Monday, September 23, 2013

Үүргэвчтэй аялагч гэж хараахаа боль

Манай улс сүүлийн үед аялал жуулчлалыг хөгжүүлье хэмээн ихээхэн ярих болж. Аялал жуулчлал бол маш ашигтай бизнес юм. Жуулчлалаас орж ирж байгаа орлого экспортын орлогод тооцогддог. Яагаад гэвэл мөнгө гаднаас орж ирж байгаа учраас тэр. Манай улсын аялал жуулчлал 2012 оны байдлаар 475,917 жуулчин хүлээн авч байна. Өдөрт манай өргөн уудам газар нутагт та бидэнтэй хамт 1304 (хүн амтайгаа харьцуулвал 0,00047 хувь буюу 100,000 тутамд 47 хүн/өдөр) гадаад хүн явж байдаг гэсэн үг байх нь. Хангалтгүй тоо л доо. Үүргэвчтэй аялагч л манайд орж ирэх юм, тансаг жуулчид нь хэзээ ирж Монголд мөнгөө үрэх юм гэж байна. Уг нь ингэж бодох нь зөв. Гэхдээ өнөөдөр бид өнөөгийн байдлаа бодитоор харах хэрэгтэй. Тэр баян тансаг жуулчид манайхыг арай л зорих хэмжээнд биш байна. Баян тансаг аялагч нар бол мэдээж тансаг зочид буудал, тансаг дэлгүүрүүд, тансаг бар ресторанд тухалж байгаад явна. Ядаж л тансаг зэрэглэлийн машин, нисдэг тэрэг түрээслэчих газар байхгүй шүү дээ. Ямар МИ-8 аар үйлчлэлтэй биш. Казино ч байхгүй. Гэхдээ энэ бол одоохондоо л юм.
Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл гуай саяхан японд болсон монголчуудын уулзалтан дээр хэлэхдээ "Дэлхийн бүх хотууд аялал жуулчлалын тал дээр өрсөлдөгчид" гэж хэлсэн. Нээрээ л бодоод байхад тийм л байгаа юм чинь. Тэртээ тэргүй манайх Токио, Парис, Лондон, Берлинтэй одоохондоо дүйцэхгүй учир баян тансаг жуулчид тийшээ л явна шүү дээ. Манай Улаанбаатар энэ тал дээр арай л болоогүй байгаа гэдгийг ухаарах хэрэгтэй. Бодитой харах хэрэгтэй байгаа юм.
Баян тансаг жуулчид бол мэдээж дэлхийн жуулчдын маш бага хувийг эзэлнэ. Дэлхий дээр баячууд нь цөөхөн байдаг учир. Харин дундаж давхаргын аялагчид олон байх шүү. Тэднийг л татах хэрэгтэй. Манайд онгон зэрлэг байгаль, нүүдэлчин соёл, 4 улирал гэх мэтээр хүмүүсийг татах зүйл маш олон байдаг. Миний харьцаж үзсэн япончуудын ихэнх хувь нь хэзээ нэгэн цагт Монгол заавал явна гэдэг юм. Манай улсын ганцхан уур амьсгалыг аваад үзэхэд л дэлхийн аль ч газар байдаг уур амьсгал нэгэн газарт төвлөрсөн мэт байдаг. Гэвч тал нутгийн салхи гэж ер нь энэ дэлхийн хаана ч бараг байхгүй зүйл Монголд бас байнаа. Энэ тухай монгол бадарчин Амай (Золбаяр) их ярьж, хөгжүүлэх бодолтой яваа юм байна лээ. Түүний ярилцлагуудыг эндээс үзэж болно. Ер нь үзчих хэрэгтэй.
Үүргэвчтэй аялагчид бол жинхэнэ аялагчид гэж хэлмээр байна. Э.Бат-Үүл гуайн ярьж байгаагаар бол тэд дунджаар нэг хоногт 179$ Монголд үлдээдэг гэсэн судалгаа байдаг гэсэн. 50$ байсан ч яахав дээ. Хамгийн гол нь маш ихээрээ ирэх ёстой.
Аялал жуулчлал гэдгийг хамгийн энгийнээр дараах маягаар ойлгочихвол болох байх. Зочид буудлын эзэн өрөөгөө гадны оронд зөөж аваачаад тэндээ хүн хонуулж мөнгө аваад, аль нэг дэлгүүрийн эзэн ундаагаа Америк ч юм уу, Япон ч юм уу хаа нэгэн газар аваачиж зарж байгаа гэсэн маягаар. Энэ чинь л экспорт байхгүй юу. Хөгжүүлвэл маш ашигтай. Өөрсдөөс илүү зардал гаргалгүйгээр экспорт хийж байна гэсэн үг юм уу даа.
Одоо ингээд Монголд маань энд тэнд тааралддаг үүргэвчтэй аялагчдыг бүгдээрээ 179$ явж байна гэж харж байя. Аялал жуулчлал хөгжөөд ирэхээр энэ тоо мэдээж өснө. Энэ салбар ер нь дээр дурьдсанаар маш их өрсөлдөөнтэй салбар. Ямар нэгэн зүйлээр бид үргэлж татаж байхгүй бол жуулчдын урсгал хаа нэг тийшээ шилжчихнэ. Өөр улс руу явдаг болчихно. Тийм болохоор ядаж жуулчдаа хараан зүхдэггүй байя. Үүргэвчтэй аялагч, маш бага зардал гаргачихаад яваад өгдөг гэж хараахаа больё. Ирэхэд нь сайхан сэтгэгдэлтэй буцааж байя. Сайхан сэтгэлтэй ард түмэн шүү дээ манайх чинь угаасаа.
Эцэст нь нэг юм сануулахад аль ч орны ямар ч хүн дэлхийг тойрох юмсан гэсэн мөрөөдөлтэй байдаг шүү. Зах зээл нь том байгаа биз. 7 тэрбум шүү дээ.

No comments:

Post a Comment