Saturday, November 14, 2015

Саяхан туулсан уй гашууг мартчихаагүй баймаар

Ойрын хэдэн хоногт энэ хэвлэл мэдээллээр олигтой юм гарахаа ч байлаа. 5 дахь өдөр ажлаа тараад орой гэртээ орж ирээд интернэт оров. Бурхан минь би юу харав? Өөрийгөө шатааж байгаа Монгол хүн. Монгол хүн өөрийгөө шатаадаг л юм байна. Микрофоноо яаран шүүрч буй сэтгүүлчид, "Та дотуураа нойтон хувцастай байсан уу", "Уучихсан юм уу" гэсэн бүр нэг хөгийн дүр зураг, асуултууд.
Алалцана, сонгуулийн дараа иргэний дайн гарна, муусайн луйварчид, Элбэгдоржийг дүүжил гэчихсэн ам булаалдан ярьж байгаа аймар хүмүүс. Алалцах, цус урсахыг хүсээд байдаг ямар аймар хүмүүсээр дүүрчихвээ. Хэзээнээс, яагаад ийм зэрлэг болцгоочихов? Каддафиг ард иргэд нь чулуугаар цохиж алж байсан бичлэг интернэтээр тарж байхад ямар муухай харагдаж байлаа. 7 сарын 1 -нд монголчууд нэг нэгнээ алж байхад ямар их уй гашуу бүрхэж байв. Дөнгөж саяхан туулаад гарсан их уй гашууг давтана гээд бодож явж яавч болохгүй. Алалцаж, цус урсаж байхад асуудал шийдэгддэг гэдэг юу л бол? Манай нийгэм нүдэн дээр минь их хүйтэн, их зэрлэг талруугаа яваад байна. Өтгөсүүд нь хүртэл ална хядна гэж ярьж байхад 16 -тай хүүхдүүд Элбэгдоржийг дүүжлэнэ гэж ярихаас яах вэ? 
Яахав өнөөдөр нийгмийн байдал хүнд байна. Энэ чинь ганцхан төр засгийн буруу үйл ажиллагааны үр дүн ч биш. Дэлхий дээр үнэ нь унасан байгаа түүхий эдийн үнийг яаж ч чадахгүй шүү дээ. Төр засгийн буруу үйл ажиллагаа юм бол мунхаг иргэд чи болон би л буруутай. Өмнөх, өмнөх 76 -г өөрсдөө сонголцоогүй юм шиг аймар юм ярьж суухаа больё. Одоо хүндэрч байгаа эдийн засаг ирээдүйд үсрэн цойлох үзүүлэлтийн эхлэл шүү. Бид маш их зүйл суралцаж байна. Авсан зээлүүдээрээ хийсэн бүтээн байгуулалтууд бидний амьдралд шууд л өгөөжөө өгч байна. Тэр их тавиад байгаа өрөөр чинь хувийн хэвшлүүд эхнээсээ томоохон үйлдвэрүүд ашиглалтанд оруулаад явж байна. Болж бүтэж байгаа зүйлс олон байна шүү. Эерэг мэссэжүүд манай нийгэмд дутагдаад байна, эерэг сэтгэлгээтэй залуус ховордоод байна. Ирээдүйдээ итгэлгүй болоод байна. Ирээдүйдээ итгэлтэй, сайхан амьдрах мөрөөдөлтэй, түүнийхээ төлөө бид зогсолтгүй суралцаж, хийж бүтээсэн цагт нөгөө сайхан ирээдүй, сайхан бүхэнд хүрч чадна. Үүнийг би хэлдэг юм биш. Жэк Ма, Х.Баттулга гээд л та нарын жишээ авдаг өөрсдөө туулаад гарсан олон хүмүүс хэлдэг юм даа. Бие биедээ эерэг энерги өгөхөд чи яаж чадахаар байна түүнийгээ л хийе. Нэг өдрийн ядаргааг тайлтал инээмсэглэдэг хүмүүс байдаг. Нэг цагийн бухимдлыг мартуулж чаддаг үйлдэл байдаг. Тийм л үйлдлүүд уншиж байгаа чамаас болон бичиж байгаа надаас дутсанаас болж нийгэм маань хүйтэн цэвдэг болох нь. Эцсийн эцэст Монгол минь Сири шиг болчихсон байвал чи бид 2 л өөрсдийнхөө үргэлжлэлд өртэй хоцроно. Эцэст нь Кока-Кола ны мундаг агуулгатай сурталчилгааг үзэхийг санал болгосноор энэ бичлэгээ дуусгая. Энд дарж үзээрэй.

No comments:

Post a Comment