Wednesday, September 18, 2013

Хүн хэлээрээ, мал хөлөөрөө

Монголд хүмүүс буутай жагсаал хийж байна гэнээ. Хэдэн жилийн өмнө ингэж хэлсэн бол хүмүүс "Гайгүй байлгүй" гэх байсан биз. Би ч бас сонсоод арай үгүй байлгүй дээ гэж бодож байлаа. Гэвч харамсалтай нь тийм биш ажээ. Бүр дээр нь тэсрэх бөмбөг энд тэнд байрлуулсан байв. Дэлбэлэх гэж байсан юм болов уу даа.
Байгаль орчныхоо төлөө дуугардаг "Гал үндэстэн" гэх мэт холбоо нэгтгэлүүдэд талархах нь зүйтэй. Тэдний ачаар бид өнөөдөр уул уурхай хэрхэн манай онгон зэрлэг байгалийг минь сүйтгэж байгаа тухай мэдээлэл авдаг. Нэг талаас төр бидэнд мэдээлэл өгдөг ч гэсэн, нөгөө талаас эдгээр байгаль орчноо хамгаалах ТББ -ууд ч тэнцвэртэй мэдээлэл авахад минь тусалдаг.
Эдгээр байгууллагууд өвөг дээдсээсээ өвлөн авч үлдсэн энэ сайхан нутгаа, байгалиа сүйтгэчихгүй юмсан гэсэн зорилготой үйл ажиллагаагаа явуулж байна. Гэхдээ миний харсанаар тэд сая арай л болчимгүй үйлдэл хийлээ. Байгалиа хамгаалах нэрээр ард иргэдийнхээ амгалан тайван байдалд, хүмүүсийн амь насанд заналхийллээ шүү дээ. Тэсрэх бөмбөг энд тэнд тавьсан гэж байгаа нь үнэхээр аюултай. Байгаль орчны тухай ярих гэж байгаа бол хүний амь насанд заналхийлэх ямар хэрэг байнаа. Хичнээн улс орныхоо төлөө дуугарч байсан ч хүний амь насанд хүрвэл алуурчин, хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулвал террорист болно шүү дээ. Хүмүүс ч дургүйцнэ. Зорилгодоо хүрч чадахгүйд хүрнэ.
Улс орныхоо ирээдүйд санаа зовдоггүй хэн байхав. Дээр дооргүй л санаа зовж байна. Ганцхан УИХ -ын гишүүд, байгаль орчноо хамгаалах ТББ -ууд ч биш. Жирийн иргэн би хүртэл тогтвортой бодлоготой, гадаад дотоодод нэр хүндтэй улс шиг улс байгаасай гэж үргэлж боддог юм. Саяын болж өнгөрсөн эмх замбараагүй байдлыг яг ингээд харвал нэг хэсэг нь эдийн засгаа аврах юмсан, нөгөө хэсэг нь байгаль орчноо аврах юмсан гэсэн 2 асуудал дээр л зөрчилдөөд байгаа хэрэг шүү дээ. Үүнийг сайхан ярилцаад, хамтраад явбал болохоор л харагдаад байдаг юм. Үндсэндээ 2 асуудал зэрэг авч явна гэсэн үг л дээ. Саяын тохиолдол дээр яавч "Гал үндэстэн" зөв шийдвэр гаргасангүй. Буу шийдэм, тэсрэх бөмбөгөөр зэвсэглэж бусдыг айлган сүрдүүлнэ гэдэг угаасаа бүтэхгүй санаа.
Бидэнд бас нэг засчихмаар дутагдал харагдаад байдаг. Юм л болохоор 76 -г хараадаг, дайрч давшилдаг. Зүгээр л нэг хоосон толгойтон, юм идэж уухын дон туссан хүмүүсийг гаргачихсан юм шиг л байдаг. Төрийн ордон дотор 76 болохгүй нөхөр суугаад Монголыг зараад сууж байгаа мэтээр хардаг. Хар зах бишдээ ямар. Яалаа гэж ард түмэн тийм хүмүүсийг сонгох вэ дээ. Итгэл алдах нэгэн байх л байх. Гэхдээ бүгд биш. Улсаа хөгжүүлчих юмсан, ард иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлчих юмсан гэсэн хүсэл тэдгээр хүмүүст байлгүй л яахав. Яаж ахин нэг шат ахих уу гэж яваа нэгнээ доош нь татах үйл ажиллагаа явуулаад байх шиг харагдаад байдаг.
Одоо зэвсэг барих цаг биш ээ. Энэ хэнд ч таалагдахгүй. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэг өвгөдийн сайхан сургааль байна. Ард олныхоо амьжиргааг ч бод, амар тайван амьдрах хүрээлэн буй орчноо ч бод. Хариуцлагатай уул уурхайг бий болго. Миний бодлоор энэ л эдийн засгийн үр өгөөж талаасаа ч, байгаль орчин талаасаа ч зөв гарц юм шиг санагддаг.

No comments:

Post a Comment