Saturday, September 21, 2013

Амьдралын стандарт

Хүний хэрэгцээ хязгааргүй гэдэг. Монголд тоглолтоо хийж байгаа Т-АRA хамтлагийг хүмүүс их шүүмжилж байнаа. Янз бүрийн шаардлага тавьсан л гэх юм. Биендээ хүрэхийг хориглоно гэдэг бол мэдээж энгийн шаардлага. Ямар айрагдсан соёолон хүлэг биш дээ, хэн ч хүрэхгүй л дээ уг нь. Гэхдээ хэлчихсэн л болохоос энэ чинь зүй ёсны шаардлага. Тэрэнд нь эмзэглэх шаардлага ч байхгүй. Манай Монголоос ямар нэгэн хамтлаг эсвэл дуучин гадаадад тоглолтоор явахаар бол хүмүүс өөрт нь гар хүрээд байгаасай гэж хүсэхгүй л байх.
Улс бүрт л амьдралын анхан шатны хэрэгцээнүүд байна л даа. Хэн ч үл ойшоодог ч байж л байх ёстой мэт зүйлүүд. Жишээ нь манай найзын хуучин найз охин нь гадаадын хүн байсан. "Японы энэ хэсгийн зам муухай тиймээ?" гэж хэлсэн гэж байгаа. Тэр нь гэхдээ Японы хамгийн энгийн зам байсан л даа. Монголын замтай харьцуулвал мэдээж сайхан зам байсан гэсэн. Гэтэл амьдралын стандарт нь өөр хүмүүс арай л өөр юм шаардаж байгаа юм. Зам гэдэг бол тэдний хувьд угаасаа л сайхан байдаг зүйл. Үйлчилгээ нь ч гэсэн угаасаа л сайхан байдаг. Ер нь л хүний амьдрах орчин, хүн хоорондын харилцаа зэрэг нь угаасаа л сайхан байдаг гэж боддог байх. Бараг боддог ч үгүй байх. Угаасаа байгалийн хууль гэж ойлгодог бизээ. Надад бас тохиолдсон жишээ гэвэл нэг америк найз маань Япон дахь цагийн ажлын цалинг голж байнаа. Харамч байгаа биз гэж байна. Цагийн 850 еэн. Энэ Монголд бага мөнгө биш л дээ. Австрали багш маань бас хэлж байна. "Япон нээрээ цалингаа нэмэхгүй арай л удлаа, хэцүү байгаа биз" гэж байна. Австралид бол цагийн ажил хамгийн багадаа 12$ орчим байдаг бололтой юмаа. Герман гэх мэт европын оюутнууд хүртэл Австралид суралцангаа ажил хийж, мөнгө хуримтлуулдаг гэнэ. Амьдралын өртөг өндөртэй ч гэсэн мэдээж хүрэлцээтэй, хуримтлал ч үүснэ. Иймэрхүү өртөгтэй амьдардаг учраас л гадны хөгжилтэй орон гэгчийн наад захын хэрэгцээ нь манай тансаг хэрэглээтэй бараг дүйж очиж байгаа юм.
Өнөөдөр T-ARA ирж байна. Маргааш бид бүр том оддыг урьна шүү дээ. Тэд бүр л их өндөр шаардлагатай байж таарна. Тэгэх болгонд нь дуугаа өндөрсгөөд л хараагаад байх хэрэггүй. Бид ч гэсэн ер нь шаардлагатай зүйлээ нэхэж л амьдрах хэрэгтэй. Хараагаад хэрэггүй. Сурвалжлагч нар утасгүй микрофон барих хэрэгтэй гэж хэлсэн гэсэн. Түүнийг нь бол зүгээр л орхичих. Гэхдээ л хамгийн үнэн гэвэл хөгжингүй орны хүмүүс хамгийн багадаа л ийм юм шаардана шүү. Том од бол бүр л том юм шаардана. Алтаар хийсэн суултуур ч шаардаж мэднэ. Хэрэглээ нь л тэр юм чинь. Ямар ч буруу байхгүй байгаа биз дээ.
Одоо харин манай ээлж. Амьдралын стандартаа дээшлүүлээд л байх хэрэгтэй. Манайд жишээ нь утас, машин зэрэг нь угаасаа байж л байдаг зүйл болж байгаа биз. Гэтэл Африкийн ядуу оронд юун утас, юун машин. Өглөө уух уснаасаа өөр зүйл бодохгүй байгаа хүмүүс байж л байгаа шүү дээ. Шаардуулвал уцаарлаад гэдийгээд суугаад байлгүй "Энэ чинь нээрээ хүний л хэрэгцээ шүү дээ" гэж сэтгэх хэрэгтэй. Наад захын шаардлагыг бусдад ч тавьж, өөртөө ч тавьж явсан цагт Америк, Австрали хүмүүстэй зэрэгцэх цаг хүрээд л ирнэ.
Би дандаа л мөрөөдөх юм даа. Гэхдээ боломжгүй зүйл мөрөөдөөгүй шүү. Та ч гэсэн сайхан мөрөөдөөрэй. Ингэж бичиж байгаа нь ч өөртөө байнга сануулж байх гэж бичиж байгаа хэрэг. Өөр юу өөрчилчихмөөр байна, сайхан мөрөөдөөрэй та. Биелнэ.

No comments:

Post a Comment