Sunday, November 18, 2012

Манай юм бол Манай л юм

Монголд В.И.Ленины хөшөөг буулгажээ. Үүнд хүмүүс янз янзаар хандаж байна. Зарим нэг хүмүүс манай гадаад нэр хүнд уналаа энэ тэр гэнээ. Улс дотроо байгаа зүгээр л нэг хөшөөг буулгахаар манай гадаад нэр хүнд уначихдаг юм байлгүй. Бидний хөшөөгөө буулгана уу буцаагаад барина уу ер нь хэнд хамаатай юм. Бараг л Хятад, Орос 2 -той зөвшилцөж байж буулгах ёстой байсан юм гэж байна. Манай улс тусгаар улс юм уу автономит улс юм уу ер нь юу юм. Арай ч дээ. Ийм биеэ даасан шийдвэр гаргаж чадахгүй арчаагүй хүмүүс байдаггүй юм болов уу гэсэн чинь байдаг л юм байна. 1945.10.20 -ны бүх нийтийн санал асуулгаар бидний өвөг дээдэс, эмээ өвөө нарын хэн нь ч Хятадын колони гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй юм шүү гэдгийг сануулах нь илүүц биз. Санал хураалтын ирц түүхэн дэх хамгийн өндөр хувь буюу 98.4 хувийн ирцтэй байсан гэдэг. Өнөөдрийн манай Монгол улс их гүрнүүдийн аливаа дээрэнгүй бодлогыг хүлээн зөвшөөрөхгүй байх хэрэгтэй. Монголын тал шатахуунаа хямдруулаад өгөөч гэхээр Оросын тал Монголд заавал 100 шатахуун түгээх станц барина, тэгвэл хямдруулж болно гэсэн ийм дээрэнгүй үзлийн эсрэг байх хэрэгтэй. Миний хувьд даяарчлалыг бүрэн дэмждэг ч бас тодорхой хэмжээнд Дангаарчлал байх хэрэгтэй. Улс оронд болж буй үйл явдал манай улсын иргэдэд ашигтай, хүний эрхийг зөрчөөгүй байвал гадны улсуудад ямар ч пад байхгүй. Тэглээ гээд Монголчууд гадны иргэдийг хэзээ ч ад үздэггүй. Маш сайхан жишээ бол Дэлхийн II дайны үед Монголчууд ЗХУ -д тусламжийн ээлжит цуваагаа явуулах гэж байхад нэгэн эмээ "Ялж байгаа Зөвлөлтийн талд хонь, ялагдаж байгаа Гитлерийн Германы талд үхэр өгнөө" гэж хүртэл ярьж байсан байдаг. Арьс өнгөөр ялгаварлах үзэл, бусдаар боолын хөдөлмөр хийлгэх зэрэг нь Монголын түүхэнд хэзээ ч байгаагүй. Энэ бол Монгол хүний онцлог. Монгол соёл. Одоо ч гэсэн бид дэлхийн тавцан дээр нэр хүнд маш сайтай байдаг. Монгол улс маань аливаа зүйлд ажиглагч байр сууринаас эсвэл зуучлагч байр сууринаас хандсаар ирсэн. Өнөөдөр гэхэд л Хойд Солонгос, Япон улсуудын уулзалт манай улсад болж байна гэж байна. Тэд эмзэг асуудлуудаа Монголын талын оролцоотойгоор ярилцаж байна. 
Манай Монгол орон бол тийм том орон бишээ. Бид 2 их хөршийнхөө дунд найрсгаар, учир зүйгээ олоод амьдарч болоод л байна. Цаашдаа ч найрсаг харилцаа маань үргэлжлэнэ гэдэгт ч итгэлтэй байна. Харин зарим нэг зөвхөн манай оронд л хамаатай асуудлуудыг дэвэргэлгүй өөрсдийнхөө шийдвэрээр хийчихэж байя. Бид хэдхэн жилийн дараа хөгжингүй орон болохын цагт буурай хөгжилтэй мөн бидэнд чин сэтгэлээрээ тус болж явсан бусад улс үндэстнүүддээ ямар их туслах болоо. Монгол бол их зөөлөн, их өрөвч, их эрмэлзэл дүүрэн улс юм шүү.
Эцэст нь аливаа нэг хүн та хаанахын хүн бэ гэж асуувал эргэлзээ тээнэгэлзээ байхгүйгээр "Би Монгол хүн" гэж хэлэхдээ дотроо "Би тусгаар Монгол улсын эрх чөлөөт иргэн, зарим нэг зүйлээ хэнээр ч заалгахгүй хийчих чадвартай ухаалаг хүн" гэж шивнэж байя.

No comments:

Post a Comment