Wednesday, August 28, 2013

Найзуудаасаа суралц

Шуудай будааг цацахад зүүний ширхэгэн дээр үлдэх магадлалаар хүн бий болдог гэдэг. Бид хүмүүн болж төрсөндөө үнэхээр азтай. Өнөөдөр найзтайгаа гадаадад суралцах болон найз нөхдийн хэр чухал болох талаар жаахан хэлэлцэв.
Гадаадад суралцаж байгаа хүмүүс жаргаад л явж байгаа юм шиг санагддаг. Гэтэл бидэнд чинь байрны мөнгө, сургалтын төлбөр гэх мэтээр зовлон их шүү дээ. Ажил хийж ам тосдоно гэдэг шиг цалингаа буухыг хүлээгээд л өдөр хоногийг өнгөрөөдөг. Энэ нь гэхдээ эргээд бидэнд маш том сургамж юм даа. Ер нь оюутнууд ингэж байх нь зөв ч юм шиг. Хүн ер нь ямар нэгэн сорилттой тулахдаа л гарах гарц, шийдвэрлэх арга замыг хайн толгой нь ажиллаж эхэлдэг билээ.
Мөн бидэнд зөв үлгэр дууриал болох найз нөхөд үнэхээр чухал. Найз нөхөддөө аль болохоор муу мэдээ дуулгахгүй байсан нь дээр болов уу. Гэр бүлийн хүмүүжил хүнд мэдээж хэрэгтэй боловч бид үргэлж л найз нөхдөөсөө хүмүүжиж байдаг юм биш үү. Зөв бодолтой сайхан найзууд эргэн тойронд тань байсан цагт ямар ч хүн хэзээ ч уруудаж дордоно гэж байхгүй. Үргэлж хэн нэгэндээ хүч нэмж, урам өгч байхад л хэн хэнээ аваад л яваад байх биз. Байх биз ч биш энэ бол мэдээжийн зүйл. Найзуудаасаа үргэлж урам авч, найзууддаа урам өгч байхад хэцүү зүйлийг даваад л явчихна. Амжилтийг өөрийнхөө төлөө байлгах л болно.
Хүн юуны төлөө амьдрах ёстой вэ гэдгийг найз нь мэдчихлээ гэж би найзыгаа бичихийг хараад бахархав. Би гэр бүл ч юм болов уу гэж бодож байхад " Хайртай хүмүүстээ л аз жаргал бэлэглэж, тэднийхээ төлөө л байсан нь дээр юм байна" гэж байна. Хайртай хүмүүст маань хамгийн эхлээд зүй ёсоор гэр бүл маань орно, дараа нь найз нөхөд, хайртай охин, багш гэх мэтээр цуварч өгнө биз дээ. Эдгээр хүмүүсийн төлөө л амьдрах нь утга учиртай мэт. Миний найз ингэж л үлгэр дууриалал болж байна шүү дээ. Тэгэхээр найз нөхдөөсөө бид хүмүүждэг гэдэг нь харагдаж байгаа биз.
Эцэст нь хомосапиенс хүн бий болсон нь одоогоос 80000 жилийн тэртээ ба бидний өвөг дээдэс дунджаар 65 насалж байсан гэвэл бид чинь 1231 хүний үргэлжлэл юм байна шүү дээ. Бид зүгээр л энэ дэлхийд ирээд буцах дэлхийн настай харьцуулж ч бараг болохооргүй өчүүхэн хугацаанд амьдраад өнгөрөх өчүүхэн амьтад. Энэ л үедээ хэн хэндээ эерэг зөв энергийг өгч байх нь бидний бараг л үүрэг юм биш үү. Найзуудаа сурга, найзуудаасаа суралц найзуудаа.

Tuesday, August 27, 2013

Битгий гоочил

Гадаадаас ирчихээд эх нутгаа битгий муул, битгий гоочил. Миний эх орон шиг сайхан улс хаана ч байхгүй. Манай Монголчууд шиг сайхан сэтгэлтэй хүмүүс ч ховор. Бид өөрсдийгөө бусадтай харьцуулж байж дутагдалтай талаа мэдэж авцгаадаг. Манай Монгол ерөнхийдөө хөгжлөөр тааруу гэдгийг бид бүгдээрээ л мэдэж байгаа. Хийх юм бидэнд ямар их байгаа юм бэ. Үнэхээр сайхан. Энэ цаг үед амьдарч байгаадаа би л хувьдаа баярладаг. Хөгширсөн хойноо ач зээ нартаа "За өвөөг нь залуу байхад Монгол маань ийм байсаншд, тухайн үедээ хэцүү л байсан одоо ийм сайхан болж" гээд л ярьвал ямар уу. Янзтай байгаа биз төсөөлөхөд л.
Миний мэдэхээр Япон залуус бидэнд их атаархдаг. Та бүхэнд хийх хүсэл зориг, боломж бололцоо ямар их юм бэ гэж.
Нүдэндээ галтай Монгол залуучууд ч үнэхээр сайхан шүү. 3-хан саяуулаа өргөн уудам газар нутгийг эзлэн суудаг ер нь манайхаас өөр ийм азтай улс байна уу. 20 -хон жилийн дотор манайх шиг хурдацтай хөгжиж байгаа улс ч ховор. Мундаг мундаг манай монголчууд ер нь мундаг.
1988 онд анх монголд очсон нэгэн япон эмэгтэйтэй ярилцаж нэг өдрийг өнгөрөөсөн. Дэлгүүрт нь юу ч байхгүй, онгоцны буудлаас нь дусаал гоожсон тийм л улс угтсан гэсэн хэхэ. Япон хэлтэй онгоцны үйлчлэгч байхгүй тэр эгчийг гуйж онгоц газардлаа гэсэн зарлал хэлүүлсэн гэж байгаа. Бидэнд ийм цаг үе байсан. Одоо харин өдөр ирэх тусам Монгол маань өөрчлөгдөж байна. Сайхан болж байна. Бүр сайхан болгохын тулд бид бүгдээрээ одоо хичээх л үлдэх шив дээ. Угаасаа хийх хүсэл зориг нь хангалттай байгаа тийм сайхан үе байна.
Гадаадаас битгий муулаарай, гадаадаас ирчихээд битгий гоочлоорой.

Monday, August 26, 2013

Хүсэл хүчтэй шүү

Хүн ер нь нэгэн зүйлд зүрх сэтгэлээ зориулж чадах л юм бол үр дүн нь хугацаанаас л хамаардаг болдог юм байна. Ахлах сургуулиасаа эхлээд л Япон оронд суралцана гэж боддог байлаа. Ахлах сургуулиа төгсөөд тэтгэлэгт шалгалтанд тэнцээд Японд суралцана гэсэн бодол л тэр үед байсан. Ахлах сургуулиа ч төгссөн, шалгалтаа ч өгсөн тэгсэн яасан тэнцээгүй. Ер нь л өөрийгөө чадахгүй гэдгийг ойлгож ирсэн. Тийм болохоор арай гэж 3 жил сурсан Япон хэлээ мартмааргүй байсан учраас Япон хэлээ хаяхгүй дээ хэмээн бодоод Соёл-Эрдэм ДС -д орсон. Тэгсэндээ ч алдаагүй. Учир нь Японд суралцана гэсэн бодол маань сэтгэлийн мухарт минь байсаар л байсан. Тэр хүсэл маань эцсийн эцэст 3 жилийн дараа биелсэн.
Одоо бодоход би ер нь өөрийн яг ирээдүйд юу хийхээ мэдэхгүй л байна. Яг мэргэжлээрээ ажиллах юм уу гэхээр хэцүү. Ажил хиймээргүй ч юм шиг. Нэгэн хэвийн уйтгартай ч юм шиг. Гэвч эр хүний дотор эмээлтэй хазаартай морь эхнэр хүүхэдтэйгээ, Монголынхоо хөгжилтэйгээ цуг багтаад л явж байна.
Япон хэл сурч байгаагийнхаа хувьд би Японы эзэн хаанд бараалхаж хүндэтгэлийн хэллэгээр нь амар мэндийг нь асууж ярилцахыг хүсдэг, эрэгтэй хүнийхээ хувьд намайг төгс ойлгох тэр нэгэн сайхан эмэгтэйтэй гэрлэж хүүхэдтэй болохыг хүсдэг, Монгол улсын иргэнийхээ хувьд өвөг дээдсийнхээ бидэнд үлдээсэн улс эх орноо хөгжүүлж Монголчууддаа сэтгэл хангалуун амьдрахад нь хувь нэмэр болохыг хүсдэг гэх мэт өөр олон зүйлийн хувьд ямар нэгэн зүйлийг хийхийг хүсдэг. Яг л Японд заавал суралцана гэсэн шигээ одоо үргэлж бодож байгаа зүйл цаг хугацаанаас л хамаарна гэдгийг мэдээд байна. Хүсэл тэмүүлэл байвал бид юуг ч хийж чадах тийм л амьтад юм даа.

Monday, August 5, 2013

Ерөнхий сайд болон дагаж явсан хүмүүсийнх нь мөнгийг буцааж өг

Хөөрхий ерөнхий сайд маань өнгөрсөн өвөл баахан хүмүүстэй цасан шуурганд төөрөөд сүйд болсон билээ. Нисдэг тэрэг очиж авраагүй бол 70 хүний амь яах ч байсан юм билээ. Би хувьдаа тэднийг аварсан гэдгийг сонсоод баярлаж суув. Гэтэл хэд хоногийн дараагаас аварсан мөнгөө нэхээд эхэлдэг юм байна. Ёстой гайхсан. Одоо хэрвээ би цасан шуурганд төөрөөд, онцгой байдлынхан ирж аварлаа гэж бодоход дараа нь надаас нисдэг тэрэгний бензиний мөнгө нэхэх нь л дээ. Яасан ч арчаагүй юм. Нисдэг тэрэгний зардлыг төлүүлье гэж залуу.ком анхлан санаачиллаа гэж солиорч байсан. Намайг төөрвөл битгий нисдэг тэргээр хайгаарай бурхан минь. Ууланд морозко болсон нь дээр байх. Монгол улсын иргэн амьд байх дархан эрхтэй шүү гэж хэлье. Ажлаа ч хийж явсан, амарч зугаалж явсан ч иргэнээ аврах л ёстой. Шал согтуу ч байсан, шал ядуу ч байсан, ер нь ямар ч байсан хүн л бол аврах л ёстой. Монгол улс иргэнээ авраад мөнгө нэхээгүй нь сайн хэрэг. Харин юм болгоныг улс төржүүлдэг сэжиг хүрмээр зантай хэсэг нөхдүүдийн хийсэн ээлжит ажил. Муухай биз дээ та хэдийг аварчихаад мөнгө нэхвэл.
Сэлэнгэд осолдсон эх хүү 2 бидэнд маш том сургамж үлдээгээд явсан. Тэднийг хэрвээ нисдэг тэргээр аварсан байсан бол яасан сайхан бэ. Энэ тал дээр улс маань аль хэдийн бодоод эхэлчихсэн гэдэгт найдаж байна.