Monday, August 26, 2013

Хүсэл хүчтэй шүү

Хүн ер нь нэгэн зүйлд зүрх сэтгэлээ зориулж чадах л юм бол үр дүн нь хугацаанаас л хамаардаг болдог юм байна. Ахлах сургуулиасаа эхлээд л Япон оронд суралцана гэж боддог байлаа. Ахлах сургуулиа төгсөөд тэтгэлэгт шалгалтанд тэнцээд Японд суралцана гэсэн бодол л тэр үед байсан. Ахлах сургуулиа ч төгссөн, шалгалтаа ч өгсөн тэгсэн яасан тэнцээгүй. Ер нь л өөрийгөө чадахгүй гэдгийг ойлгож ирсэн. Тийм болохоор арай гэж 3 жил сурсан Япон хэлээ мартмааргүй байсан учраас Япон хэлээ хаяхгүй дээ хэмээн бодоод Соёл-Эрдэм ДС -д орсон. Тэгсэндээ ч алдаагүй. Учир нь Японд суралцана гэсэн бодол маань сэтгэлийн мухарт минь байсаар л байсан. Тэр хүсэл маань эцсийн эцэст 3 жилийн дараа биелсэн.
Одоо бодоход би ер нь өөрийн яг ирээдүйд юу хийхээ мэдэхгүй л байна. Яг мэргэжлээрээ ажиллах юм уу гэхээр хэцүү. Ажил хиймээргүй ч юм шиг. Нэгэн хэвийн уйтгартай ч юм шиг. Гэвч эр хүний дотор эмээлтэй хазаартай морь эхнэр хүүхэдтэйгээ, Монголынхоо хөгжилтэйгээ цуг багтаад л явж байна.
Япон хэл сурч байгаагийнхаа хувьд би Японы эзэн хаанд бараалхаж хүндэтгэлийн хэллэгээр нь амар мэндийг нь асууж ярилцахыг хүсдэг, эрэгтэй хүнийхээ хувьд намайг төгс ойлгох тэр нэгэн сайхан эмэгтэйтэй гэрлэж хүүхэдтэй болохыг хүсдэг, Монгол улсын иргэнийхээ хувьд өвөг дээдсийнхээ бидэнд үлдээсэн улс эх орноо хөгжүүлж Монголчууддаа сэтгэл хангалуун амьдрахад нь хувь нэмэр болохыг хүсдэг гэх мэт өөр олон зүйлийн хувьд ямар нэгэн зүйлийг хийхийг хүсдэг. Яг л Японд заавал суралцана гэсэн шигээ одоо үргэлж бодож байгаа зүйл цаг хугацаанаас л хамаарна гэдгийг мэдээд байна. Хүсэл тэмүүлэл байвал бид юуг ч хийж чадах тийм л амьтад юм даа.

No comments:

Post a Comment