоогоо хийх болоход арай л их тооцоо байвал тэнд цавчаа явагдсан байх нь бараг 70 хувьтай байх шүү. Авсан юмнууд дээр чинь ганц хоёрыг нэмж бичээд тооцоо авна л даа. Бүр аваагүй юмыг чинь ч нэмээд биччихсэн байж мэдэх.
Цавчаа бол залилан бас хулгай. Надад ингэж л ойлгогддог. За тэгээд халамцуу, согтуу хүнд бол бүр их л мөнгө нэмж бичнэ дээ. Цавчаа хамгийн их гардаг газар бол ресторан, паб, бар. Би өөрөө ч тиймэрхүү газруудаар ажиллаж үзсэн. Цавчаа хийж байгаа хүмүүсийг ч зөндөө л хардаг байлаа. Манай найзууд ч гэсэн энд тэнд ажиллаад хэрхэн цавчаа хийсэн тухайгаа надад бас гайхуулнаа. Бас тэр тэгж их мөнгө цавчсан гээд л, өдөртөө 50000 төгрөг цавчвал онигоо гэж зөөгч нар нь ярилцдаг газар байдаг гэнэ лээ. Ерөөсөө л нэг байдаг л зүйл болчихсон байгаа нь харагдаж байгаа биз. Цавчуулж үзээгүй хүн ч бараг байдаггүй биз.
Би нэг ганц жишээ татъя л даа. Би нэгэн пабд ажилладаг байлаа. Намайг ажиллаж эхлээд удаагүй байхад нэг охин шинээр орж ирлээ. Энд тэнд ажилласан туршлагаа яриад л, тэгээд ч ажилдаа сайн туршлагатай хүн өөр л байсан. Гэхдээ тэр охинтой танилцаад нилээн удаан ажиллахад энэ тэрүүгээр ажиллаж явахдаа мөнгө их цавчдаг байсан, тэр мөнгөөрөө урагшаа явж хувцас авсан гээд л гайхуулж өгч байсан даа. Тухайн үед нь "Чи ингэж болохгүй ээ, энэ чинь хулгай шүү дээ" гэж хэлэхэд "Чадаж байгаа юманд арга байхгүй ээ, ингэж л амьдардагшд" гэж хариулж байсан. Цавчаа гэдгээ хулгай гэж ойлгохгүй байгаа хүнтэй юу ч ярих вэ дээ. Олон газраар ажиллаад олон юм сурсан гэхээр арай биш, зүгээр л хулгай хийж сурсан байгаа биз.
Ер нь хүн төрөлхтөн хүмүүс дунд амьдардаг. Эргэн тойрондоо байгаа хүмүүсээ бид нийгэм гээд нэрлэчихдэг. Тэгээд хүн нь өөрөө тухайн нийгмийнхээ бүтээгдэхүүн нь болдог. Ирээдүйн хүмүүс нь ч мөн өнөөдрийн нийгмийн бүтээгдэхүүн болдог. Өнөөдөр бид л бага багаар өөрсдийгөө өөрчлөхгүй бол хэзээ ч өөрчлөгдөхгүй байж мэднэ шүү. Энэ янзаараа яваад л байна. Монголчууд маань энэ орноос 40 жилээр, тэр орноос 50 жилээр хоцорч байна гэж ярьж л байдаг. Тэгээд бид өөрчлөгдөхгүй бол улам л олон жилээр тасраад үлдчихнэ шүү. Яагаад гэвэл тэдгээр улсууд улам л сайхан зүйлсийг бүтээгээд явж байна.
Манай нийгэмд байгаа хэдэн муухай үзэгдлүүдийн нэг яах аргагүй цавчаа. Дээгүүр доогуур гэж ярихаа больё. Зүгээр л манай нийгэмд аль ч давхаргад, ямар ч газар байгаа зүйл. Байдаг л юм шиг болох гээд байгаа зүйл. Ядаж энэ нэг хулгай байдаггүй байсан бол хэсэг ч гэсэн хүнд итгэж болохоор доо. Тийм учраас цавчаа гэдэг зүйлийг бүгдээрээ үгүй хийе. Цавчаа хийж байгаа хүнд сайн ойлгуулж хэлье. Харин хэлээд ойлгохгүй байгаа хүнийг таны мөнгийг хулгайлах гэж байсных нь төлөө цагдаад өгчихсөн ч болно шүү дээ. Залилан гэх том хэргэнд ч унагаж болох биз. Гол нь энэ зүйлийг нийтээрээ жигших хэрэгтэй байгаа юм. Бид чинь одоо бие биедээ итгэдэг болмоор байна шүү дээ. Хүн л нийгмээ өөрчилж чадна. Хүн л хүмүүсээ өөрчилж чадна. Хүн өөрийгөө өөрчилж чадна.

No comments:

Post a Comment