Wednesday, August 28, 2013

Найзуудаасаа суралц

Шуудай будааг цацахад зүүний ширхэгэн дээр үлдэх магадлалаар хүн бий болдог гэдэг. Бид хүмүүн болж төрсөндөө үнэхээр азтай. Өнөөдөр найзтайгаа гадаадад суралцах болон найз нөхдийн хэр чухал болох талаар жаахан хэлэлцэв.
Гадаадад суралцаж байгаа хүмүүс жаргаад л явж байгаа юм шиг санагддаг. Гэтэл бидэнд чинь байрны мөнгө, сургалтын төлбөр гэх мэтээр зовлон их шүү дээ. Ажил хийж ам тосдоно гэдэг шиг цалингаа буухыг хүлээгээд л өдөр хоногийг өнгөрөөдөг. Энэ нь гэхдээ эргээд бидэнд маш том сургамж юм даа. Ер нь оюутнууд ингэж байх нь зөв ч юм шиг. Хүн ер нь ямар нэгэн сорилттой тулахдаа л гарах гарц, шийдвэрлэх арга замыг хайн толгой нь ажиллаж эхэлдэг билээ.
Мөн бидэнд зөв үлгэр дууриал болох найз нөхөд үнэхээр чухал. Найз нөхөддөө аль болохоор муу мэдээ дуулгахгүй байсан нь дээр болов уу. Гэр бүлийн хүмүүжил хүнд мэдээж хэрэгтэй боловч бид үргэлж л найз нөхдөөсөө хүмүүжиж байдаг юм биш үү. Зөв бодолтой сайхан найзууд эргэн тойронд тань байсан цагт ямар ч хүн хэзээ ч уруудаж дордоно гэж байхгүй. Үргэлж хэн нэгэндээ хүч нэмж, урам өгч байхад л хэн хэнээ аваад л яваад байх биз. Байх биз ч биш энэ бол мэдээжийн зүйл. Найзуудаасаа үргэлж урам авч, найзууддаа урам өгч байхад хэцүү зүйлийг даваад л явчихна. Амжилтийг өөрийнхөө төлөө байлгах л болно.
Хүн юуны төлөө амьдрах ёстой вэ гэдгийг найз нь мэдчихлээ гэж би найзыгаа бичихийг хараад бахархав. Би гэр бүл ч юм болов уу гэж бодож байхад " Хайртай хүмүүстээ л аз жаргал бэлэглэж, тэднийхээ төлөө л байсан нь дээр юм байна" гэж байна. Хайртай хүмүүст маань хамгийн эхлээд зүй ёсоор гэр бүл маань орно, дараа нь найз нөхөд, хайртай охин, багш гэх мэтээр цуварч өгнө биз дээ. Эдгээр хүмүүсийн төлөө л амьдрах нь утга учиртай мэт. Миний найз ингэж л үлгэр дууриалал болж байна шүү дээ. Тэгэхээр найз нөхдөөсөө бид хүмүүждэг гэдэг нь харагдаж байгаа биз.
Эцэст нь хомосапиенс хүн бий болсон нь одоогоос 80000 жилийн тэртээ ба бидний өвөг дээдэс дунджаар 65 насалж байсан гэвэл бид чинь 1231 хүний үргэлжлэл юм байна шүү дээ. Бид зүгээр л энэ дэлхийд ирээд буцах дэлхийн настай харьцуулж ч бараг болохооргүй өчүүхэн хугацаанд амьдраад өнгөрөх өчүүхэн амьтад. Энэ л үедээ хэн хэндээ эерэг зөв энергийг өгч байх нь бидний бараг л үүрэг юм биш үү. Найзуудаа сурга, найзуудаасаа суралц найзуудаа.

No comments:

Post a Comment