Monday, September 9, 2013

Улаанбаатар 2040

За өчигдөрхөн 2020 оны олимпийн хот зарлагдлаа. Токио хот ч шалгарчихлаа. 1964 онд олимп авч байсан Токио бол миний одоогийн хамгийн сайн мэдэх гадаадын хот. Авах ч эрхтэй хот. Зам тээвэр нь үнэхээр сайн хөгжилтэй, хүмүүс нь найрсаг, спортод ч элэгтэй, чинээлэг газар. Дэлхийн хамгийн аюулгүйгээр шоудаж болох 10 хотын тоонд ордог юм билээ.
Хүн төрөлхтний хамгийн том баяр наадам бол мэдээж "Олимпийн наадам" бизээ. Итгэл найдвар, эрч хүч, эв нэгдлийг илэрхийлж чаддаг гайхамшигтай баяр. Улс орноо дэлхийд таниулах алтан боломж. Өнөөгийн Япон ямархуу түвшинд явж буйг 2020 онд харуулах бизээ.
Өнгөрсөн олимп Бээжинд болсон. Өнөөдрийн Хятад улс ямархуу түвшинд явж буйгаа дэлхий нийтэд таниулсан. Хөрш орных нь хүн байж би Хятадыг сайн мэдэхгүй л явж байлаа. Олимпийн нээлтийн ёслол зэргийг нь үзээд үнэхээр "Мундаг юмаа" гэж дуу алдсан. Түүх соёлынх нь тухай ч мэдлэгтэй болж авсан. Ийм л нөлөөтэй наадам юм даа.
2040 оны олимпийн наадмыг Улаанбаатар хотдоо авъя гэсэн тэмүүлэл саяхнаас манай төрийн өндөрлөгүүдийн түвшинд яригдаж эхэлж байна. Улаанбаатар хотын захирагч маань хүртэл Улаанбаатартаа авъя гэж хэлж байсан. Үнэхээр авмаар байна. Дэлхий нийтэд Улаанбаатар хотоо таниулмаар байна. Эх орондоо бүтээн байгуулалт хиймээр байна. Монгол орноо сурталчилмаар байна. Хөгжмөөр байна. Дэлхийн хүмүүсийг Монголд маань ирж мөнгөө үрээсэй гэж хүсч байна.
Олимп авахад бидэнд маш их бүтээн байгуулалт хэрэгтэй л дээ. Наад зах нь нийтийн тээвэр, спортын цогцолборууд, зочид буудлууд гэх мэт. Бас пара олимп болдог гэдгийг ч мартаж болохгүй. Тэргэнцэртэй иргэд ч хаа ч хүрч болохоор хотыг бий болгоё. Улаанбаатарт олимп болтол 27 жилийн зай байна.  Юун түрүүнд олимп авах чин хүсэл тэмүүлэлтэй болмоор байна. Туркийн Стамбул хот сая олимпийн эрхийн төлөө өрсөлдөөд ялагдлаа. Туркийн нэг хүнд ноогдох ДНБ нь $18,343 юм байна. Ийм эдийн засагтай байж өрсөлдөж байна. Мэдээж 2040 онд ДНБ бол өшөө өндөр түвшинд яригдах байх. Өнөөдөр манай нэг хүнд ноогдох ДНБ маань $4,800 ам.доллар. 2040 он гэхэд энэхүү тоог $48.000 ам.доллар болгочих юмсан. 2040 онд бид одоогийнхоос 10 дахин л их юм үйлдвэрлэж байхад болно. Их хол сонсогдож болох ч энэ бололцоогүй зүйл яав ч биш. Боломжтой зүйл шүү. Хятад улсын хувьд нэг хүнд ногдох ДНБ нь $6,073 байна. 2008 оны олимпийн үед өшөө бага байсан байж таараа. Гэхдээ л олимпийг авчихсан. Миний хувьд хятад нийт ҮНБ -нийхээ үзүүлэлтээр авсан байх л даа. Эдийн засгийн хур хүчин чадалтай орон шүү дээ.
Өнгөрсөн наадмын өдрүүдээр одоогийн "Чингис" -ийн талбай дээр болсон шоу үнэхээр залуу хүн бид бүгдэд урам өгсөн. Нэг сайхан мэдрэмж. Хүний нутагт байгаа ч энд байгаа монгол найз нөхөд маань тийм гэхийн аргагүй догдолсон. Үгээр хэлвэл урам зориг л гэх байх. Залуучууд бидэнд урам зориг, тэмүүлэл хайрлах чинь маш амархан. Хариуд нь хөөрөөд бид юуг ч хийчих байх шүү. Төрийнхөн минь, гэр бүл минь, залуучууд, найз нөхөд минь бие биедээ үргэлж сануулж байя. Яг л Тангууд улсыг мөхөөгүй гэдгийг өдөр болгон сануулж бай гэдгийн адилаар 40 оны Олимп манайх шүү гэж. 40 оны олимпийг 48,000 ам.долларын ДНБ -тэйгээр авчихъя гээд л явчихъя, өөрсөддөө итгэе.

No comments:

Post a Comment